Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/26-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Ангараг: "Чингисийн хүүхдүүд" энэ цаг үед Монголыг дэлхийд сурталчилж байгаа цорын ганц кино

Өглөөний сонин
2017 оны 9 сарын 26
MorninigNews.mn
Зураг зураг

Монголын кино урлагийн салбараас АНУ-ын кино зах зээлд байр сууриа олж, Холливудын алдартнуудтай мөр зэрэгцэн ажиллаж яваа чадварлаг уран бүтээлч болох кино зураглаач, продюсер Даваасүрэнгийн Ангарагтай ярилцлаа.

Тэрбээр АНУ-ын Кино зураглаачдын холбоо, АНУ-ын Продюсерүүдийн холбоо, Австралийн Кино зураглаачдын холбооны гишүүн бөгөөд Монголын кино урлаг Оскарт өрсөлдөх үүдийг нээсэн нэгэн. Д.Ангараг өнгөрөгч гуравдугаар сард  АНУ-ын Кино академийн дээд шагнал Оскарын гадаад хэл дээрх кино төрөлд Монгол Улсаас кино санал болгох Салбар хорооны гишүүн болсон нь хэн хүний бахархлыг төрүүлж байсныг уншигч та санаж буй биз ээ.

Үүнээс гадна Д.Ангараг олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, АНУ-ын кино театруудад G буюу “Бүх насныханд" ангиллаар гаргах эрхийг авч чадсан Монголын анхны кино болох “Чингисийн хүүхдүүд” уран сайхны киноны продюсер, зургийн найруулагчаар ажилласан.

Монгол Улсыг дэлхийд сурталчлах бүтээл болсон “Чингисийн хүүхдүүд” уран сайхны кино ирэх аравдугаар сарын 10-нд албан ёсны нээлтээ Монголд хийж, үзэгчдэд хүрэхэд бэлэн болоод байна. Мөн ирэх сарын 5-нд “Чингисийн хүүхдүүд" кинонд зориулж бүтээсэн хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын уран бүтээлээс бүрдсэн бүрэн хэмжээний тоглолтыг Улсын Филармоны симфони найрал хөгжим, Морин хуурын чуулга толилуулах гэж байгаа юм.

-Та Холливудад гарсан Монголын анхны зураглаач, продюсер. Тэр хүрэх зам амаргүй байсан байх. Анх хөл тавиад төрсөн сэтгэгдэл тань юу байв?

-Хамгийн анх 2013 онд АНУ-ын Кино зураглаачдын холбооны шугамаар хөл тавьж байлаа. Ирэн очин ажиллаж байгаад Америкт ажиллаж, амьдардаг Нямжаргал дүүтэйгээ хамтарч "Mongus Pictures” компани байгуулаад энд ажиллах ёстой юм байна гэж бодсон л доо. АНУ, ялангуяа баруун эрэг орчим нь энтертайнмент суурилсан зах зээл нь түлхүү хөгжсөн улс шүү дээ. Хамгийн чөлөөт зах зээл тэнд л байна.

Тэрнээс БНХАУ руу гэхэд манай уран бүтээлчид бид хэзээ ч гарч чадахгүй. Кино зах зээл нь чөлөөт биш, маш хаалттай, олон хяналт шалгалтаар ордог, улсынх нь уран бүтээлчид ч гарахад бэрх. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ажиллаж, бага гэлтгүй туршлага хуримтлуулж чадсаны дүнд өнөөдөр АНУ-ын Кино зураглаачдын холбоо, Продюсерүүдийн холбоо, Австралийн Кино зураглаачдын холбоонд харьяалагдаж байна.

-Гэхдээ хэдий чөлөөт зах зээлтэй ч Холливудад нэгдэхэд өндөр шалгууртай байдаг байх?

-Холливуд бол алсын, холын "мөрөөдөл” биш шүү дээ. Хамгийн гол нь зөв системтэй ажиллаж, харилцаа холбоогоо хөгжүүлж чадвал боломж бий. Энэ цагийн нийгэм тэр чигээрээ харилцаа холбоонд суурилж байгаа шүү дээ. Түүнээс "Би ийм сайн кино хийсэн. Би ийм чадвартай, мундаг" гээд хол явж чадахгүй. Харин мэргэжлийн холбоод нь тодорхойлж өгөх нь их чухалд тооцогддог.

