Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНИЛЦ: 26 жил хүртэл насалсан Монгол ТӨСЛҮҮД

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 10 сарын 2
iKon.MN

Монголчуудын хамгийн дуртай занг нэрлэ гэвэл ойн баяр тэмдэглэх, тууз хайчлах, шагнал авах байж болох юм. Бид бахархаж, гайхуулах зүйлсийнхээ ойн баярыг тэмдэглэдэг ч гэлээ одоо болтол бүтээж чадаагүй олон төслүүдийн “ойн баяраа” мартаж боломгүй.

Тухайн үедээ олон хэвлэлээр бичигдэж, шуугиан тарьсан ч хугацаандаа хэрэгжиж амжаагүй байгаа томоохон төслүүдийг танилцуулъя.

Эгийн голын усан цахилгаан станцын төслийн 26 жилийн ой

 

Монголын хамгийн урт настай мега төсөл гэж нэрлэж болно. 315 мВт суурилагдсан хүчин чадалтай Эгийн голд усан цахилгаан станц байгуулагдах Засгийн газрын шийдвэр анх 1991 онд гарсан байдаг. Шийдвэр гарсны дараа Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр ТЭЗҮ боловсруулжээ.

Монгол Улсыг эрчим хүчний хараат байдлаас гаргах төсөл биелэгдэхгүй явсаар өдгөө 26 жилийн нүүрийг үзэж буй юм. Одоо болтол бүтээн байгуулалт хийгдээгүй, усан цахилгаан станц баригдаагүй байна.

Сүүлийн жилүүдэд Эгийн голын усан цахилгаан станцын төслийг ОХУ-ын хэсэг эрдэмтэд эсэргүүцэж байгаа. Шалтгаан нь Эгийн голд томоохон усан цахилгаан станц байгуулбал Байгал нуурын экосистемд сөргөөр нөлөөлнө гэж үзжээ.

Гэвч үүнийг Монголын талаас хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд Эгийн голын усан цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэх нэгж одоо ч гэсэн ажилласаар байгаа юм. Тэд төслийнхөө хугацааг 2014-2022 он хүртэл хэрэгжинэ гэж хойшлуулжээ.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн 8 жилийн ой

 

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 227 км төмөр замын төслийг 2009 онд хувийн компани өөрийн хөрөнгөөр барьж эхлүүлэхээр байсан ч 2011 онд төр гартаа авсан. Монгол Улсын парламент 2010 онд “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”-ыг баталж байжээ. Тухайн үедээ уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх 5,600 км төмөр зам барьж, ирэх жилүүдэд Монголын газар нутгийг төмөр замаар хэрэх мэт л хөөрцөглөцгөөж байлаа.

Энэ мөчөөс хойш даруй долоон жил өнгөрсөн хэдий ч ямар нэгэн төмөр зам баригдаагүй л байна. Бүр хамгийн богино Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замаа ч барьж чадсангүй. Мөнгө нь ч байхгүй.

Төмөр зам баригдаагүйгээс болж өдгөө нүүрс тээвэрлэгч машинууд БНХАУ-ын хилээс нааш 150 гаруй км урттай дараалал үүсгээд байгаа юм. Монгол Улсын нүүрс олборлолтын суурилагдсан хүчин чадал жилийн 60 сая тонн хэдий ч өдгөө тээвэр, ложистикийн сул байдлаас болж 26 сая тонн хүртэл экспорт хийж байна.

Сайншандын Аж үйлдвэрийн цогцолбор байгуулах төслийн 7 жилийн ой

 

Анх 2010 оны нэгдүгээр сард Дорноговь аймгийн Сайншанд хотод Аж үйлдвэрийн цогцолбор байгуулах төслийг Зам, Тээвэр, Барилга, Хот Байгуулалтын Яамнаас танилцуулж байжээ.

Энэ мөчөөс хойш долоон жил өнгөрсөн бөгөөд өдий болтол Аж үйлдвэрийн цогцолборт дорвитой нэрлэчих нэг ч бүтээн байгуулалт хийгдээгүй л байна.

Тухайн үедээ төмөр замын сүлжээ, томоохон уурхайнуудыг түшиглэсэн Аж үйлдвэрийн цогцолбор баригдвал Монгол Улс түүхий эд экспортлогч биш эцсийн бүтээгдэхүүн нийлүүлэгч болно хэмээн ихэд “догдолцгоож” байв.  

Гэвч өдгөө тийш хүрдэг төмөр зам нь ч алга, уурхайнууд нь ч алга, Аж үйлдвэрийн цогцолбор өөрөө ч алга.

V цахилгаан станцын төслийн тендер зарлагдсаны 6 жилийн ой

 

Энэ тухай яриа одоогоос 9 жилийн өмнө буюу 2008 онд эхэлсэн гэдэг.

450 мВт-ын суурилагдсан хүчин чадалтай буюу Монголын эрчим хүчний үйлдвэрлэлийн чадлыг 50 хувиар өсгөх V цахилгаан станцын төслийн тендер 2011 онд зарлагдаж байжээ.

Тухайн үед Япон, Солонгос, Франц, Монголын компаниуд түншилж тендерт ялсан. Харин 2014 онд төслийн гэрээ албан ёсоор зурагдсан түүхтэй.

Компаниудын зүгээс өөрсдөө хөрөнгөө босгоод дараа нь улсад хүлээлгэж өгөх нөхцөлтэй байсан хэдий ч Засгийн газраас одоо болтол тодорхой шийдлүүд гаргахгүй байсаар төслийн явц хойшлоод байгаа юм.

IV төрөх эмнэлэг барина гэж баярлуулсны 8 жилийн ой

 

Мега төсөл гэхгүй ч дурдахгүй өнгөрч болохгүй нэг бүтээн байгуулалт бий. Хан-Уул дүүрэг буюу Яармагт 300 ортой IV төрөх эмнэлгийг барина гэж анх 2009 онд Засгийн газар шийдсэн байна. Газрын зөвшөөрөл нь бүр 2007 онд олгогджээ.

Энэ цагаас хойш шинэ төрөх эмнэлгийн барилгын ажил хэд хэдэн удаа санхүүжилтгүйн улмаас зогссон бөгөөд одоо ч ашиглалтад ороогүй байна.

Дэд бүтэц, төлөвлөлтийн асуудлаас болж анх төлөвлөгдөж байсан өртөг нь их хэмжээгээр нэмэгджээ. Монголчууд 300 ортой төрөх эмнэлэг барьж, нялхсаа угтаж авч чадахгүй болтлоо засаглалын мухардалд орсны жишээ энэ юм.

Ямартай ч IV төрөх эмнэлгийг 2019 оноос өмнө ашиглалтад оруулахгүй л бол Засгийн газрын шийдвэр гарснаас хойш 10 жилийн ойтойгоо золгоно.