Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/27-НД НИЙТЛЭГДСЭН

Бэлчээрийн доройтлыг бууруулах талаар малчид, мэргэжилтнүүд зөвлөлдлөө

С.Бадрал, iKon.mn
2017 оны 9 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Монгол орны эдийн засгийн тулгуур багана нь мал аж ахуйн салбар. Тиймээс бэлчээрийн доройтлыг хязгаарлах, зүй зохистой ашиглах, хариуцлагаа өндөржүүлэх талаар малчид, салбарын мэргэжилтнүүд хамтран асуудлаа ярилцаж, шийдвэрлэх арга зам хайх зорилго бүхий "Монгол орны бэлчээрийн үндэсний форум" болж байна.

"Төрөлх нутаг бэлчээрээ хайрлацгаая" уриатай, уг форумыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Швейцарийн хөгжлийн агентлаг, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо хамтран зохион байгуулж байгаа юм.

Форумд аймаг, орон нутгийн бэлчээрийн менежментийн ажлын хэсгийн ахлагч, аймаг сумын бэлчээр ашиглагчдын холбоо, малчид зэрэг 80 гаруй хүн оролцож, туршлагаасаа хуваалцаж байгаа ажээ. 

Форумыг нээж УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн хэлсэн үгэндээ бэлчээрийн доройтлыг хязгаарлахын тулд эрх зүйн зохицуулалт, эдийн засгийн хөшүүрэг чухал бөгөөд эдгээр асуудлыг зохицуулсан Бэлчээр хамгаалах тухай бие даасан хуультай болох шаардлагатайг онцолсон юм. 

 

Энэ удаагийн форумын үеэр бэлчээрийн доройтлоос урьдчилан сэргийлэхийн тулд малчид өөрсдөө юу хийх, салбарын байгууллагууд бодлогын түвшинд тэднийг хэрхэн дэмжих талаар хамтдаа ярилцаж, нэгдсэн ойлголтод хүрэх юм. Өөрөөр хэлбэл, малчид, судлаач, мэргэжилтнүүд мэдээлэл, туршлагаа хуваалцаж, солилцохын сацуу бэлчээрийг зүй зохистой ашиглах, хадлан тэжээл бэлтгэх чиглэлээр гаргасан эрдэмтэн, судлаачдын шинэ бүтээл, технологитой танилцаж буйгаараа онцлог болж байна.

Хоёр өдөр үргэлжлэх энэхүү форумын үеэр Бэлчээр хамгаалах тухай хуулийн төслийг малчдад танилцуулж, санал бодлыг нь сонсож, хэлэлцүүлэг өрнүүлнэ. Үүний дараа хуулийн төслийн талаар шат дараалсан хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж, улмаар УИХ-д өргөн мэдүүлэх юм байна.