Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

"Эх орныхоо хилийг явган тойрсон анхны хурандаа боллоо"

Н.Гэрэл
2017 оны 9 сарын 15
Зууны мэдээ
Зураг зураг

Эх орныхоо 14 аймаг 72 сумын нутгаар дамжин арав гаруй мянган км замыг нэг жил 12 хоногийн хугацаанд явганаар туулсан бэлтгэл хурандаа В.Дамдинсүрэнтэй ярилцлаа.

-Сайн явж ирэв үү. Монгол Улсынхаа хилийг тойрох аяллаа дуусгаад ирсэнд баяр хүргэе?

-Сайн явж ирлээ. Ямар ч байсан мөрөөдөж байсан мөрөөдөл, зорьсон зорилгоо биелүүлж чадсандаа баяртай байна. Энэ аялал маань эрүүл амьдралын хэв маягт уриалан дуудаж, эрүүл,  аз жаргалтай амьдрал бол хүн бүрийн хамгийн дээд хүсэл мөрөөдөл юм шүү гэдгийг л харуулахыг хүссэн тийм аялал боллоо.

-Тэгэхээр энэ аялал таны мөрөөдөл байжээ?

-Тийм ээ. 26 жилийн өмнөөс мөрөөдөж, бодож төлөвлөсөн аялал. Яагаад гэхээр зах зээлийн нийгэмд шилжээд удаагүй байсан Монгол улсыг дэлхийд таниулж, монгол хүний эр зориг, тэсвэр хатуужлыг харуулахаар таван залуу “Гарын таван хуруу” баг болон дэлхийг явганаар тойрч байсан. Тэр үеэс л Монгол Улсынхаа хилийг явганаар тойрохыг мөрөөдөж эхэлсэн.

Энэ талаараа гэр бүлийнхэн, найз нөхөд, хилчдэдээ ч ярьдаг байсан. Тухайн үедээ ажил албатай болохоор үүргэвч үүрээд алхах боломж, бололцоо байгаагүй л дээ. Тэгээд л тэтгэвэрт гараад аяллаа хийе гэсэн битүүхэн бодолтой байсан. Энэ бодол маань ч зөв байсан.

-Тэтгэвэрт гарсны дараа аялах боллоо гэдгийг сонсоод хүмүүс хэрхэн хүлээж авав?

-Би Хил хамгаалах байгууллагад 32 жил ажиллаад цэргийнхээ тэтгэвэрт гарсан.

Хүмүүс тухайн үед “Та нөгөө ярьдаг аяллаа хийх хэвээрээ юу”, “Хэзээнээс эхлэх вэ?”,“Хэдүүлээ яаж явахын” гээд л их асуусан. Тэгээд л заавал аялах ёстой гэж зорилго шулуудсан. Хүмүүс, найз нөхөд ч тэр янз бүрээр л хүлээж авсан. Нэг хэсэг нь “Боломжгүй. Чи үхэх нь үү” гэж хэлж байсан нь ч бий.

-Та бие бялдрын болоод сэтгэлзүйн бэлтгэлээ хэрхэн хангасан бэ?

-Аялал гэдэг тоглоом, зугаа цэнгэл биш. Бэлтгэл хийж эхлэхдээ адал явдалт аяллын холбооны үйл ажиллагаанд оролцож, аяллын талаар өөрийн гэсэн мэдлэгтэй болсон. Тэгээд зургаан сард тэтгэвэртээ гараад арванхоёрдугаар сард ШУТИС-ийн харьяа Механик тээврийн сургуулийн дэргэдэх “Тэмүүлэл” спорт аяллын клубийн тамирчин болж, 2015 оны туршид Монгол болон ОХУ-ын нутаг дэвсгэрт зохион байгуулагдсан уртын аялалд оролцсон.

Мөн Монголдоо болсон ойрын аялалд оролцож, олон мянган км зам туулсан тамирчидтай нөхөрлөн тэднээсээ хэрэг болох зүйлүүдээ сурч авсан даа. Тэгээд Хил хамгаалах байгууллагынхаа удирдлагад танилцуулахад энэ аялал бол зөвхөн таны биш хилчдийн аялал байх болно. Бид бүх талаар дэмжинэ гэсэн. Үүний дагуу бүх л застав, отрядын тусгай томилгоот бүлгийнхэн хамт аялсан.