-PGA /Producers Guild of America/ буюу Америкийн кино продюсерүүдийн холбооны гишүүн болсноор ямар давуу тал үүсэж байна вэ?

-Зөв ашиглаж чадвал давуу тал мэдээж маш их. Энэ холбооны гишүүний хувьд, олон чадалтай, туршлагатай продюсерүүдтэй мөр зэрэгцэн ажиллаж байна. Харилцаа холбоо, танилын хүрээлэл маань ч нэг түвшин ахисан гэж болно. Дэлхий дээр сая сая продюсер бий. Гэхдээ холбооны гишүүний хувьд санал ирэх, харилцаа холбоо тогтооход илүү боломжтой гэсэн үг.

Продюсерээр ажиллах 4-5 санал надад өдөрт ирдэг болсон. Энэ холбоонд элсэнэ гэдэг миний хувьд маш том шалгуур байсан. Түүнээс Монголоос зүгээр л нэг урт үстэй, сахалтай залуу танай холбоонд оръё гэхэд “Өө тэг тэг” гээд хүлээж авахгүй шүү дээ. Холбоонд тоогдох гээд явж байхдаа "Чингисийн хүүхдүүд” киногоо урдаа барьж явсан даа. Үнэхээр ч сайн кино болсон, дээрээс нь бусад олон өндөр шалгууруудыг давсан учраас л элсэж чадсан.

-Үүгээр зогсохгүй Оскарын Гадаад хэл дээрх кино төрөлд Монгол Улсаас кино санал болгох салбар хорооны гишүүнээр батламжлуулсан нь олон хүний сонорыг мялаасан үйл явдал болсон?

-Оскарт кино нэр дэвшүүлэх ажлыг урьд нь Академи хийдэг байсан. Гэтэл тэр Академи нь Монголд байхгүй болчихсон. Өнгөрсөн 15 жилд Монголоос нэг ч кино Оскарын Гадаад хэл дээрх кино номинацид дэвшээгүй. “Ингэн нулимс” кино Германы мэрийн өмнөөс дэвшиж байсан юм. Одоогийн байдлаар гурван хүний бүрэлдэхүүнтэй баг АНУ-ын Кино академийн дээд шагнал Оскарт кино дэвшүүлэх эрхтэй Салбар хорооны гишүүн болсон.

АНУ-ын Кино Академиас салбар хорооны гишүүний тоог тав болгох шаардлага тавьсны улмаас шинэчилсэн бүрэлдэхүүн одоо бүрдэж байна. Бидний хувьд Оскарын номинацийн шалгуурт хүрэхүйц киног сонгож, нэр дэвшүүлэхээр санал болгох эрхтэй юм. Академи бидний санал болгосон киног дахин шалгаж, номинацид нэр дэвшүүлэх эсэхээ шийднэ гэсэн үг.

-Гэхдээ дэвшүүлэхэд санал болгох эрхтэй болсон нь бидний хувьд амжилт гэж харж байгаа. Энэ жил “Атганд үлдсэн эрдэнэ” киног санал болгож байсныг санаж байна. Ирэх жил ямар кино төлөвлөж байна вэ?

-"Атганд үлдсэн эрдэнэ” киног АНУ-ын Кино академийн дээд шагнал Оскарын гадаад хэл дээрх кино номинацид санал болгоод гурав дахь шат хүртлээ явсан. Яг үнэндээ Монголоос анх удаа Оскарт санал болгосон кино л доо. Маш их шалгуур тавьдаг ч нэр дэвшээгүй учир олонд зарлагдаагүй юм. Энэ жил "Чингисийн хүүхдүүд” уран сайхны киногоо санал болгохоор яг одоо ажиллаж байна. Дэвшээд гараад ирвэл үнэхээр сайхан байна.

“Чингисийн хүүхдүүд” дэлхийд монголын кино урлагийн нүүр царайг илтгэж байна
 

-Таны продюсерээр нь ажилласан “Чингисийн хүүхдүүд” кино олон улсын босгыг алхаж, цахиур хагалж явна. Монголын кино урлагт шинэ үе авчирсан энэ киног эхлүүлж байхад таны төсөөлөл ямар байсан бол?

-Б.Золбаяр найруулагчийн “Чингисийн хүүхдүүд” киноны төсөл өнөөдрийн байдлаар нэг жил, зургаан cap үргэлжлээд байна. Энэ кино Монголыг төлөөлөөд, Монголын кино урлагийн нүүр царай, Монгол Улсын нүүр царай болон гарч ирсэн анхны кино болж байна. Монгол дахь Элчин, Гадаад харилцааны яам, Монголыг киногоор сурталчлах зорилгоор “Чингисийн хүүхдүүд” киног сонгож байгаа.

