Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

"Г. Д.Санжеев багшаар монгол бичиг заалгасан би азтай хүн"

Зууны мэдээ
2017 оны 10 сарын 3
Зууны мэдээ
Зураг зураг

Оросын шинжлэх ухааны академийн Дорно дахин судлалын хүрээлэнгийн Монгол, Солонгос судлалын тасгийн Монгол судлалын хэлтсийн эрхлэгч В. В. Грайворонскийн Монгол судлал, монголчуудын тухай ярьсан сонирхолтой ярилцлагыг хүргэж байна. Владимир Викторович Грайворонский бол Монголын талаар маш олон удаа судалгаа хийсэн нэрт монголч эрдэмтэн төдийгүй Монгол дахь ЗХУ/хуучин нэрээр/-ын Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга, зөвлөхөөр олон жил ажилласан нэрт дипломатч билээ.

-Владимир Викторович Та анх Монгол судлалтай хэрхэн холбогдов?

-Би дунд сургуульд суралцаж байхдаа түүхийн хичээлээс монголчуудын тухай, Чингис хааны тухай анх мэдэж авсан.
1954 онд Харьковт дунд сургуулиа мөнгөн медальтай төгсөж Москвагийн Олон Улсын харилцааны дээд сургуульд элсэн орсон. Тэнд Дорно дахины факультетын Монгол судлалын ангид элссэн.

1960 онд сургуулиа төгсөөд Гадаад хэргийн яаманд ажилд орох гэсэн боловч чадаагүй, яагаад гэвэл би Москвагийн иргэн биш байсан. Тэгтэл Комсомолын дээд сургуульд монгол хэлний орчуулагчийн орон тоо байгаа тухай олж мэдсэн. Тэр үед Монголоос жил бүр 20 хүн залуучуудын байгууллагын шугамаар мэргэжил дээшлүүлэхээр ирдэг байв. Тэдний орос хэлний мэдлэг сул байсан тул орчуулагч хэрэгтэй байсан юм. Ингээд 1966 он хүртэл тус сургуульд орчуулагчаар ажилласан.

-Та Олон улсын харилцааны дээд сургуульд байхдаа монгол хэл сурч байснаа яриач. Монгол бичгийн хичээлийг хэддүгээр дамжаанаас ямар багш заадаг байв?

-Тийм ээ. 1954-1960 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуульд монгол хэлний ангид суралцаж байхад олон эрдэмтэн, багш бидэнд монгол хэл, бичиг зааж байсан. Бидэнд нэгдүгээр курсээс л монгол бичиг заасан. Оросын нэрт эрдэмтэн, хэл шинжлэлийн ухааны доктор Гарма Данцаранович Санжеев бол миний монгол бичгийн багш байлаа.

Багш маань буриад хүн л дээ. Тэр монголоор их сайхан ярьдаг, бичдэг, агуу мэдлэгтэй хүн байж билээ. Би одоо хэр нь монгол бичгээ мартаагүй, Санжеев багшийг маань хэл судлалын өмнө тулгарсан асуудлаар И.В.Сталинд захидал бичиж байснаар нь олон түмэн мэдэх болсон.

-Владимир Викторович, та эрдэмтэн болсон тухайгаа ярина уу?

-Би зургаан жил орчуулагчаар ажиллаж монгол хэлэнд нэлээд сайн болсон. Тэр үед бас түүх их сонирхох болсон. Ингээд эдгээрийг нэгтгэн шинжлэх ухаан руу орохоор шийдсэн. 1966 онд би тэр үеийн Азийн орнуудын институт гэж байхад ажилд орсон. Тэнд байхдаа бас л Монголын төлөөлөгчдөд орчуулга хийж, дагалдаж явдаг байв. Олон монгол хүнтэй танилцаж, тэдэнтэй найз нөхөд болсон. Намайг Комсомолын сургуулиас мэдэх нь “Багшаа” гэдэг байв. Хожим Монголд очиход тэд намайг халуун дулаан хүлээн авч, хариу барьж байлаа. Ийм олон жил нөхөрлөсөн сайн найз нөхөд надад олон бий.

Би 1975 онд “ Нүүдлийн амьдралын хэв маягаас суурин амьдрал руу шилжих нь БНМАУ-ын жишээн дээр” гэсэн сэдвээр түүхийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалсан. Нэг удаа Их хурлын индрээс би “Одоо бүх монголчуудыг нүүдэлчин гэж нэрлэж болохгүй шүү” хэмээн үг хэлж байснаа санаж байна. Дараа нь сэдвээ “Амьдралын хэв маягийн ба амьдралын түвшний өөрчлөлт” гэж өргөжүүлж байснаа санаж байна. Харин докторын зэргийг “Ойрдын нийгмийн тулгамдсан асуудлууд 1970 -аад оны дунд үе хүртэл” сэдвээр хамгаалсан. Ер нь Монголын түүхэнд нэгдэлжих хөдөлгөөний үе их хүнд байсан юм шүү.

-Та Монголын тухай хэдэн ном бичив?

-Би зургаан ном бичсэн. Хамгийн сүүлд “XXI зууны эхэн үеийн Монгол улс төр, эдийн засаг ба нийгэм” номоо хэвлүүлсэн.

-Анх Монголд ирэхэд Улаанбаатар хот ямар байсан бол. Таны сэтгэлд үлдсэн байгаа даа?