Миний аяллын удирдамжийг тухайн үеийн Засгийн газрын Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайд, ХХЕГ-ын дарга, МҮОХ-ны ерөнхийлөгч, Монголын адал явдалт спорт аяллын холбоо (МАЯСАХ)-ны ерөнхийлөгч нар баталсан “Эрүүл чийрэг Монгол хүн” гэсэн нэртэй аялал байгаа юм.

-Хилийн цэргийн бэлтгэл хурандаа улсынхаа хилийг тойроод алхана гэхэд яг үнэндээ надад хүртэл боломжгүй мэт санагдаж байсан шүү?

- Хурандаа цолтой хүн гэхээр л цэрэг загнаж, машин унасан нэг дарга байдаг гэсэн ойлголт байдаг. Би аяллаараа энэ ойлголтод цэг тавихыг хүссэн. Энэ хүмүүс ажил, амьдралаараа ч, эрч хүч, тэсвэр тэвчээр, бие бялдрын бэлтгэлжилт гээд бүх л талаараа бусдаасаа ялгарч чадсан байдаг юм шүү. Энэ зорилгодоо хүрч Монгол Улсынхаа хилийг явган тойрсон анхны хурандаа цолтон боллоо. Хүн эрүүл чийрэг, эрч хүчтэй байвал ямар ч бэрхшээлийг давж чадна. Хүнд нас нөлөөлдөггүй юм шүү гэдгийг нотлохыг мөн хүссэн.

-Таны аялалд оролцсон хүмүүсийн тоо гарсан уу?

-1,000 гаруй хилчид оролцсон. Энэ аялал маань маш олон хилчний тэсвэр тэвчээр,бие бялдрын бэлтгэлжилтийг шалгасан.

-Таны аяллын замнал Монгол Улсын хилийн уртаас өөр тоо гарсан байна. Энэ нь замын байдлаас хамааралтай байх даа?

-Тийм. Яагаад гэхээр Улсын хилийн 8,252,6 км гэдэг маань шулуун шугамаар тэмдэглэгдэж, хэмжигдсэн байдаг. Би болохоор уул тойрно, буцаж уруудна, гол, жалга гарна гээд эргэж буцсан замаар явж байгаа болохоор 10,200 км болсон. Уг нь төлөвлөж, зураг дээр хийсэн тооцоогоор бол 11,150 км замыг нэг жилийн хугацаанд туулах байсан.

Гэхдээ цаг агаарын байдал зэрэг асуудлаас шалтгаалаад зарим харуул, хилийн багана, түүхийн дурсгалт газруудад очоогүй. Тэгээд л анх төлөвлөснөөс 900 км газар хасагдсан. Энэхүү аяллаа би наран ургах зүгийн Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг Шилийн богд уулнаас эхэлж нэг жил 12 хоног аяллаа.

-Аяллаа заавал идэр есийн хүйтэнд эхэлсэн шалтгаан нь юм бол. Тэр талын жавар тачигнаж, цас шамаргалсан -40 градусын хүйтэнд үүргэвчээ үүрээд аялалдаа гарахыг тань хараад зогсож байхдаа арай дулаан орохоор явж болоогүй юм болов уу гэж өөрийн эрхгүй бодсон шүү?

-Энэ их учиртай. Миний аяллын хугацаа нь бүтэн жил байсан. Монгол Улсынхаа аль нэг хэсэгт нь өвөл явж таарна. Өвлийн цагт Ховд, Баян-Өлгийн хэсэгт боломжгүй. Мөн Увс, Завхан, Хөвсгөл гээд хойд болон зүүн хилээр явахад хүнд шүү дээ. Тиймээс тал, хээрээс эхэлсэн нь дээр юм байна гэж бодсон. Тал хээр маань цас их ордог ч даваа, гүвээ, том гол.мөрөн, ой мод гэх мэтийн алхахад бартаа саад болох зүйл багатай.

-Та анх өдөрт 25 км явахад жилийн хугацаанд тойрчихно гэсэн тооцоо гаргасан байсан. Энэ тооцоогоороо явсан уу?

-Анх миний тооцоогоор өдөрт доод тал нь 25 км явах ёстой байсан. Гэхдээ застав, отрядад очоод уулзалт яриа хийнэ,үдэшлэг уулзалт зохион байгуулна. Ядраагаагаа тайлж амрах тамир тэнхээгээ сэлбэхэд хоног хугацаа гаргах зэргийг тооцсон учраас 25-аас дээш км алхаж байж дээрх цаг хугацааг гаргах шаардлагатай байсан. Тийм учраас л шахуу явсан.