Олон улс дахь Соёлын өдрүүд, Кино өдрүүдэд, Кино наадамд ч явуулсан “Чингисийн хүүхдүүд” өндөр чанартайгаар Монголыг сурталчилж чадахаар байгаа. Нийт 1 тэрбум 200 сая төгрөгийн төсвөөр бүтсэн энэ киноны зураг авалтын дараах үйлдвэрлэлийг /постпродакшн/ АНУ-д гүйцэтгэсэн. Дуу дүрсний нэгтгэлийг АНУ-ын EFIILM (efilm.com) компани дөрвөн сарын турш хийж хамтран ажилласан гээд маш олон зүйлээрээ онцгой болсон бүтээл.

-Их олон зүйлээрээ онцгой бүтээл болсонтой санал нэг байна. Таны хамгийн сэтгэл хангалуун байдаг зүйл нь юу вэ?

-Энэ кино маань нэгдүгээрт энэ цаг үедээ Монгол Улсыг дэлхийд сурталчилж байгаа том бүтээл болсон. Хоёрдугаарт энэ кино гарснаар эрх баригчид, төр засаг ч киног ингэж хийх ёстой юм байна, киногоо дэмжээд явж чадвал иймэрхүү хэмжээний бүтээл гарч ирж болдог юм байна гэдэг том модель болсон. Бизнес, эдийн засаг, сурталчилгаа, соёлынхоо хувьд гээд бүх талаараа цогц модель болсон. Уран бүтээлч талаасаа Монголоо дэлхийд сурталчилж чадах бүтээл болсонд үнэхээр сэтгэл хангалуун байгаа.

-Энэ киног үзэхэд үнэхээр “мэргэжлийн”, “чанартай” гэдэг нь илт мэдэгдэж байсан. Монголын байгалийн үзэсгэлэнг дэлгэцэд тэгж сайхан гаргасан нь техник байв уу, ур чадвар байв уу?

-Өргөн дэлгэцийн дэлхийн том форматуудын нэг 4К форматаар бүтсэн. Гэхдээ бидний ашигласан камер хамгийн сүүлийн үеийнх биш шүү дээ. Дундаж л камер. Харин технологийнх нь хувьд зөв ашиглаж чадсан учраас дэлхийн аль ч кино театрт гаргасан дуу, дүрсний хувьд гологдохгүй болж чадсан. Камер бол номер нэг асуудал биш. Хамгийн гол нь судалгаа, төлөвлөгөө, стратеги. Үүнийг та бидний ярьдаг Холливуд 100 жилийн өмнө хийгээд сурчихсан байсан. Тэнд очоод би үүнийг л хамгийн түрүүнд мэдэрч, суралцсан.

-Холливудын алдарт “Варнер брос” кино компанийн анхаарлыг татсан нарийн учиг нь юу байв?

-Энэ киноны сэдэв нь өөрөө их сонирхолтой учраас өөрөө өөрийгөө авч яваа. Олон хүний хичээл зүтгэл шингэж, загвар, бүтцийн хувьд маш сайн бүтсэн, хийц, ажилласан баг, утга санаа, зохиолын хувьд нэлээд дээгүүр орох сайн бүтээл болсон. Нуулгүй хэлэхэд анх киноны санааг сонсоод надад таалагдаагүй. Харин цааш буюу хамтран ажилладаг дистрибьютер компанидаа танилцуулахад гурван киноноос “Чингисийн хүүхдүүд” киног сонгосон.

Хүүхэдтэй, байгальтай ямар нэг муу муухай зүйлгүй. Сөрөг дүр ч үгүй кино учраас дистрибьютер компани маань онцгойлж сонгосон байх. Маш энгийн ойлгомжтой байдлаар Монголын ахуй соёл, амьдрал, байгалийн сайхныг харуулж чадсан. Жижиг гэлтгүй бүх зүйлийг анхаарч, нарийн төлөвлөж ажилласан л даа Жишээ нь, киноны гол дүрд тоглосон гурван хүүхэд гэхэд төрсөн ах дүүс.

