Монголын Банкны Холбоо, Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яам, Ариг банкнаас хамтран "Монгол Улсын Тогтвортой Санхүүжилтийн Форум 2017" арга хэмжээ маргааш зохион байгуулах гэж байна. Энэ талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Энэ жилийн форум "Тогтвортой санхүүжилтийг түгээн дэлгэрүүлэх олон талт хамтын ажиллагаа" сэдэв дор зохион байгуулагдаж байгаа бөгөөд олон улсын байгууллагуудын өндөр түвшний төлөөлөл оролцож буйгаараа онцлогтой болж байгаа аж.
Монголын Банкны Холбооны Гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат: " МБХ болон түүний гишүүн банкууд нь холбогдох олон улсын байгууллагуудын дэмжлэгтэйгээр Монгол Улсын ногоон эдийн засгийн өсөлтөд хувь нэмрээ оруулах зорилгоор тогтвортой санхүүжилтийг санаачлан эхлүүлж, Монгол Улсын байгаль орчин, нийгмийн гол асуудлыг тусгасан "Тогтвортой санхүүжилт"/ТоС/-ын зарчмуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байна.
Энэхүү зарчмууд нь банкнаас санхүүжүүлж буй байгаль орчин, нийгмийн эрсдэлийг тодорхойлж бууруулах, цаашлаад ногоон төслүүдийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд банкуудад дэмжлэг, чиглэл өгөх зорилготой" гэлээ.
БОАЖЯ-ны Ногоон Хөгжлийн Бодлого, Төлөвлөлтийн Газрын дарга Т.Булган:
Манай яам 2013 оноос эхлээд тогтвортой санхүүжилтийн хөтөлбөрийг дэмжиж ирсэн. Бидний хувьд байгальд ээлтэй, хүлэмжийн хийн ялгарлыг багасгасан, орчны бохирдлыг бууруулсан аливаа санаачлагыг дэмжиж байдаг.
Тэгэхээр тогтвортой санхүүжилтийг дэмжих хүрээндээ бид бодлогын зөвлөгөө өгч, сургалтыг зохион байгуулж ирсэн. Хамтын ажиллагаа маань өргөжиж байгальд ээлтэй төсөл хөтөлбөрийг дэмжих, боловсруулах, ногоон санг байгуулах ажлыг 2016 оноос хойш хамтран ажлын хэсгийг байгуулан ажиллаж ирсэн.
Орчин тойрныхоо нөхцөлийг судлах, хууль тогтоомжийн хүрээнд судалгаа шаардлагатай учир үүнийг олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлсэн" гэлээ.
Форумын үеэр Ногоон зээлийн сан байгуулах санаачилгын хүрээнд хийгдсэн бэлтгэл ажлуудыг танилцуулах аж. Энэ жилийн Форумд 400 гаруй хүн оролцохоор бүртгүүлжээ.
Форум 2017оны есдүгээр сарын 14-ний 09:00 цагт Шангри Ла зочид буудалд болох юм.