Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/12-НД НИЙТЛЭГДСЭН

"Сайхан амьдралд хүрэх эсрэг зам” номоос сурч болох АЗ ЖАРГАЛЫН зургаан алтан дүрэм

МОНСУДАР
2017 оны 9 сарын 12
Монсудар
Зураг зураг

Битгий хичээ! Эерэг хандлагыг хараал идэг! Шүүгээн дэх мангасуудтайгаа нүүр тул! Хувь хүний хөгжил, өөртөө туслах номын лангуун дээрээс иймэрхүү үгстэй номыг олж уншина гэж хэн нэгэн зүүдлэх ч үгүй нь лавтай. Гэхдээ л энэ зүүд биелэх бололтой. 

2016 оны есдүгээр сарын 13-нд Харпер Коллинс хэвлэлийн газраас худалдаанд гарсан даруйдаа бэстселлер болж, өнөөг хүртэл дэлхий даяар уншигчдыг ид хуйлруулж буй “Тоомжиргүй амьдрах бяцхан урлаг: Сайхан амьдралд хүрэх эсрэг зам” хэмээх энэхүү номыг Монсудар хэвлэлийн газар тун удахгүй уншигчдад хүргэх гэж байна.

Үргэлж л өөдрөг бай, шилдэг нь бай, илүү хичээ, илүү дээр ертөнцийг бүтээ гэх мэт хэтэрхий эерэг зөвлөгөөнүүдэд дарагдан тэрхүү зөвлөгөөг хэзээ ч дагаж чаддаггүйдээ бухимдах үе бидэнд бишгүй л тохиолддог. Тэгвэл энэ ном бодит байдлыг ойлгуулж саад бэрхшээлээ ялан дийлэх, шалдар булдар зүйлст стрессдэн өөрөө өөрийгөө үгүй хийхгүй байхыг санал болгох ажээ. 

Өдөрт хоёр сая гаруй хандалттай алдарт блоггер Марк Мэнсоны бичсэн “Тоомжиргүй амьдрах бяцхан урлаг: Сайхан амьдралд хүрэх эсрэг зам” номыг худалдаанд гарахаас өмнө, энэхүү номоос сурч болох аз жаргалын зургаан алтан дүрмийг бид та бүхэндээ танилцуулъя.


1. Сайхан амьдралын гол түлхүүр нь хамгийн шилдэг, бусдаас дээгүүр байхад үл оршино.

Маш олон хүн “Сайхан амьдралын гол түлхүүр нь бусдаас илүү байх юм” гэсэн буруу ойлголттой явдаг. Тэд бусдаас илүү их мөнгө олж, бусдаас дээгүүр ажил хийж, бусдаас илүү үнэтэй машин унаж, бусдаас илүү сайхан эхнэр/нөхөр дагуулан, бусдаас илүү том бусдаас илүү тансаг байшинд амьдрахыг сайхан амьдрал хэмээн андуурдаг. Энэ бүгд хэдийгээр аятайхан сонсогдож байгаа ч үнэн хэрэгтээ сэтгэл ханамж, аз жаргалтай амьдралын баталгаа биш юм. Эдгээр материаллаг зүйлсийг сайхан амьдралын шалгуур болгосноороо бидний амьдрал харин ч эсрэгээрээ “сайхан биш” болж хувирдаг. 

Үргэлж илүү, илүү, илүү - илүү ихийг авах, илүү ихийг өмчлөх, илүү ихийг хийх, илүү ихийг оролдох, илүү байх, бүх зүйлд санаа зовох хэрэгтэй гэсэн мэдээгээр бөмбөгдүүлэн, илүү гарах гэж байнга санаа зовсоор бүхнийг долоон дордуулчих ч тал бий. 

2. Илүү бага зүйлд анхаарал хандуулах нь илүү ихийг өгдөг.

Илүү бага зүйл илүү ихийг өгдөг. Энэ үг зөвхөн минималист үзэлтнүүдийн хий хоосон уриа лоозон төдий биш шүү. Илүү их зүйлд анхаарал хандуулж илүү их эд хөрөнгийг эзэмшиж тодорхойгүй ирээдүйн төлөө шаналах нь бидний амьдралыг илүү бараан, илүү утга учиргүй болгон хувиргадаг.

Энэхүү номд: “Бод доо. Та хэзээ нэгэн өдөр үхэх болно. Мэдээжийн зүйл байж болох ч таныг мартчихсан байх вий гэсэндээ сануулж байна. Та болон таны эргэн тойрон дахь бүх хүмүүс үхэх болно. Эндээс тэнд хүрэх богинохон цаг хугацаанд танд ач холбогдол өгөх зүйлс хязгаартай. Үнэндээ, маш бага” гэж сургадаг. 