Тийм учраас хүнд илүү ойр хүрч байгаа байх. Warner Bros компани дээр хамтын ажиллагааны хүрээнд бид анхны үзлэгээ хийсэн Маш олон зочид, салбарын төлөөлөгчид, “Чингисийн хүүхдүүд” кинонд Америкийн талаас оролцсон спонсор компаниуд, АНУ-ын кино академийн хүндэт гишүүн хүрэлцэн ирж үзсэн. Бүгд сэтгэл хангалуун байсан.

-АНУ-ын кино дэлгэцүүдээр гаргах G /General Audience/ буюу “Бүх насныханд" ангилал олгосон нь энэ кинонд тавьсан дүн болсон гэж боддог. Энэ ангиллыг авсан Монголын анхны кино болсон шүү дээ?

-Тэр л энэ киноны хувь заяаг шийдчихсэн юм болов уу даа гэж би хардаг. Анх киног бүтээхээр эхлэхдээ л бид G ангилал авахыг зорьж, төлөвлөж ажилласан. Мэдээж маш зөв систем, стратегитай явсны хүчинд авч чадсан. АНУ-д насны ангилал авч киногоо зах зээлд гаргана киночдод маш чухал. "G" ангилалд багтахын тулд маш олон хяналтаар орж шалгагддаг.

Ихэнх гэр бүлийн, хүүхдийн, хүүхэлдэйн кинонууд ч энэ ангилалд багтаж чаддаггүй. "Moana”, “Sing”, “Zootopia” зэрэг алдартай хүүхэлдэйн кинонууд хүртэл "PG" буюу "Эцэг эхийн зөвшөөрөлтэйгөөр" гэсэн ангилалд багтсан байдаг. 1991 онд бүтээгдсэн “Beauty and the Beast”, 1994 оны "The Lion King”, 2001 оны “Monsters, Inc”, 2003 оны "Finding Nemo” зэрэг цөөн хэдэн кино"G” ангилалд багтаж ашиг орлогоороо тэргүүлж, төсвөө хэдэн зуу дахин өсгөж олсон байдаг.

“Чингисийн хүүхдүүд” кино маань энэ хүнд давааг давж Монголын анхны "G" ангиллын лиценз авсан кино болж чадсан. Энэ ангилалд багтсанаар бидэнд бүх насны хүмүүс, дэлхий тэр чигээрээ нээлттэй болж байгаа юм. Киноны насны ангилал гэдэг бол киноны зах зээл. Тиймээс үүнийг дагаад зах зээл ч нээгдэж байгаа. “G” ангиллыг авсны дараа АНУ-ын Кино ассоциацийн ажилчид ч бидэнд баяр хүргэж, гайхширч байсан.

“Атганд үлдсэн эрдэнэ” кино “R" буюу “16 наснаас дээш” ангилал авсан. Уг нь “PG13” авна гэж стратегиа төлөвлөж байсан ч чадаагүй. Бас нэгэн л туршлага, сургалт болсон. Ер нь бидний амжилт бид мундагтаа биш ихээхэн туршлага хуримтлуулж, алдаж онож, суралцсаны л үр дүн гэж боддог.

-"Чингисийн хүүхдүүд” кино АНУ-ын кино дэлгэцүүдээр хэдийнээс гарч эхлэх вэ?

-Бид эхлээд Монголдоо нээлтээ хийж, монголчууддаа хүргэснийхээ дараа дистрибьютер компанидаа хүлээлгэж өгнө. Тэд хэзээ яаж, хаагуур гаргахаа шийднэ. Монголчууд бид чинь цайныхаа дээжийг аавдаа барьдаг шүү дээ. Түүн шиг бүтээлийнхээ дээжийг Монголынхоо ард түмэнд өргөн барихыг хүссэн.

-Уг нь зургаадугаар сарын 30-нд "Чингисийн хүүхдүүд” киноны нээлт товлогдсон байсан ч хойшлуулсан. Шалтгаан нь юу байсан бэ?

-Тэр үед сонгууль ид өрнөөд улс төр, нийгмийн байдал тогтворгүй байсан л даа. Тиймээс бид хойшлуулсан. Ингэсэн нь ч оносон гэж бодож байгаа. Учир нь одоо “Улаанбаатар” олон улсын кино наадмыг “Чингисийн хүүхдүүд” киногоор нээх болсон. Энэ фестивальд Канн, Пусаны кино наадам, ОХУ, Швейцараас гээд томоохон төлөөлөгчид ирж оролцохоор болж байна.