Сүхбаатар, Дорноговь,Өмнөговь аймгийн нутагт 25-60 км хүртэл алхсан. Харин Баянхонгор, Говь-Алтайн зааг Цэнхэр Номингийн говьд өдөрт 70 км алхсан. Энэ говийг манай хилчид мэднэ дээ. Гүрвэлээс өөр амьтангүй, шувуу ч нисдэггүй газар шүү дээ.

-Аяллаа үргэлжлүүлэх боломжгүй цаг агаарын хүндрэл бэрхшээл тулгарч байв уу?

-Харьцангуй гайгүй. Арван цагт 90 км алхах үед бол цаг агаар маш тохиромжтой байсан. Араасаа салхитай халууцахааргүй байсан. Тэр хурдтай явж байхад халууцахгүй байна гэдэг маань хүйтэн байсан л гэсэн үг л дээ. Харин гуравдугаар сард говийг туулахад халуун болоогүй ч хөл хөлрөөд оймс нороод алхахад бэрхшээлтэй үе байсан.

Оймсоо тайлж хатааж аваад л аяллаа үргэлжлүүлнэ. Хэдийгээр энэ нь алхахад хүндрэлтэй байсан ч аагим халуун биш учраас говийг амжилттай туулсан.

-Та өмнө нь очиж байгаагүй эсвэл төдийлөн анзаарч байгаагүй хилийн хэсгийнхээ байгаль, цаг уур, газар нутгийн онцлогтой жинхэнэ утгаараа танилцаад ирсэн байх даа?

-Би зуны эхэн сард, ер нь тавдугаар сард л Баян-Өлгийд очно доо гэсэн тооцоотой байсан. Энэ тооцоогоороо ч явсан. Тавдугаар сарын 15-16-ны үед гурван метр зузаан хунгарласан цасан дээгүүр явсан. Баян-Өлгий аймгийн Алтай сумын нутагт байдаг заставын хариуцсан хэсэгт байдаг Ёлтын даваагаар давах боломжгүй учраас бид Гэр хадны даваагаар давсан. Ангийн тусгай томилгоот бүлгийнхэнтэй бүтэн өдөр мацаж байж давсан.

Бүрэнхий болоход давааныхаа орой дээр нь дөнгөж гарсан. Маш их салхитай. Хөлдөж үхэхгүйн тулд уруудаж хадны нөмөрт хоноод хөндийгөөрөө уруудсан. Тэгж явахдаа даваа өгсөж яваад цасанд боогдоод дарагдчихсан хоёр 3ил-130 машиныг харсан. Бидний тооцоогоор цас нь гурван метр байсан.

-Хилчин бүр очиж чаддаггүй аглаг тайгын дунд орших Минжийн застав тавд ямар сэтгэгдэл үлдээв?

-Очихоосоо өмнө заставынхантай болон заставт ажиллаж байсан ахмад хилчидтэй уулзаж зам харгуйгаа ярьж, заавар зөвлөгөө авсан. Би тэдний заасан замыг GPS-д оруулаад л явсан. Минжийнхэн их сайхан хүлээж авсан. Аргагүй л хүний мөрөөсөл болсон байсан. Үдэшлэг уулзалт зохион байгуулахаас гадна үүргэвчиндээ авч явж байгаа зүйлсээ дэлгэн үзүүлж, тэдэнд хэрэгтэй зүйлээсээ өгсөн. Минжийнхэн байгаль цаг агаарын маш хүнд нөхцөлд амьдардаг юм байна лээ. Газар нь өндөрлөг, бүгчим учраас даралт ихсэх магадлал маш өндөр газар байна лээ.

-Та бүхэн аялахдаа их том үүргэвч үүрээд л гардаг шүү дээ. Ядрахад их л хүнд баймаар эд харагдсан. Таны үүргэвчний жин хэд вэ?

-Бүх авч явдаг зүйлээ жагсаавал 100 гарах байх. Үүн дээр хоол, хүнсээ нэмбэл 35-40 кг болно. Миний аяллын хоол хүнс, усыг хилчин маань хариуцаж байсан болохоор харьцангуй хөнгөн. Тогтмол 20 кг ачаатай явсан.

