Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/12-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Алтанхүү: Энэ сарын 16-ны өдөр "108 Ганжуур гороо" эргэх ёслол болно

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 9 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Дашчойлин хийдээс 2017 оны есдүгээр сарын 16-ны өдөр Хүрээ Майдар бурхны сүншгийн ажлын хүрээнд "108 Ганжуур гороо" эргэх ёслолын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Майдар бурхны сүншигт залах Ганжуур, Данжуур судруудыг тус хийдээс өмнө нь зохих журмын дагуу авсан сүсэгтэн олон өөрсдийн судар дотор нэр болон ам бүлийн нэрсүүдийг бичиж үлдээсэн бөгөөд тус судруудыг Майдар бурхан дотор сүншиг болгон үүрд мөнхлөн залах юм. 

Зүүн хүрээ Дашчойлин хийдийн тамгын лам Ц.Алтанхүү: "Майдар  бурхныг бүтээх, сүншиг, дуганы ажлыг хийхдээ хуучин Майдар бурхныг бүтээхдээ тэмдэглэн үлдээсэн гол номлолуудыг барьж гүйцэтгэж байна. Сүншгийн ажлын явцад 108 Ганжуур, 10 Данжуур судрыг өргөн залж байгаа.

Майдар бурхантай уулзахын ерөөл барилдлагыг оршоох үүднээс тус ажилдаа нийт сүсэгтэн олноо хамруулан буян даган баясуулж, Ганжуур гороо хийхээр төлөвлөсөн.

Анх майдар бурхныг бүтээж байхад ард иргэд бүгд оролцож байсан. Учир нь Майдар бурхан өөрөө ирээдүйн бурхан. Тиймээс ирээдүйн сайн сайхныг бэлгэдэж сүсэгтэн олон бүгд энэхүү сайн үйлсэд нэгдэхийг уриалж байна" гэлээ.

Ганжуур, Данжуур эргэх ёслолын ерөнхий маршрут нь хуучин хүрээнд байсан 30 аймгийн сууринд эргэж, Дашчойлин хийдээс бүтэн нар зөв тойрох ба нийт 4 км замыг туулах юм. 

Майдар бурхны сүншгийн ажлын хүрээнд хийгдэж буй "108 Ганжуур гороо" ёслолд нэгдэх хүсэлтэй сүсэгтэн олон Дашчойлин хийдэд бямба гарагийн өглөө 09:00 цагт цугларан оролцох боломжтой юм байна.
 
Гороо эргэх маршрут