-Бид V курсээ төгсөөд 1959 оны тавдугаар сард анх Монголд очсон. Түүнээс хойш Монголд олон удаа материал цуглуулах болон Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал, Монголч эрдэмтдийн их хурлууд, семинарт ирж байна. Улаанбаатарын хамгийн өндөр барилга Гандантэгчинлэн хийд байсан. Түүнээс хойших хугацаанд Монгол Улс үсрэнгүй хөгжсөн. Ялангуяа, хот байгуулалтын салбарт.

Монгол Улс Дундад зуунаас орчин үе хүртэл тэр их тасархайг даван туулж чадсан бөгөөд үндэсний аж үйлдвэр, хөдөө аж ахуй, тусгайлсан боловсрол, соёл, эрүүл мэндийн салбаруудыг амжилттай хөгжүүлж чадсан юм. Монголын олон сэхээтэй Орост мэргэжил эзэмшсэн. 500 мянган орос мэргэжилтэн танай орны бүтээн байгуулалтад оролцож байсан.

-Та нэрт эрдэмтэн төдийгүй нэрт дипломатч хүн. Монголд ажиллаж байв уу ?

-Би Монгол дахь ЗХУ -ын Элчин сайдын яаманд Гадаад явдлын яамны томилолтоор ЭСЯ-ны Нэгдүгээр нарийн бичгийн дарга, Зөвлөх зэрэг албан тушаалд хоёр удаа томилогдож, нийт 10 жил ажилласан. Би Соёл, боловсрол, эрүүл мэнд,спортын асуудал хариуцан ажиллаж байлаа. Монголд 1982-1988 онд, хоёр дахь удаагаа 1996-2000 онд дипломатаар ажилласан.

-Одоо та Оросын шинжлэх ухааны академийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн Монгол, Солонгосын секторын, Монголын хэлтсийн даргаар ажиллаж байна. Та Оросын Монгол судлалын талаар ямар бодолтой явдаг вэ?

-Сонирхуулахад, монгол судлал Москвагаас хальж тэлж байна, мөн Монгол судлал залуужиж байна . Москва, Санкт-Петербург, Элстэй болон Буриадад Монгол судлалын томоохон төвүүд ажиллаж байна. Тувад бас салбар байна. Энэ сайшаалтай хэрэг шүү. Мөн Новосибирскт Монголын эртний түүхийг судалж байна. Ер нь бол Орост хэдэн зуун хүн монгол судлалаар идэвхтэй ажиллаж байна.

Харин манай хэлтсийн хувьд гэвэл нэртэй эрдэмтэд маань нас өндөр болсны улмаас гавьяаныхаа амралтад суусан. Г.И.Слесарчук, С.К.Рощин,Ш.Г.Надиров зэрэг. Манай залуу эрдэмтэн Максим Мещанинов Монгол Улс дахь ОХУ-ын ЭСЯ-нд дипломат алба хашиж байгаа. Одоо бид зургуулаа ажиллаж байгаагийн нэг нь гэрээгээр давхар ажилладаг. Манай  нэрт эрдэмтэн Марк Исаакович Гольман нас сүүдэр 90 хүрсэн, тэр маань бидний дунд хамгийн өндөр настай нь. Залуучууд Япон, Хятад, Энэтхэг орнуудыг илүүд үзэж байна. Гэхдээ Монгол орныг үнэн голоосоо сонирхож байгаа тийм хүмүүс таардаг юм, цөөн ч гэсэн байдаг. 

-Өнгөрсөн дөрөвдүгээр сард та 80 хүрлээ. Би танд баяр хүргэтэл та 160 хүрсэн гэж билээ. Энэ тухайгаа тайлбарлаж өгөөч. Их сайхан мэдээ дуулгасан даа...?

-Миний гэргий Алла Андреевна надтай нэгэн адил 1937 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр төрсөн юм. Бид хоёр 58 жил хамт амьдарч байна. Алла маань миний адил Харьковын хүн, бид хоёр 1949 онд тавдугаар ангийн сурагч байхдаа танилцсан. Тэр үед эрэгтэй, эмэгтэй хүүхдүүд тусдаа сургуульд явж байсан юм. Бид хоёр манай сургуулиудын сайн дурынхны хамтарсан жүжиг тавих үеэр анх танилцсан юм. Эхнэр маань 1982-1988 онд Зөвлөлтийн “СОТ-3” барилгын трестэд ажиллаж байсан. Барилгын инженер мэргэжилтэй. Бид Виктор, Андрей нэртэй хоёр хүүтэй, хоёр ач охинтой, бас нэг гуч охинтой. Ийм нэг өнөр өтгөн гэр бүлээрээ бид сайхан амьдарч байна даа.

Бид 2017 оны дөрөвдүгээр сарын 4-нд 80 насныхаа ойг үр хүүхэд, төрөл садан, найз нөхдийнхөө хүрээнд сайхан ёслон тэмдэглэсэн. Тэр 160 насны ой гэдэг чинь бид хоёрын насны нийлбэр тоо юмаа. 160 насны ийм л нэг сайхан баярыг манай гэр бүл энэ жил тэмдэглэсэн дээ

-Владимир Викторович! Цаг зав гаргаж уулзсан танд их баярлалаа. Танд болон таны гэргий Алла Андреевна Грайворонскаяд урт насалж, удаан жаргахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!

 

А.Огторгуймаа

Зураг