Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/13-НД НИЙТЛЭГДСЭН

“Салхийг мэдэр” нүүдлийн урлан хөтөлбөр 10 дахь жилдээ хэрэгжиж байна

А.Намуун, iKon.mn
2017 оны 9 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Монголын Урлагийн Зөвлөл, (МУЗ) Солонгосын Урлагийн Зөвлөлтэй хамтран “Салхийг мэдэр” нүүдлийн урланг 2017 оны есдүгээр сарын 08-19-нд Улаанбаатар хот болон Дундговь аймагт зохион байгуулж байгаа юм.

МУЗ нь Монголын залуу уран бүтээлчдэд шинэ уран бүтээл туурвих орон зайг бий болгох, урлагийн салбарт олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор 2008 оноос хойш “Цаг хугацаа ба орон зай” нүүдлийн урланг дүрслэх урлаг, хөгжмийн урлагийн чиглэлээр жил бүр зохион байгуулж ирсэн.

2015 оноос уг хөтөлбөр нь “Салхийг мэдэр” сэдвийн дор орчин үеийн хөгжмийн урлагийн чиглэлээр зохион байгуулж, Монгол-Солонгосын хөгжимчдийн хамтын ажиллагааг дэмжин, харилцан туршлага солилцох, шинэ хөгжим хамтран туурвих боломжийг олгож байгаа билээ. 

“Салхийг мэдэр” нүүдлийн урланд  Морин Хуурын  Чуулга, “Монгол онгод” хамтлагийн нийт 4 уран бүтээлч, Солонгосын орчин үеийн хөгжмийн “WHOOL” хамтлагийн 8 гишүүн оролцож, Монголын говийн үзэсгэлэнт газруудаар аялан, гоцлол, цөөхүүл хоршил гэх мэт бүрэлдэхүүнээр чөлөөт хэлбэрээр шууд зохиомжлон хөгжимдөж, байгалиас онгод урам авч, өөрсдийн бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэн бүтээлээ туурвиж буй юм.

 

Солонгосын WHOOL хамтлаг нь 2003 онд байгуулагдаж, дэлхийн 13 оронд өөрсдийн тоглолтыг зохион байгуулж, Солонгосын үндэсний хөгжмийн хэмнэлийг орчин үеийн хөгжимтэй хослуулж контемпорари поп урсгалаар бүтээлээ туурвидаг хамтлаг юм. Уг хамтлаг нь Монголын хөгжим сонирхогчдод зориулж 2017 оны есдүгээр сарын 9-нд UB Jazz Club-т өөрсдийн урын сангаасаа сонирхуулсан. 

Хөтөлбөрийн үр дүнд Монгол Солонгос уран бүтээлчдийн хамтарсан, хөгжмийн шинэ бүтээлийн тоглолтыг есдүгээр сарын 18-нд ганцхан удаа зохион байгуулах ба тоглолтын хөгжмийн үндсэн бүрэлдэхүүнд морин хуур, лимбэ, аман хуур, хөөмий, уртын дуу болон Солонгосын үндэсний хөгжмүүд, цахилгаан гитар, даралтат хөгжим зэрэг Монгол, Солонгос, Европ хөгжмүүд багтах бөгөөд орчин үеийн шинэлэг хөгжмийн бүтээлийг үзэгчдэд толилуулах гэж байна.

МУЗ нь Монгол ба өөр улс үндэстний хооронд соёлын солилцоог хөхүүлэн дэмжих энэхүү бүтээлч урланг зохион байгуулж, угсаатны хөгжмийн соёлын олон төрөл зүйлсийг багтаасан, сэтгэлийн таашаал авчрах шинэ хөгжмийг жил бүр үзэгч олны хүртээл  болгож байгаадаа баяртай байгаа аж.

Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг МУЗ-ийн 11-319015 утсаар авах боломжтой.