Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/27-НД НИЙТЛЭГДСЭН

X.Нокс: Байгаль хамгаалагч Сүмбээгийн нас барсан хэргийг Засгийн Газар дахин шалгах хэрэгтэй

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 9 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

НҮБ-ын Хүний эрхийн Шинжээч ноён Жон X.Нокс есдүгээр сарын 19-нөөс эхлэн Монгол Улсад анхны албан ёсны айлчлалаа хийж буй юм. Тэрээр Монгол Улсад ажиллаж, хийсэн үнэлгээнийхээ урьдчилсан дүгнэлтээс өнөөдөр танилцуулсан юм.

Дүгнэлтээ танилцуулах үеэрээ Тусгай Илтгэгч ноён Жон X.Нокс байгаль хамгаалагч Т.Лхагвасүмбэрэлийн нас барсан хэргийг Засгийн газар дахин мөрдөн шалгах хэрэгтэйг санууллаа.

Тэрбээр "Олон оронд байгаль орчны хүний эрхийн хамгаалагчид хүчирхийлэл, үхэл хэмээх өндөр эрсдэлд өртөж байна. Дэлхий дээр долоо хоног тутамд дунджаар байгаль орчны дөрвөн хамгаалагч амиа алдаж байна. Маш олон нь айлган сүрдүүлэг, дарамтанд байна.

Хэдийгээр бусад олон оронд тахлын хэлбэрээр байгаа шиг нөхцөл Монгол Улсад илрээгүй ч байгаль орчны эрхийг хамгаалагчдаас хууль бус уул уурхай, хулгайн агнуурыг эсэргүүцэхийг оролдсон үедээ хүчирхийлэл, сүрдүүлэгт өртөж байгааг сонсоход хүнд байлаа. 

Хамгийн түгшүүртэй тохиолдол бол Монголын Цоохор ирвэс хамгаалах сантай хамтран ажиллаж байсан байгаль хамгаалагч Төмөрсүхийн Лхагвасүмбэрэлийн (Сүмбээ) нас барсан явдал юм.

 
Гэрэл зургийг mpa.mn

Сүмбээгийн шарилыг Хөвсгөл нуураас 2015 оны арваннэгдүгээр сарын 11-нд олсон байдаг. Ихэнх ажиглагчдын гайхширлыг төрүүлсэн явдал бол түүний үхлийг цагдаагийнхан амиа хорлолт хэмээн тогтоосон явдал юм.

Гэтэл өмнөх 2 жилийн хугацаанд Говь цөлийн Алтайн нурууны уулархаг нутаг дахь Тост уулаа тусгай хамгаалалтад авхуулахын төлөө түүний зүтгэлийн хариуд Сүмбээ дор хаяж гурван удаа халдлагад өртсөн байдаг.

Энэхүү үйл явц нь дэлхийн өнцөг булан бүрт тохиолддог байгаль орчны хамгаалагчдын аюул занал, хүчирхийллийн улмаас гардаг цаг бусын үхлийн шалтгаантай тун төстэй. Энэ залуугийн үхлийн талаарх албан ёсны тайлбарт олон хүн сэтгэл дундуур байгаа нь ойлгомжтой.

Засгийн газар нь энэ хэргийн мөрдөн байцаалтыг дахин хийж, хамгаалалтын албаны бусад гишүүд нь болзошгүй эрсдэлээс хамгаалагдсан байх ёстой.

Байгаль орчныг хамгаалагчид болон бусад хүний эрхийг хамгаалагчдыг хамгаалах хуулийг батлан хэрэгжүүлэхэд Монгол Улс тэргүүн ач холбогдол өгөх хэрэгтэй" гэв.