Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/12-НД НИЙТЛЭГДСЭН

Ургац хураалтын явц удаашралтай байна

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 9 сарын 12
iKon.MN

Улсын хэмжээнд 2017 оны есдүгээр сарын байдлаар ургац хураалтын явц удаашралтай байгаа талаар өнөөдөр Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.

 
Гэрэл зургийг mpa.mn

Үндэсний статискийн хорооны Шинжилгээ судалгаа, түүврийн албаны статистикч Ю.Батзориг "Улсын хэмжээнд 2017 оны есдүгээр сарын 1-ний байдлаар 6.6 мянган тонн төмс, 14.1 мянган тонн хүнсний ногоо хурааж, 167.1 мянган тонн өвс хадлан, 1.4 мянган тонн гар тэжээл бэлтгэсэн байна.

Энэ нь өмнөх оны мөн үеэс хүнсний ногоо 2.2 мянган тонн (18.1%)-оор өсч, харин хураасан төмс 4.3 мянган тонн (39.3%), бэлтгэсэн өвс хадлан 213.5 мянган тонн (56.1%), гар тэжээл 1.2 мянган тонн (46.2%)-оор буурсан үзүүлэлт юм" гэв.

Өвс хадлан

Урьдчилсан төлөвлөөний дагуу энэ жил төмсний 74.5 хувь, хүнсний ногооны 44.6 хувийг хангахуйц ургац хурааж авах талаар ХХААХҮ-ийн сайд, Улсын ургацын комиссын дарга  П.Сэргэлэн хэлж байсан юм.

Мөн ургацын урьдчилсан балансаар 271.8 мянган тонн үр тариа, үүнээс 259.2 мянган тонн буудай, 102.3 мянган тонн төмс, 75.7 мянган тонн хүнсний ногоо, 23.6 мянган тонн тосны ургамал, 47.3 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар тогтоогдоод байгаа аж.