Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/22-НД НИЙТЛЭГДСЭН

С.Одонтуяа: Сэтгэл байхад шийдэл ямагт олддог

Э.Энхцэцэг
2017 оны 9 сарын 22
Монголын мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, нийслэлийн Баянгол дүүрэгт Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонг хүртээж, нийслэлээс хамгийн анхны одонт дүүрэг болсон. Төрийн шагналыг хүлээж авах ёслолын ажиллагаа өнгөрсөн бямба гарагт Улаанбаатар паласын Их танхимд болж, Баянгол дүүргийн 3000 гаруй иргэн шагналаа хүлээн авсан юм. Шагнал гардуулах ёслолын дараа дүүргийн Засаг дарга С.Одонтуяатай ярилцлаа.

-Сүүлийн жилүүдэд Баянгол дүүргийн эрүүл мэндийн салбарт нэлээд хөрөнгө оруулалтыг хийж, нүдэнд үзэгдэх, гарт баригдах бодитой бүгээн байгуулалт өрнөлөө. Тухайлбал, эрүүл мэндийн салбарт хэдий хэрийн хөрөнгө оруулалтыг хийсэн бэ?

-Эрүүл мэндийн салбартаа нийт 30 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг өнгөрсөн жилүүдэд хийлээ. Тодруулбал, 2013 онд 35 хүүхдийн ортой “Эмүүжин” эмнэлгийг ашиглалтад оруулсан. Мөн 2014 онд улсын хэмжээнд 25 жилийн дараа баригдсан өдөрт 700 гаруй иргэнд үйлчлэх хүчин чадалтай, 160 ортой Эрүүл мэндийн төвийн шинэ цогцолбор байраа хүлээж авлаа.

32 жилийн дараа буюу 2015 онд 150 ортой Хүүхдийн нэгдсэн эмнэлэг ашиглалтад орсон. Энэ онд ахмад настны 60 ортой эмнэлэг, хүүхдийн 60 ортой хоёрдугаар эмнэлэг, 2013-2017 онд есөн хорооны өрхийн эмнэлгийн байрыг тус тус ашиглалтад оруулж, иргэддээ үйлчилж байна.

Манай дүүрэгт нийт 14 эмнэлгийн барилга баригдсанаар 1,000 хүнд ногдох хоёр ор буюу нийт 440 ор бүхий эмнэлгийн тусламж үйлчилгээний олон улсын стандартын шаардлага хангасан. Энэ үзүүлэлтээрээ Монгол Улсын анхны жишиг дүүрэг болсон. “Эрүүл дүүрэг” болох зорилт тавин ажиллаж байгаа маань үр дүнтэй өрнөж байгаа.

-Аль ч газар сургууль, цэцэрлэгийн асуудал тулгамддаг. Энэ асуудлыг хэрхэн шийдэв. Ер нь айл гэрийн төдийгүй улсын хөгжил хүнээс шалтгаалдаг?

-Дүүргийн сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хангамжийг сайжруулах, сургуулийн болон сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд эрүүл аюулгүй орчинд хүмүүжих, боловсрол эзэмших нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 2012 оноос хойш нийт 54 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлуудыг боловсролын салбарт хийж гүйцэтгэлээ.

Үүний үр дүнд Баянгол дүүрэгт ЕБ-ын найман сургуулийн өргөтгөлийн барилга, хоёр шинэ сургууль, дөрвөн цэцэрлэгийн өргөтгөл, найман шинэ цэцэрлэгийг ашиглалтад оруулж чадлаа. Ингэснээр сургуулийг 8,320 суудал, цэцэрлэгийг 1,810 ороор тус тус нэмэгдүүлсэн. Мөн Баянгол дүүрэгт 2012-2017 онд нийгэм, соёл, спортын салбарт 103.5 тэрбум төгрөгийн 32 төсөл арга хэмжээг хэрэгжүүлж ажилласан.

-Улаанбаатар хотын маань гэрлэх ёслолын ордон найр хуримын саруудад ачааллаа дийлдэггүй. Танай дүүргийн нэг томоохон бүтээн байгуулалт бол хуримын ордон?

