Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/25-НД НИЙТЛЭГДСЭН

Эмэгтэйчүүдийн дипломат клуб “САЙН САНААНЫ ҮЙЛС” өдөрлөг зохион байгууллаа

ikon.mn
2017 оны 9 сарын 25
iKon.MN

Монгол Улсын Гадаад харилцааны яамны дэргэдэх Эмэгтэйчүүдийн дипломат Клуб Улаанбаатар хотод суугаа гадаад орны дипломат болон өргөмжит консулын газруудтай хамтран есдүгээр сарын 23-ны өдөр Блю Скай зочид буудалд “Сайн санааны үйлс “өдөрлөг зохион байгууллаа.

Өдөрлөгт Вьетнам, Казахстан, Куба, Лаос, Унгар, ОХУ, БНСУ, Турк, БНХАУ, Энэтхэг, Японы ЭСЯ-д, Румыны болон Тайландын Өргөмжит консулын газар идэвхтэй оролцож өөрийн орны соёл, урлаг, үндэсний хоол, зан заншлаа танилцуулж гадаадын болон Монголын сурагч, оюутнууд урлагийн тоглолт үзүүлж сонирхуулав.

Мөн үндэсний брэнд үйлдвэрлэгч компани Хөсөг, Маку, Ялгуун, Наад бренд, Форэко, Ногоон сор, РеДа Фэшн, Монгол каллиграфи, Уран хатгамал зэрэг аж ахуй эрхлэгчид өөрийн шинэ бүтээгдэхүүнээ олон нийтэд сурталчлан танилцуулсан юм.

Арга хэмжээнд Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчийн Гадаад бодлогын зөвлөх Н.Чимгүүндарь, ГХЯ-ны Ази, Номхон далайн газрын захирал Э.Сарантогос, Олон улсын эмэгтэйчүүдийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Ю.Муррей зэрэг хүмүүс оролцлоо.

Эмэгтэйчүүдийн дипломат Клубын тэргүүн С.Онон, ГХЯ-ны Ази, Номхон далайн газрын захирал Э.Сарантогос болон Улаанбаатарт суугаа дипломат корпусын ахлагч, Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд К.И.Кобландин нар зочдод хандан товч үг хэлсэн юм.

Эх сурвалж: ГХЯ