Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

Каталон vs. Испани: Тусгаар тогтнох шалтгаан

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 10 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Каталониа мужийн байршил

Испаний зүүн хойд муж Каталон тусгаар тогтнох хүсэлтэй байгаагаа өчигдрийн санал асуулгаар харуулсан. Мадрид харин Каталоноос салах хүсэлгүй байгаагаа хууль, цагдаагийн хүч хэрэглэж харууллаа.

Испани ба Каталон яагаад зөрчилдөх болсныг зарим баримтаар тайлбарлая.

Нэг үгээр хэлбэл Каталон нь Испаний хамгийн баян муж, бас соёлын хувьд ялгаатай үндэстэн юм. Хэл соёл, амьдралын хэв маяг, хоол унд, ажиллах арга барил гээд олон зүйлээр ялгаатай.

Тухайлбал:

  • Испаний хамгийн том хоёр хот нь Мадрид ба Барселон. Мадрид нь Испаний нийслэл бол Барселон нь Каталоны нийслэл.
  • Каталан хэл нь Испани хэлнээс өөр. Испани хэлний дэд аялга биш. Испани, Португал хэлнээс илүү Франц, Итали хэлтэй илүү ойр. Хил залгаа Франц улсад ч Каталанчуудын муж оршдог. Нийслэл Барселонд хүмүүс Испани, Каталан хоёр хэлээр харилцах боловч, нийслэлээс гадна зөвхөн Каталан хэлээр ярина.
  • Каталоны гал тогоо нь Испанийхаас ялгаатай. Франц хоолны соёлтой илүү төстэй.
  • Каталанчууд хөдөлмөрч, бизнес сэтгэлгээ сайтай, амжилт, үр дүнг шүтсэн ажиллах хэв маягтай. Харин Испаничууд зугаа цэнгэлд дуртай, хөнгөн ажиллаж амьдрах соёлтой ард түмэн.
  • Жилийн олон баяр ёслолыг Испани болон Каталонд тус тусдаа тэмдэглэдэг.
  • Барселон хот нь дэлхий дахинаа соёл урлагийн том төв гэдгээрээ танигдсан газар. Харьцуулбал Мадрид сүүлийн 20 орчим жилд л энэ талаараа ялгарах гэж оролдож байна. Каталоны дэлхийд алдаршсан хоёр том уран бүтээлч бол Сальвадор Дали, Антони Гауди нар юм. Испаний бусад бүс нутгаас төрсөн эдэнтэй нэг түвшний уран бүтээлчид нь Пабло Пикассо ба Франциско Гойя нар ажээ.

Каталон ба Испаний эдийн засгийн үзүүлэлтүүдийг дараах графикт харьцуулжээ. Иргэдийн дундаж наслалт, ажил эрхлэлтийн байдал, Дотоодын Нийт Бүтээгдэхүүн, бизнесийн өсөлт, хөдөө аж ахуйн эдийн засгийн хэмжээ, судалгаа шинжилгээнд зарцуулдаг хөрөнгийн хэмжээ, аялал жуулчлалын зах зээлийн байдал зэргийг нь харьцуулбал Каталон муж дангаараа үлдсэн бүх Испаниас илүү буюу өрсөлдөхүйц байгаа нь харагдаж байна.

Каталанчуудын ихэнх нь өөрсдийгөө Испаний хөгжил тааруу мужуудын ачааг үүрч яваа гэж үздэг нь тусгаар тогтнох хүслийг өдөөж байгаа юм.

 

Эх сурвалж: EuroNews