Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/12-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгосын эсрэг тавьсан шинэ хориг Монгол Улсад хэрхэн нөлөөлөх вэ?

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Даваа гарагт НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд 100 хувийн саналаар Хойд Солонгосын эсрэг өнөөг хүртэл хамгийн хатууд тооцогдох эдийн засгийн хориг арга хэмжээг авахаар болсон. Есдүгээр сарын 3-ны Ням гарагт Пёньян зургаа дахь цөмийн туршилтаа хийсэн нь ийм үр дүнд хүргэсэн юм.

Шинэ хоригийн заалтуудыг дэлгэрүүлж үзүүлбэл:

Газрын тос ба шатахууны хориг

Боловсруулсан газрын тосны бүтээгдэхүүний импортыг нь 55 хувиар бууруулж, жилийн хоёр сая баррелиар хязгаарлах хориг тавьсан. Үүнд бензин шатахуун багтаж байгаа. Түүхий газрын тосны импортын хэмжээг нь өнөөдрийн түвшнээс нэмэхгүй байхаар хязгаарлаж, зөвхөн Хятадын Дандоноос Синуйжу чиглэлийн хоолойгоор нийлүүлэх гарцыг үлдээж, бусад нийлүүлэх замуудыг бүрэн хаажээ. Мөн байгалийн хийг ямар ч хэлбэрээр Хойд Солонгост нийлүүлэхийг хориглосон байна.

Оёмол бүтээгдэхүүний хориг

Сүүлийн жилүүдэд дунджаар $760 саяын хэмжээнд хүрээд байгаа оёмол бүтээгдэхүүний экспортыг нь бүрэн хоригложээ. Энэ оны хоёрдугаар улиралд Хятад улс Хойд Солонгосоос $147.5 саяын бэлэн хувцас импортлосон нь тус улсаас авдаг нийт бүтээгдэхүүнийх нь 38 хувийг эзэлжээ.

Ажиллах хүч

Хойд Солонгосоос ажиллах хүч авахыг дэлхийн бүх улсуудад хориглож байна. Дэлхий даяар Хойд Солонгосын 100,000 орчим иргэн ажиллаж, жил бүр засгийн газартаа $5 тэрбумын орлого оруулдаг гэдэг. Харин хоригоос өмнөх гэрээгээр ажиллаж байгаа иргэд хугацаагаа дуустал ажиллах юм байна.

Нууц худалдаа

Хойд Солонгосын хориглогдсон бүтээгдэхүүнүүдийг хулгайгаар улс орондоо нэвтрүүлэхгүй байх үүргийг НҮБ-ын гишүүн бүх орнууд хүлээж байна.

Хамтарсан үйлдвэрүүд

Хоёр тохиолдлоос бусад Хойд Солонгостой хамтран ажиллах бүх аж ахуйн үйл ажиллагааг хоригложээ. Зөвшөөрөгдсөн хоёрын нэг нь Ялу гол дээр ажилладаг Хятад-Хойд Солонгосын хамтарсан усан цахилгаан станц, нөгөөх нь Оросын нүүрсийг бусад зах зээлд хүргэх зориулалттай Хасан-Ражиний төмөр замын төсөл байх юм.

Эдгээр хоригоос Монгол Улсад шууд нөлөөлөх заалт нь Хойд Солонгосын ажиллах хүч байж магадгүй. Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамны мэдээлснээр 2008 онд УИХ-аар соёрхон батлагдсан “Засгийн газар хооронд ажиллах хүч солилцох гэрээ”-гээр Монгол Улсад Хойд Солонгосын 1,761 иргэн ажиллаж байгаа гэнэ.

Жил бүр ажиллах хүчний хэмжээг тогтоож өгдөг бөгөөд 2014 онд 5,000, 2015 онд 3,873, 2016 онд 2,483 ажилчин авах квот тогтоож байжээ. Засгийн газар хоорондын гэрээний хугацаа 2017 онд дуусч байгаа юм байна. Хэрвээ талуудын аль нэг нь гэрээг цуцлах санал гаргахгүй бол хугацаа дахин таван жилээр сунгагдах нөхцөлтэй ажээ.