-Уран бүтээлч хүний хувьд үзэсгэлэнт сайхан газар орон, үдэн гаргаж. угтан авч байгаа хилчдийн сэтгэл гээд л догдлохгүй байхын аргагүй зүйл олон байсан байх. Энэ бүхнийг шингээсэн уран бүтээл хийв үү?

-Аяллынхаа турш тэмдэглэл бичиж явсан. Олон олон санаа, сэдлүүд төрж,1 тэмдэглэж явлаа. Эргэж сөхөөд харах юм бол шинэ уран бүтээлийн санаанууд гарч ирнэ. Аялах явцдаа өдрийнхөө алхалтыг дуусаад хоол идэж, норсон хувцас хунараа хатаагаад. бие бүрэлдэхүүнтэй уулзалт, яриа хийгээд л амарч байсан. Ер нь их шахуу явсан. Нойроо бүрэн авахын тулд орой 23:00 цаг гэхэд амрахаар хэвтэж байсан. Ядрахгүйн тулд цагийн хуваариа маш нарийн барьсан. Тэрнийхээ хүчинд ч  ядралт, жин алдагдал багатай байсан болов уу.

-Хилчидтэйгээ хамт аялаад явахад хөгжилтэй зүйл олон тохиолдсон байх даа?

-Сулинхээрийн хилийн отрядын хариуцсан хэсэгт байдаг Харанхуйн аманд очлоо. Энэ нь Хөх чоно гэж шилийн сайн эр гардаг “Их замын эхэнд” киноны зургийг авсан газар л даа. Тэгэхэд бидэнтэй хамт отрядоос томилогдсон дэд ахлагч Динасл, Баяржаргал гэж хоёр залуу явлаа. Казак нь монголоор муу ярьдаг, Баяржаргал болохоор жаахан бөөрөнхий хэлтэй. Надтай алхахаар явахад ангийн дарга нь “Та хоёр хурандаатайгаа байнга ярьж яваарай. Ирэхдээ хэлээ сайжруулсан бай” гэсэн үүрэг өгч л дээ.

Тэр хоёр ч үүрэг даалгаврыг нь сайн биелүүлж явлаа. Би киноны нэр нь орж ирэхгүй болохоор Хөх чоно гардаг кино үзсэн биз дээ гээд л яриад байлаа. Тэгээд кинон дээр гардаг жижигхэн хаданд тогтсон нуурын хажууд очоод “Яг энд Хөх чоно суугаад гадаадын хоёр хайгуулчинтай ярьж байдаг юм даа” гэтэл Динасл “Тэр чоно тэгээд хүний хэл ойлгодог чоно юм уу” гэж асууж бид бөөн инээдэм болсон. Манай хүн хүний хэл мэддэг чонын тухай л яриад байна гэж ойлгосон шиг байгаа юм.

-Санаанд тань хамгийн тодоор үлдсэн зүйл?

-Аялал бүхэлдээ мартахын аргагүй сайхан байсан. Заставт очиход бүгд л миний үгийг нь зохиосон “Хилчин заяа” дуу эгшиглээд, хадаг, сүү бариад угтана. Тэр болгонд л би огшино, уйлна, сэтгэл хөдөлнө, баярлана. Энэ бүхэн надад асар их эрч хүчийг өгч байсан. Би олон жилийн насыг хил, хилчдээсээ авлаа гэж бодож байна.. Энэ их хүндэтгэл, хайрыг юугаар ч илэрхийлэхийн аргагүй байлаа. Ажиглаж байхад хилчид маань гэр бүлийнхээ амьдралд асар их анхаардаг болжээ. Заставт ганц бие залуу маш цөөн байна билээ.

Төгсөөд дөнгөж ирсэн залуу ч гэр бүлтэйгээ. Нэгэнт хилчин болж энэ амьдралыг сонгосон хүн халуун ам бүлээрээ байвал санаа сэтгэл нь тогтвортой, ажил нь ч өөдрөг сайхан байна. Ханийнхаа өгсөн цай, хоолыг иднэ гэдэг сайхан шүү дээ. Энэ бүхнийг хараад их баярлаж байлаа. Мөн мөрдэс зүүсэн хилийн цэргийн хүний амьдралын онцлог юм уу даа. Аяллынхаа явцад олон хилчидтэйгээ хоёр дахь удаагаа уулзсан. Өмнөговьд таарч байсан залуу Хөвсгөлийн отрядын хэсэгт таарна. Баян-Өлгийд байсан залуу Халх голд томилогдсон байх жишээтэй.

