Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/12-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ iPhone-ийг танилцуулахын өмнөхөн “Хятадын Apple” шинэ утсаа зарлав

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 9 сарын 12
IKON.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Даваа гарагт “Хятадын Apple” хэмээх хоч зүүсэн Xiaomi компани шинэ гар утсаа Бээжин хотод танилцуулжээ. Тус компани Apple компанийг шинэ iPhone-оо зарлахаас нэг хоногийн өмнө өрсөж нээлтээ хийсэн нь зах зээлээс хуваалцах зорилготой нь холбоотой бололтой.

Компанийн гүйцэтгэх захирал Лэй Жүн “Mi Mix 2” нэртэй гар утсаа Бээжингийн их сургуулийн хурлын танхимд цугларсан 3,000 хүний өмнө танилцуулсан юм.

Лэй Жүн нь домогт Стив Жобсыг илтгэл тавих арга хэлбэр, хувцаслах хэв маягаараа дуурайдаг нэгэн.

Mi Mix 2 нь энэ оны ухаалаг гар утаснуудын гол хандлага болсон хүрээгүй дэлгэцийг нэг чухал үзүүлэлтээ болгожээ. Дэлгэцийн доод хэсгээс бусад талдаа дэлгэц ба ирмэг хоорондын зай нь 1-2 мм хүрэхгүй шахуу нарийн.

Хурууны сканнерийг ар талд гаргаж, нүүрний камерыг дэлгэцний доод талд шилжүүлсэн байна. Ингэснээр хүрээгүй шахуу дэлгэц биелэлээ олжээ.

Японд үйлдвэрлэсэн 18:9 харьцаатай, 5.99 инчийн LED дэлгэц нь Самсунгийн Galaxy S8 ба Note 8 утаснуудын дунд орох хэмжээтэй гэсэн үг. OLED шиг хурц тод биш ч гэсэн практик хэрэглээнд хангалттай сайн дүрслэлтэй.

Утасны яригчийг ирмэгийн дээд хэсэгт жижигхэн завсарт суулгаж өгсөн бол микрофоныг мөн доод ирмэгт байрлуулж, нүүрэн талд зай эзлэхээс сэргийлжээ.

Дотор тал руу нь өнгийвөл Qualcomm Snapdragon 835 процессор, 6GB RAM, 64, 128, 256 GB сонголттой санах байгууламж, 3,400mAh баттерей зэрэг үзүүлэлттэй.

Гадаад хийцийн хувьд утасны ар талыг керамик материалаар бүтээсэн байна. Нэг үгээр хэлбэл хөнгөнцагаан метал хүрээнд керамик эх биеийг суулгаж өгчээ.

12 Mp үзүүлэлттэй камерыг Японы Sony корпораци нийлүүлсэн байна.

Програм хангамжийн хувьд Android 7.1.1 Nougat систем дээр суурилсан Xiaomi-ийн MIUI 9 интерфэйстэй. Apple-ийн iOS системтэй төстэй харагдуулдаг MIUI9 нь энэ утсыг Android биш утас мэт мэдрэмж төрүүлдэг ажээ.

Зөвхөн Хятадын зах зээлд эхний ээлжинд гарах Mi Mix 2-ын үнэ 3,299 юаниас 4,699 юаний хооронд байх гэнэ. Энэ нь ам.доллараар $500-$720 орчим гэсэн үг.

 
 
 
 
 

 

Эх сурвалж: The Verge