Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/29-НД НИЙТЛЭГДСЭН

AccorHotels Улаанбаатарт анхны зочид буудлаа нээжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн олон улсад зочид буудлын сүлжээтэй Францын AccorHotels групп Монголд анхны зочид буудлаа нээсэн байна.

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт, Чингисийн өргөн чөлөөнөөс Мишээл худалдааны төв рүү эргэх замын уулзварт байрлах шинэ зочид буудлын нэр “Ibis Styles Ulaanbaatar Polaris” гэнэ.

AccorHotels Greater China компанийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Мишел Молле “Ibis Styles Ulaanbaatar Polaris бол манай AccorHotels группын Монгол дахь анхны буудал болж байна” гээд “Дэлхийн олон нийслэл хотуудтай адил Улаанбаатар бол сүм хийд, түүх дурсгал, музей, цэцэрлэг, шөнийн цэнгээний газруудаар дүүрэн, үзэх зүйл ихтэй хот юм” гэж ярьжээ.

Тус буудалд бас Ibis Kitchen брэндийн зоогийн газар нээгдэж, олон улс үндэстний хоолоор зочиддоо үйлчлэх гэнэ.

Ibis Styles бол AccorHotels-ийн экономи брэндийн сүлжээ бөгөөд давтагдашгүй олон төрлийн дизайн, хэв маяг бүхий өрөөнүүдээр үйлчилдгээрээ онцлог. Одоогоор Ibis Styles сүлжээнд дэлхийн 37 орны 389 зочид буудал багтдаг ажээ.

AccorHotels нь дэлхий даяар 4,200 гаруй зочид буудал, амралтын газар, орон сууцтай тэргүүлэгч аялал жуулчлалын группт тооцогддог юм.

 

Эх сурвалж: etbTravelNews