Нийслэлийн соёл урлагийн газар, Монголын Урлагийн зөвлөл, Монголын Кино урлагийн зөвлөл хамтран зохион байгуулж байгаа. Энэ жилийн “Улаанбаатар" Олон улсын кино наадам урьд урьдын жилийнхээс нэлээн өргөн цар хүрээтэй зохион байгуулагдаж байгаа.

Бас энэ хугацаанд “Чингисийн хүүхдүүд" кино олон улсын кино наадамд нэлээд оролцож байна. ‘Culture distributer” компани нэлээд өндөр түвшинд зохион байгуулж байгаа юм. Хамгийн сүүлд гэхэд БНХАУ-ын Олон улсын кино наадамд оролцох урилга аваад байна. Тэр хяналт шалгалтыг даван туулж, БНХАУ-ын Кино наадамд оролцох болсон Монголын анхны кино болсон.

Энэ наадамд миний бие болон жүжигчин Р.Анхням хоёр албан ёсоор уригдсан байгаа. Энэ наадамд орсноор Монгол кино БНХАУ-д гарах бас нэгэн үүд хаалга нээгдэж байгаа гэж ойлгож болио. Ер нь нээлтээ хийхээсээ өмнө ийм олон кино наадамд оролцсон бас л анхдагч кино болж байна.

-"Чингисийн хүүхдүүд" киноны хөгжмийн бүрэн хэмжээний тоглолт болох гэж байна. Магадгүй анхны киноны хөгжмийн тоглолт болох нь энэ санааг хэрхэн олов?

-“Чингисийн хүүхдүүд” кинонд зориулж хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр 10 бүтээл зохиосон. Үүнийг ирэх сарын 5-нд олон нийтэд зориулж бүрэн хэмжээний тоглолт болгон Улсын филармоны симфони найрал хөгжим, Морин хуурын чуулган хамтран тавих гэж байгаа нь яалт ч үгүй Монголд анхдагч.

Тэгэхээр аравдугаар сарын 5, 10 гэх хоёр өдөр “ЧингисиЙн хүүхдүүд” кино олон нийтэд шалгалтаа өгөх гэж байна. Гадны үзэгчдээс бол дандаа өндөр үнэлгээ авдаг, харин Монголын олон үзэгчдээс өндөр үнэлгээ авч олон үзэгчдэд хүрээсэй гэж бид хүсэж байгаа.

-Монголоо дэлхийд сурталчлах кино амжилттай бүтээж чадлаа. Одоо ямар бүтээл хийж, үзэгчдийг байлдан дагуулах гэж байна?

-Өнөөдрийн байдлаар дөрвөн кинонд продюсерээр ажиллаж байна. АНУ-д хоёр, Монголд хоёр кино байна. АНУ-д “Араатны хаан арслан” /Lion king/ хүүхэлдэйн киноны бүрэн хэмжээний уран сайхны кинонд продюсерийн багт ажиллахаар ярилцаад одоо гэрээний түвшинд явж байна. 2019 онд дэлгэцнээ гарах бүтээл юм.

Монголдоо Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурахаар бэлэн болсон нь найруулагч Н.Наранбаатарын “Тэнгэрийн хүлэг”, Г.Аюурзанын “Бөөгийн домог”, найруулагч В.Агарын “Flakka” гэдэг аймшгийн кинонууд байгаа юм.

-Д.Ангарагийн хэтийн зорилго, тэмүүлэл, амбиц юу вэ? Үүнийг л хийчихсэн юмсан гэж чээжин дотор тань буцалж явдаг хүсэл юу бол?

-Насаараа л энэ салбарт ажиллахаас хойш зөндөө зүйл бодож төлөвлөж явдаг. Гэхдээ мөрөөдөл гэвэл маш гоё сайн үлгэрийн кино хийх сэн гэж хүсэж явдаг. Би үлгэрийн кино, номонд маш дуртай. Одоо ч 7, 8 дугаар ангийн хүүхдүүдэд зориулсан үлгэрийн ном аваад уншчихдаг.

Хүүхдүүдэд их хайртай болохоор ч тэр юм уу хүүхдийн, үлгэрийн кинонд их дуртай. Одоохондоо ч боломж таараагүй л байна. Гэхдээ төлөвлөгөөндөө оруулчихсан байгаа учир мундаг уран бүтээлчидтэй хамтраад хэзээ нэгэн цагт хийж л таарна.

 

 

Зураг