Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/29-НД НИЙТЛЭГДСЭН

Хот хооронд пуужингаар зорчдог болгохоо Илон Маск амлалаа

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 9 сарын 29
IKON.MN
Зураг зураг

Өнөөдөр олон улсын сансар судлалын хурал дээр SpaceX компанийн тэргүүн Илон Маск хүн төрөлхтнийг Сар болон Ангараг гарагт хүргэх шинэ төлөвлөгөөгөө танилцуулсан.

Харин нэг цаг үргэлжилсэн илтгэлийнхээ төгсгөлд тэр нэгэн сонирхолтой саналыг дэвшүүлжээ. Маскийн санаа нь дэлхий дотроо хот хооронд зорчихдоо сансрын хөлөг ашиглах тухай юм.

Энэ санаа хэрэгжвэл хүмүүс өнөөдрийн онгоцны энгийн суудлын үнээр дэлхийн аль ч хотуудын хооронд 30 минутын дотор зорчдог болох гэнэ. Ингэхдээ Маск удахгүй үйлдвэрлэгдэж дуусах мега-пуужинг ашиглах ажээ. BFR (Big Fucking Rocket) нэрээр түр нэрлэгдэж байгаа уг пуужинг ойрын 6-9 сарын дотор угсарч эхлэх гэнэ.

Тодруулбал ирээдүйд хүмүүс хот хооронд зорчихдоо усан дээр байрлуулсан хөвөгч тавцангаас пуужингаар хөөрч тойрог замаар нисэн дараагийн хотдоо хүрэх юм. Энэ хооронд агаар мандлаас гараад дахин орж ирнэ гэсэн үг.

Энэ санааг харуулсан видео дүрслэл дээр Нью Йорк хотоос пуужингаар Шанхайд 39 минутанд хүрч байгааг харуулжээ. Шинэ пуужинг 2024 онд Ангарагт хүн илгээхдээ бас ашиглах юм.

Хот хооронд хүн тээвэрлэхдээ Маскийн пуужин цагт дээд тал нь 30,000 км хурдлах юм байна. Энэ нь хүн төрөлхтний дэлхий дотроо аялж байгаа хамгийн дээд хурд болох юм.

Эх сурвалж: The Verge