-Нийслэлийн хотын иргэдийн өмнө тулгамдсан бас нэг асуудал мөн. Амьдралд нэг тохиох хамгийн жаргалтай агшнуудаа хэн ч гэсэн дурсамжтай, сайхан тэмдэглэж өнгөрүүлэхийг боддог.

Манай дүүрэг гэр бүл ёслолын ордондоо иргэдийн хүсэл шаардлагад нийцүүлсэн 2016 онд ашиглалтад оруулсан. Хүүхэд, залуучуудын авьяас чадварыг хөгжүүлэх, тэдэнд мэргэжлийн чиг баримжааг дугуйлангийн сургалтаар олгох зэрэг олон төрлийн сургалттай “Хүүхэд залуучуудын соёлын ордон”-г ашиглалтад орууллаа.

Гэр бүл, ёслолын ордондоо дүүргийнхээ залуу хосуудад боломжийн үнэтэй гэр бүл ёслолын үйлчилгээ үзүүлэхээс гадна 25-аас дээш жил хамт амьдарсан гэр бүлийн алт, мөнгөн хурим, иргэний андгай өргөх, шинээр төрсөн хүүхдүүдэд төрсний гэрчилгээ гардуулах, дархан бэрийг алдаршуулах, шилдэг гэр бүл алдаршуулах зэрэг ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгуулж байгаа.

Өдөр бүр үйл ажиллагаатай байгаагаас харахад иргэдэд хэрэгцээтэй байсан нь харагдаж байгаа. Бас нэг сайхан мэдээ бий. Хэвлэлийнхэн та нар бараг мэдэж байгаа байх. 5.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар дүүргийнхээ хүүхэд багачуудад зориулан жилийн дөрвөн улирлын турш үйл ажиллагаа явуулж, нэг ээлжиндээ 350-400 хүүхэд хүлээн авах чадалтай “Баянгол хүүхдийн зуслан”-ийн үйл ажиллагааг тун удахгүй эхлүүлэх гэж байна.

Тэрэлж горхины байгалийн үзэсгэлэнт газар байрлаж байгаа учраас хүүхдийг өвлийн улиралд утаа тортгоос хол байлгах, төрөл бүрийн дугуйлан, соёл, урлагийн арга хэмжээнд оролцуулж тэдний авьяас чадварыг хөгжүүлэх гээд маш олон төрлийн ач холбогдолтой.

-Эрүүл иргэн улсын баялаг гэдгийг та их ярьдаг. Тэгэхээр иргэдээ эрүүлжүүлэх, биеийн тамир, спортоор хичээллүүлэх, амьдралын хэв маягийг нь өөрчлөх тал дээр нэлээд ажлуудыг хийж байгаа нь харагддаг. Энэ талаар тодруулахгүй юу?

-Эрүүл дүүрэг болох зорилтын хүрээнд хийгдэж байгаа ажлуудын нэг бол энэ. Эрүүл мэндийг зөвхөн эмнэлгийн байгууллага, эмч нарт даатгадаг хуучин сэтгэлгээнээс салгаж иргэд өөрсдөө эрүүл мэнддээ анхаардаг болох зорилгоор “Эрүүл дүүрэг” хөтөлбөрийг санаачлан ажиллаж байгаад иргэд талархан хүлээн авч байгаа.

Саяхан жил бүр зохион байгуулагддаг “Баянгол Олимп” иргэдийн спортын наадам нээлтээ хийж явган аяллаар эхэлсэн. Миний бие дүүргийнхээ иргэдтэй хамт алхсан. Иргэдийн идэвхтэй эрүүл амьдралыг бий болгох, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор нийт 8.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Усан, спорт сургалтын төв, дугуй гүйлтийн зам барих зэрэг ажлуудыг хийсэн байгаа.

Сүүлийн үед хүүхэд багачууд, залуучууд, ахмад настнууд бүгд энэ төрлийн спортуудаар хичээллэдэг болсон байна. Энэ бол маш зөв сонголт. Тун удахгүй Баянгол дүүргийн 15 дугаар хороонд 450 хүний суудалтай спорт заал, 300 хүний суудалтай дөрвөн замтай усан бассейн, бэлтгэл, сургалтын есөн танхимтай дүүргийн спорт цогцолборын барилга ашиглалтад орно.

