Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/14-НД НИЙТЛЭГДСЭН

Гэр бүлийн долоон хүнээ авто ослоор алдсан эмэгтэй АТГ-т хандлаа

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 9 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

2016 оны наймдугаар сарын 5-нд Төв аймгийн Аргалант сумын Хөшөөтийн хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт автын осол болж нэг гэр бүлийн долоон хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байдаг.

Амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэн өнөөдөр Авлигатай Тэмцэх Газарт хандаж буйгаа мэдэгдлээ.

Тэд Авлигатай Тэмцэх Газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн бөгөөд хэргийн газраас зугтсан шаргал өнгөтэй машиныг олж, хэргийн үнэн мөнийг илрүүлэхийг хууль хяналтын байгууллагуудаас шаардаж байгаа юм байна.

Энэ талаар амиа алдсан жолоочийн төрсөн эгч Х.Алгирмаа “Осол болохыг харсан гэрчийн хэлснээр манай дүүгийн машиныг нэг машин шахсаны улмаас эсрэг урсгалд явж байсан “Тоёота Ланд-200” маркийн автомашинтай мөргөлдөж, замын хажуу руу шидэгдсэн. Ингээд 10-20 минутын дараа машинд гал гарсны улмаас зорчигчид бүгд шатаж амиа алдсан юм билээ. 

Тэнд байсан бүх машинууд туслах гэж хичээсэн, хэргийг харсан гэрчүүд зөндөө бий. Дүүгийн маань машиныг шахсан шаргал өнгөтэй машин хэргийн газраас зугтсан. Гэрчүүд сандарсан учраас машины дугаар, маркийг харж амжаагүй байдаг.

 
Гэрэл зургийг MPA.mn

Машинд манай дүү хоёр хүүхэд, хадам аав, ээж, хадам эгч болон түүний 7 сартай хүүхдийн хамт явж байсан бөгөөд нэг нь ч амьд үлдээгүй.

Хэрэг болсноос жилийн дараа гэхэд гурван удаа прокурор солигдож, гурван удаа хэрэг хаагдсан байна. Хаагдсан шалтгааныг эзэн холбогдогч нь нас барсан, хариуцлага хүлээх хүн байхгүй гэж тайлбарлаж байгаа. Тэр осол юунаас болж гарсан, осолд орсон машин ямар шалтгаанаас болж урсгал сөрсөн бэ гэдгийг цагдаагийн байгууллагаас тогтоогоогүй.

Мөн осолд орсон машиныг шахаж эсрэг урсгал руу оруулаад зугтсан жолоочийг олоогүй байгаа.

Бид анх хэргийн газар ажилласан байцаагч, баг бүрэлдэхүүнд гомдолтой байгаа учраас Авлигатай Тэмцэх Газарт хандаж байна” гэв.

 
Гэрэл зургийг MPA.mn

Амиа алдсан жолоочийн ээж Ц.Бат-Өлзий  “Энэ хэрэг бүтэн жил болоход урагшаа явсангүй. Олон хүний гараар дамжиж өнөөг хүрлээ.

Бид ажил явдлын дараа Төв аймгийн Лүн сумын камерыг шүүлгэх гэсэн боловч тухайн үед ажиллаж байсан мөрдөн байцаагч хойшлуулсны улмаас шүүлгэж чадаагүй. Бид хувиараа очиж шүүх гэсэн боловч хэд хоногийн өмнө хүмүүс ирж шүүгээд кодолсон байна гэсэн. Камерын бичлэгийг устсан байх гэж би бодож байна.

Энэ хэргийг би Авлигатай Тэмцэх Газарт өгөхөөс өөр аргагүй. Энэ төрд ийм бохир хүмүүс ажиллаж байхад бид бүгд яаж амьдрах юм бэ” хэмээсэн юм. 

Талийгаачдын ар гэрийнхэн хэрэг хаагдсанд гомдолтой байгаа бөгөөд хэргийн үнэн мөнийг тогтоолгох хүсэлтэй байгаагаа ийнхүү илэрхийлэв. 

 
Гэрэл зургийг MPA.mn
 
Гэрэл зургийг MPA.mn
 
Гэрэл зургийг MPA.mn
 
Гэрэл зургийг mpa.mn