Нэг зүйлийг онцлон хэлэхэд жилийн хугацаанд надтай гурав дахь удаагаа таарч уулзсан хүн байгаа. Энэ бол ахлагч Цэвээнжав гэж бүсгүй. Намайг Цагааннуурт очиход тэнд холбоочин байсан. Дараа нь Сэлэнгэд очиход байсан. Сая би Халх голд очиход мөн л таарсан. Тэгээд “Гурав дахь удаагаа таарлаа. Ямар ажлаар явж байгаа юм” гэсэн чинь Найз залуу руугаа явж байна. Энд заставт ажилладаг гэсэн. Тэгэхээр манай хилчид ямар их хүнд бэрх бас гайхамшигтай замыг туулж, амьдралынхаа төлөө тэмцэж байна вэ гэж их бахархсан. Хоёр залуудаа аз жаргалтай, сайн сайхан амьдрахыг хүсье. Бахархмаар байсан шүү.

-“Нийгмийн эрүүл мэндийн элч” хэмээх өргөмжлөлийг хаанаас, хэрхэн олгодог юм бэ?

-Үүний учир нь би бүгэн жил тасралтгүй өдөр бүр 25-ээс дээш км замыг туулах гэж байгаа учраас хүний бие организмын тэсвэр тэвчээр, дасан зохицох чиглэлээр судалгаа хийдэг байгууллагад хандаж, судалгаанд нь оролцъё, өөрийгөө мэдье, шалгаж үзье гэж бодсон. Тэгээд НЭМХ Одоогийн Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв очоод удирдлагатай уулзаж, аяллынхаа талаар танилцуулсан. Танай ажилд тусалж ажиллая гэсэн санал тавьсан. Энэ саналыг удирдлага нь сонсоод “Бид нийгмийн эрүүлжүүлэх чиглэлээр маш олон төрлийн сургалт, сурталчилгаа, судалгааны ажил явуулдаг.

Энд хамгийн том байр суурь эзэлдэг нь хөдөлгөөн-эрүүл мэндийн асуудал байцаг. Тэгэхээр таны энэ аялал хөдөлгөөн-эрүүл мэнд болохын бодит баталгаа болох юм байна. Бид таныг “Нийгмийн эрүүл мэндийн элч” болгон зарлая” гэсэн. Тэгээд л ийм өргөмжлөл авсан хэрэг. Тэгээд “Та уулзсан хүн бүхэнд, уулзалт болгондоо хөдөлгөөн-эрүүл мэнд, хөдөлгөөний ач тус, амьдралын зөв хэвшил, эрүүл мэндийн  боловсролын чиглэлээр ярьж яваарай” гэж хүссэн. Энэ үүргийнхээ дагуу отряд, анги болгондоо 30-40 минутын яриа хийж явлаа. Маш олон хүнд үйлдэл, үг маань эрүүл сайхан амьдрах санаа сэдэл төрүүлсэн байх аа гэж бодож байна.

-Таныг аялсны дараа хилийн хоёр ч анги спорт аяллын клубтэй болсон. Энэ таны аялал, яриа танилцуулга хилчдэд хүрч, "Нийгмийн эрүүл мэндийн элч”-ийнхээ үүргийг сайн гүйцэтгэжээ гэж бодогдлоо?

-Би аяллынхаа явцад нэгдүгээрт МАЯСАХ-ныхоо үйл ажиллагааг сурталчлах, аялагч тамирчдынхаа болон клубийн тоог нэмэх зорилго агуулсан. Мэдээж аяллын шинэ зам, маршрут гаргах нь нэгдүгээр зорилго.Ер нь аяллын спорт хурд, хүчний гэхээсээ илүү тэсвэр, тэвчээрийн бэлтгэл шаарддаг.Ямар ч насны хүнд тохирно. Олон хилчин аяллын спортод дурлаж, хичээллээсэй гэж бодож байгаа.

Аяллын спортыг ойлгож “Хилчин” клуб нээсэн хурандаа Б.Батхүү захирагчтай Хилийн 0131 дүгээр ангийн хамт олонд баярлалаа. Мөн хурандаа Н.Гантулга захирагчтай Хилийн 0184 дүгээр ангийн хамт олон “Оргил” клубээ байгуулсанд баярлалаа. Энэ ангийнхан маань миний аялал эхлэхэд хамт байсан, дуусахад мөн л хамт байлаа.

Зураг