Мөн БНХАУ-ын 60 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар 20 дугаар хороонд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн үндэсний төвийг барих ажлыг эхлүүллээ. Энэ төв нэг ээлжиндээ 350-400 хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хүлээн авч, сэргээн засах, боловсрол, нийгмийн хамгааллын чиглэлийн бүх төрлийн үйлчилгээг үзүүлдэг цогцолбор болох юм.

Мөн ЖАЙКА Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх Эрүүл мэнд боловсрол, нийгмийн хамгааллыг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлснээр Баянгол дүүрэг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн загвар дүүрэг болох боломж бүрдэж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн загвар дүүрэг болох ажлын хүрээнд нийгмийн эмзэг бүлэг болсон харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан 90 айлын орон сууцыг 2017 онд байнгын ашиглалтад хүлээн авсан нь улсын хэмжээнд харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан анхны томоохон бүтээн байгуулалт юм.

-Төрийн анхан шатны нэгж бол хороо. Иргэд хамгийн түрүүнд хорооны байранд очиж, төрийн үйлчилгээг авдаг. Тэгэхээр төрийн нүүр царай болдог хороод маань түрээсийн байранд толгой хоргодох нь элбэг. Баянгол дүүргийн тухайд иргэддээ төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх талаар хэр анхаарч байна?

-Засаг даргын дэргэдэх газар, агентлагууд өөрийн байргүй, түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг байсан. Тиймээс бид 12 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Баянгол дүүргийн есдүгээр хорооны цогцолбор байр, дүүргийн Засаг даргын Тамгын газрын төр захиргааны нэг, хоёрдугаар өргөтгөлийн барилгыг тус тус ашиглалтад оруулсан.

Ингэснээр дүүргийн Засаг даргын дэргэдэх газар, агентлагуудыг нэг цэгт төвлөрүүлж, төрийн үйлчилгээг иргэдэд хүндрэлгүй, чирэгдэл багатай, хөнгөн шуурхай үзүүлэх боломжийг бүрдүүлсэн. Иргэд маань ч түмэнд ойрхон төрийн үйлчилгээтэй боллоо гээд ихэд сайшааж байгаа.

Мөн 2016 онд Нутгийн удирдлагын ордны барилгыг ашиглалтад оруулснаар нутгийн өөрөө удирдах байгууллага дүүргийн иргэдийг шийдвэр гаргахад оролцуулах, тэдний хэрэгцээ шаарддагийг ойлгож хурдан шийдвэр гаргах, нутгийн захиргааны байгууллагыг үр ашигтай, хариуцлагатай байх нөхцөлийг бүрдүүлсэн.

-Авто замын хувьд асуудалтай, түгжрэл үүсгэж иргэдийг бухимдуулдаг байсан хэсгүүдийг өргөтгөн шинэчилсэн байгаа билээ. Тухайлбал, Гэмтлийн эмнэлгийн арын авто замыг өргөтгөж, эгнээг нэмснээр замын хөдөлгөөн ч нэлээд буурсан байна?

-Манай дүүрэгт хэрэгжсэн томоохон бүтээн байгуулалтын ажлын нэг бол авто замын салбар яах аргагүй мөн. Гудамж төсөл, нийслэл, дүүргийн төсөв, замын сангийн хөрөнгө оруулалтаар нийт 35 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, нийт 26.7 км авто замыг өргөтгөж шинэчлэх ажлыг амжилттай зохион байгуулсан.

“Гудамж” төслийн нэгжээс нийт 46.8 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийгдсэнээс Баянгол дүүрэгт 11 уулзварын өргөтгөл шинэчлэлийн ажилд 20.4 тэрбум төгрөг буюу нийт санхүүжилтийн 45 орчим хувийг эзэлж байгаа.

-Баянгол дүүрэг бусад дүүргийг бодвол харьцангуй гэр хороолол багатай. Гэсэн хэдий ч гэр хороолол бага гэлтгүй асуудал байдаг байх. Гэрэлтүүлэг, явган замаас эхлүүлээд ажил их бий. Энэ асуудлыг хэрхэн шийдэж байна вэ?

