Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын засгийн газар iPhone-ий FM радиог идэвхжүүлэхийг Apple-аас шаарджээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 10 сарын 2
IKON.MN
Зураг зураг

АНУ-ын харилцаа холбооны зохицуулагч байгууллага FCC үйлдвэрлэсэн гар утасныхаа дотор нуугдсан FM хүлээн авагчийг идэвхжүүлэхийг Apple компаниас шаарджээ.

Учир нь сүүлийн үед АНУ-д байгалийн гамшиг дараалан тохиолдож, онцгой үед олон нийтэд шуурхай мэдээлэл түгээх хамгийн найдвартай суваг нь FM радио болоод байгаа юм. Ухаалаг гар утаснууд бараг бүгд дотроо FM хүлээн авагч чип агуулдаг ч зарим нь үүнийг идэвхжүүлдэг, зарим нь идэвхжүүлдэггүй юм байна.

Харин Apple компани FCC-ийн шаардлагад хариу өгөхдөө сүүлийн iPhone 7 ба iPhone 8 загваруудад FM чип суурилагдаагүй болохыг мэдээлжээ. Мөн тэд радиогоос өөр шуурхай мэдээлэл хүргэх арга замуудыг захидалдаа дурдсан байна. FM радио чипийг идэвхжүүлдэггүй ганц компани нь Apple тул FCC ийнхүү хандсан юм байна. Гэтэл Apple-ийн гар утаснууд АНУ-ын ухаалаг гар утасны зах зээлийн хамгийн том буюу 40 орчим хувийг эзэлдэг.

Өнгөрсөн сард тохиолдсон хар салхины үеэр Пуэрто Рико, Виржин арлуудад гар утасны сүлжээ бүхэлдээ устаж, зөвхөн FM радио станц цорын ганц мэдээлэл хүргэх суваг болж байжээ.

FM чип нь өөр зориулалтын эд ангийн нэг хэсэг болж гар утаснуудад суурилагддаг ч сүүлийн үеийн үйлдвэрлэгчид үүнийг ашиглалгүй сул орхидог болсон юм.

FCC-ийн шаардлагын дагуу өмнөх iPhone-ий загваруудынхаа FM радиог Apple идэвхжүүлэх болсон эсэх нь одоогоор мэдэгдээгүй байна.

 

Эх сурвалж: Independent