3. Хүн бүрт асуудал бий.

Та онцгой биш. Хэн ч ганцаархнаа асуудалтай байдаггүй. Хэрвээ та асуудалтай байгаа бол сая сая хүмүүст тэр асуудал өнгөрсөнд нь байсан, одоо ч байгаа, мөн ирээдүйд ч байх болно гэсэн үг. Үүнийг мэдсэнээр асуудлыг багасгана эсвэл асуудал таныг бага зовооно гэсэн үг биш. Түүнчлэн та асуудлаас хохиролгүй үлдэнэ гэсэн үг ч биш. Зүгээр л танд асуудлыг өөр өнцгөөс харах боломжийг олгож түүнийгээ шийдвэрлэх хэрэгтэйг сануулна.

4. Саад бэрхшээлээ сонгож түүний өөдөөс сөрөн алх.

“Аз жаргал саад бэрхшээлийг шаарддаг. Бэрхшээл нь асуудлаас урган гардаг. Баяр баясал бол цэцэгс, солонго шиг газраас дэлбээлэн гараад ирдэггүй.” Амьдралын бүх л туршлага бидэнд үнэ цэнтэй хичээл болж байдаг. Тэр тусмаа бидэнд тохиосон таагүй явдлууд, бидний хийсэн алдаанууд бүр ч үнэ цэнтэй. Тэдгээр саад бэрхшээлийн ачаар бид амьдралдаа юу чухал, юу эс чухал болохыг илүү гүн ойлгож мэдэрдэг.

Тийм л учраас амьдралдаа тохиолдох аливаа саад бэрхшээлийг хүлээн зөвшөөрч тойрч бус, дайрч гарах нь чухал. 

5. Үргэлж зөв байх гэж хичээх хэрэггүй.

Бүх зүйлс буруу тийшээ эргэж, хүмүүс биднийг гомдоож, гэнэтийн явдлууд болдог. Эдгээр зүйлс биднийг зовоож зөв байх гэсэн үнэт зүйлтэй минь зөрчилддөг. Гэхдээ энэ бүхэн хэвийн гэдгийг ойлгох хэрэгтэй. Бодит амьдралд бид цаг үргэлж зөв байх боломжгүй бөгөөд энэ нь байх ёстой зүйл. Үргэлж зөв байх гэсэн бүтэшгүй хүслээ зүгээр л тавьж явуул, чөтгөр лүү нь тонилго. Хүнд аливаа сөрөг мэдрэмж төрөх бол хэвийн үзэгдэл. Сэтгэцийн хувьд эрүүл хүнд эерэг, сөрөг хоёр мэдрэмжийн аль аль нь төрж байх учиртай. Сөрөг мэдрэмжээ үгүйсгэх нь асуудлыг мөнхжүүлж байгаагаас шийдэж буй хэрэг биш юм.

6. Зарим зүйлээс татгалз.

Ямар нэг зүйл дээр бат зогсох нь өөр нэг зүйлээс татгалзахын нэр юм. “Эерэг байдал, хэрэглэгчийн соёл гэх нэрийн хүрээнд бидний ихэнх нь бүх зүйлийг хүлээн зөвшөөрч, хүлээн авахыг хичээх хэрэгтэй гэж заалгасан байдаг. Энэ нь ихэнх бодлын хүч гэсэн нэртэй номуудын гол тулганы чулуу болсон: ирэх боломжуудад нээлттэй бай, хүлээн зөвшөөр, бүх зүйлд, бүх хүнд тийм гэж хэлж бай гэх мэт” хэмээн Мэнсон номдоо дурдана. Түүнийхээр бид зарим зүйлсээс татгалзаж сурах хэрэгтэй. Түр зуур сайхан байхын тулд “татгалзлаас татгалзах” уу аль эсвэл зарим зүйлсээс татгалзаж утга учиртай амьдрах уу гэдэг нь таны л сонголт. 


Дотнын андтайгаа ярилцах мэт энгийн хэллэг, хөгжилтэй түүхүүдээр дүүрэн Марк Мэнсоны “Тоомжиргүй амьдрах бяцхан урлаг: Сайхан амьдралд хүрэх эсрэг зам” номыг уншсанаар таны амьдралыг үзэх үзэл өөрчлөгдөж, амьдралд тохиох саад бэрхшээлээ даван туулах асар их хүч, мэдлэгийг олж авах буй за. Энэ ном бол байдаг л нэг өөртөө туслах номуудын эсрэг хувилбар нь гэж товч дүгнэж болох юм. Дээр дурдсан зургаан дүрмээс гадна өөр бусад ухаалаг шийдэл, ашигтай зөвлөгөөнүүд энэ номд бий.