-Дүүргийнхээ гэр хорооллын гудамжийг бүрэн гэрэлтүүлэгтэй болгох ажлыг зохион байгуулсан. Энэ нь гэмт хэргийг бууруулах ажлын хүрээнд хийгдсэн. 2013-2015 онд нийт 4.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар нийт 2,590 гаруй гэрэлтүүлгийг шинээр суурилууллаа. Мөн камержуулах ажлыг амжилттай зохион байгуулж, нийт 425 ширхэг камер суурилуулж, нэгдсэн цэгт холбон камерын хяналтын удирдлагын төвийг Цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр байгуулсан.

Түүнчлэн Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн шинэ барилгыг 2015 онд ашиглалтад оруулж, шаардлагатай техник хэрэгслээр хангасан. Үүнээс гадна иргэдийн ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж чадсан ажлуудын нэг бол нийтийн зориулалттай орон сууцын дээвэр засвар, цахилгаан шат шинэчлэлийн ажил юм.

2012 оноос нийт 16.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 171 нийтийн зориулалттай орон сууцын байрны дээврийн их засварын ажил, 203 цахилгаан шатны шинэчлэлийг хийж гүйцэтгэлээ. Мөн хог хаягдлын менежментийг сайжруулах ажлын хүрээнд гурван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж ил задгай хог хаягдлыг 80 хувиар бууруулж, хог тээвэрлэлтийг 60 хувиар нэмэгдүүлж чадсан.

Сүүлийн дөрвөн жил дүүргийн санхүүгийн нэгдсэн тайланд хийгдсэн аудитын дүгнэлтээр “Зөрчилгүй”стандарт гэрчилгээ авсан гэх мэтчилэн маш их амжилтаар дүүрэн ажиллаж байна даа.

-Нийслэлийн томоохон дүүргийн нэг бол Баянгол. Таны хувьд дүүргийн Засаг даргын ажлыг хүлээж аваад багагүй хугацаа өнгөрлөө. Өнгөрсөн хугацаанд дүүрэгтээ ямар бодлого хэрэгжүүлж, зорилт тавин ажиллаж байна вэ?

-Өнгөрсөн дөрвөн жилд бүтээн байгуулалтын оргил үе байсан гэж хэлж болно. Олон байшин барилгууд баригдлаа. Очсон газар бүртээ нэг зүйлийг онцгойлон хэлдэг. Сайхан байшинтай байх бол нэг хэрэг. Харин сайхан үйлчилгээтэй болгох дээр өдөр бүр анхаарч ажилла гэдэг.

Харьцаа хандлагын сургалт байнга хийлгэж байгаа. Мөн гадаад мэргэжилтэн урьж авчирч байна. Нэг сэтгэл зовоож, иргэдийн бухимдлыг төрүүлж байгаа нэг асуудал бол дүүргийн өнгө үзэмж, ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, иргэдийн амарч тухлах асуудал дээр их зүйлийг хугацаа алдалгүй хийх хэрэгтэй байна.

Олон жил болсон төмөр чингэлгүүдийг иргэд оршин суугчдын хүсэлтээр нүүлгэн шилжүүлж байна. Эмэгтэй хүн болоод ч тэр үү эхлээд гэрээ сайхан цэвэрлээд авмаар байна. Сул чөлөөтэй л талбай гарвал аль болох иргэдийн амрах орчныг бүрдүүлэх юмсан гэж төлөвлөн ажиллаж байна. Түүхийн бүхий л цагуудад улс орны хөгжил цэцэглэлттэй хөл нийлүүлэн алхаж иргэдийнхээ сайн сайхан аж амьдралын төлөө гар сэтгэл нийлэн хөдөлмөрлөсөөр ирсэн.

Баянголчууддаа онцгойлон талархаж баяр хүргэмээр байна. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ дарга маань Баянгол дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан. Дүүргийнхээ зовлон жаргалыг сайн мэддэг болоод ч тэр үү бүтээн байгуулалт хийх шийдвэрүүдийг зоригтой гаргаж байсан нь манай шинэчлэлийн багийнханд их урам зориг өгдөг байсан. Ер нь сэтгэл байхад шийдэл ямагт олддог гэж хэлэх дуртай үгээрээ ярилцлагаа өндөрлөе дөө.

Зураг