Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/25-НД НИЙТЛЭГДСЭН

Тарвага агнахыг ГУРВАН жилийн хугацаатайгаар хориглов

ikon.mn
2017 оны 9 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Монгол орны ойт хээр, уулын хээр, хээр, тал хээрийн экосистемийн түлхүүр зүйл нь монгол тарвага (Marmota sibirica) юм. 

Монголын нийгэм, эдийн засаг зах зээлийн тогтолцоонд шилжсэн 1990 оноос хойш тарваганы нөөц эрс хомсдож, тархац нутгийнхаа ихэнх хэсэгт устаж, 15 сая орчим толгой байсан монгол тарвага 2001 оны судалгаагаар 5 сая болтлоо цөөрсөн байна. 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын зөвлөлийн 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 05 дугаар хуралдаанаар тарваганы тоо толгой цөөрч, тархац нутаг хумигдаж байгаа тул ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг 3 жилийн хугацаагаар хориглохоор шийдвэрлэв. 

Монгол тарвага нь Дэлхийн байгаль хамгаалах холбоо (IUCN)-ны олон улсын (2014) болон бүс нутгийн (2006) үнэлгээгээр устаж болзошгүй ангилалд тус тус хамрагдсан. Үндэсний хэмжээнд Байгаль орчны яамны сайдын тушаалаар 2005, 2006, 2014 онуудад Монгол орон даяар тарваганы агнуурыг 3 жилийн хугацаагаар бүрэн хориглосон байсан. 

БОАЖЯамнаас бодлогын хувьд монгол орны тарваганы тоо толгой сүүлийн жилүүдэд эрс цөөрсөнтэй холбогдуулан цаашид авах арга хэмжээний үндэслэл болох монгол тарваганы нөөцийн судалгааг 2017 онд багтааж хийхийг тарвага бүхий аймгийн Засаг дарга нарын хамтран ажиллах гэрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх тухай тусган үүрэг чиглэл өгч ажиллав. 

Хэдийгээр зарим аймаг, суманд тарвага өссөн гэсэн мэдээлэл байгаа боловч тодорхой тоо баримттай судалгаа байхгүй байна. Мөн зарим аймгууд болон судлаач нараас тарвагыг ахуйн зориулалтаар агнахыг зөвшөөрөх хүсэлтийг тавьж байна. Хэрэв тарвагыг зарим аймгийн нутаг дэвсгэрт буюу бүсчлэх байдлаар ахуйн зориулалтаар  агнахыг зөвшөөрөх, хориглох арга хэмжээг авах бол тухайн газарт даац хэтрэх, өсөж байгаа тарвагын тоо толгой эрс цөөрөх хор үр дагавар үүсэхээр байна.

2009 оноос хойш зарим аймагт хийсэн судалгаагаар тарвага агнуурыг хориглосон арга хэмжээ нь тодорхой үр дүнгээ өгч сүүлийн жилүүдэд устаж үгүй болсон зарим нутагт тарвага цөөн тоогоор үзэгдэх, зарим газруудад тоо толгой өсөж байгаа тухай орон нутгаас мэдээлэл ирүүлж байна.  Түүнчлэн 2010 оноос тарвага сэргээн нутагшуулах ажлыг төр, хувийн хэвшлийн байгууллагууд хамтран идэвхитэй гүйцэтгэж байна. Тухайлбал, Төв, Хэнтий аймгуудад 2017 онд 200 орчим тарвагыг сэргээн нутагшуулаад байна.

Иймд цаашид сэргээн нутагшуулах арга хэмжээний үр дүнг гаргах, хориглох хязагаарлалтын арга хэмжээг бүх нутаг дэвсгэрт үргэлжлүүлэн авах шаардлагатай байна. 

 

Эх сурвалж: БОАЖЯ