Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/12-НД НИЙТЛЭГДСЭН

30 дахь Ерөнхий сайдыг тодруулахаар бүлэглэлүүд нууцаар уулзаж эхэллээ

Б.Дамдин-Очир, Зууны мэдээ
2017 оны 9 сарын 12
Зууны мэдээ
 
Гэрэл зургийг mpa.mn

Мэргэжлийн Засгийн газар огцорч, МАН дараагийн Засгийн газраа байгуулах ажилдаа ороод байна. Одоогоор гарсан товтой шийдвэр алга.

Гэхдээ энэ нам дахь бүлэглэлүүд тус тусдаа цуглаж, Ерөнхий сайдад хэнийг томилуулахаа ярьж байна. Үүнийг эцэслэж байж Бага хурлаа товлохгүй бол улс төрийн ийм нөхцөлд улам том “зодоон” үүснэ гэдгийг хаана хаанаа ойлгож байгаа ажээ.

МАН-ын хамгийн том бүлэглэл буюу М.Энхболдыг тойрсон Хотын фракц уржигдраас цуглаж эхэлсэн байна. Энэ фракцыг МАНАН буюу ХАР ХҮЧ-ний гол цөм болдог гэж хэлж болно.

Энэ бүлэглэлийн төлөөллүүд болох УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр уржигдар уулзжээ. Ингээд Элчин сайд асан С.Баярыг “...Монголд ир” хэмээн дуудсан байна. С.Баяр уржигдар оройдоо иржээ. Мөн сайд асан Т.Бадамжунайг ч дуудсан байна. Тэрээр өчигдөр үдээс хойш Монголд ирсэн байна. Ингээд энэ фракцын удирдлагууд бүрдэж, өчигдөр уулзалдсан аж. Тэд Ерөнхий сайдад хэнийг зүтгүүлэх вэ гэдгээ эхний ээлжинд шийдэх юм.

Үүнээс өмнө С.Баяр, Т.Бадамжунай нар Сингапурт уулзаж энэ талаар мөн ярилцсан бололтой.

МАНАН буюу ХАР ХҮЧ-нийхэн шинэ Засгийн газрын тэргүүнээр хоёр хүний аль нэгийг зүтгүүлье гэж ярьж буй ажээ. Нэг нь УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Бямбацогт, нөгөөх нь УИХ-ын гишүүн Н.Энхболд юм байна. Н.Энхболдоосоо илүү С.Бямбацогт нь нөгөөдүүлийнхээ дэмжлэгийг авах магадлалтай гэнэ.

Юутай ч ойрын өдрүүдэд М.Энхболд, Ц.Элбэгдорж, С.Баяр, Т.Бадамжунай, С.Бямбацогт, Н.Энхболд гэсэн бүрэлдэхүүнтэй энэ ХҮЧ-нийхэн уулзалдаж асуудлаа шийднэ гэсэн үг.

Харин нөгөө талд нь У.Хүрэлсүх, Ц.Нямдорж, Сү.Батболд, Ч.Хүрэлбаатар нар уулзалдаж, хэнийгээ Ерөнхий сайдад зүтгүүлэхийг шийдэхээр ярилцаж байгаа. Учир нь У.Хүрэлсүх бол эргэлт буцалтгүй зүтгэнэ гэдгээ мэдэгдчихсэн. Гарын үсэг зурсан 30 гишүүн ч түүнийг дэмжихээ илэрхийлсэн байна. Дээрээс нь 5-6 гишүүн Засгийн газар унаснаас хойш нэмэгджээ. Гэхдээ У.Хүрэлсүх нөгөө нөхдүүдээс Ерөнхий сайдын албан тушаалд очих дэмжлэгийг авчихлаа гэсэн гэж ойлгож болохгүй.

Одоо Ц.Нямдоржоос ихээхэн зүйл хамаарах нөхцөл үүсээд байна. Яагаад гэвэл Л.Энх-Амгалан, Б.Чойжилсүрэн, Ц.Мөнх-Оргил нар Ц.Нямдоржийг “... Ерөнхий сайд болооч” гэж шахаад эхэлсэн. Энэ нь “Эм Си Эс” фракц гэсэн үг л дээ. Ц.Нямдоржийн хувьд энэ саналд тийм ч дургүй биш хандаж байгаа аж. “...Ч.Хүрэлбаатарыг Ерөнхий сайд болгохгүй бол би зүтгэсэн ч яахав” гэсэн дуулдаж байна. Тэгэхээр Ц.Нямдорж бол У.Хүрэлсүх, Сү.Батболд нараас салж нутаг ус, бас нөгөөх компаниа дагаж магадгүй.

Эндээс үзэхэд МАН-ын лидерүүд одоо гурван томоохон бүлэглэлд хуваагдаад байна гэсэн үг. МАНАН буюу ХАР ХҮЧ-ний М.Энхболд, Ц.Элбэгдорж. С.Баяр, Т.Бадамжунай нар “...Яадаг ч байсан У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болгож болохгүй. Ямар ч үнээр хамаагүй У.Хүрэлсүхийг энэ томилгооноос холдуулах хэрэгтэй” гэдэг зарчмаар ажиллаж байгал Дээрээс нь Ц.Нямдорж. өөрөө эсвэл Ч.Хүрэлбаатарыг Ерөнхий сайд болгоно гэчих гээд байлаг. Энэ нь У.Хүрэлсүх нэлээд саад байна гэсэн үг.

Гэвч У.Хүрэлсүх Ерөнхий сайд, МАН-ын дарга болох хамгийн боломжтой нэр дэвшигч юм. Түүнд УИХ-ын гишүүдийн 50 хувь, дээрээс нь олон нийтийн дэмжлэг маш их байна. Энэ нь түүнд байгаа давуу тал болж байгаа юм.

Гэхдээ Ц.Нямдорж “...Би Ерөнхий сайд болно” гээд зүтгэчихвэл асуудал маш өөрөөр эргэнэ. МАНАН буюу ХАР ХҮЧ-ний хувьд У.Хүрэлсүхээс аюултай хүн бол Ц.Нямдорж юм. Ингэхээр Ц.Нямдоржийг Ерөнхий сайдад зүтгэнэ гэвэл тэдэнд өөдөөс нь тавих хүчтэй өрсөлдөгч тэдэнд хэрэгтэй.

Тэгээд ч Ц.Нямдоржтой өрсөлдөөд ялах хүн бол У.Хүрэлсүх харагдаж байгаа. Бусад горилогчид нь Ц.Нямдоржтой өрсөлдвөл дийлэхгүй. Тиймээс М.Энхболд нар У.Хүрэлсүхэд “хадаг барьж” очихоос өөр аргагүйд хүрэх юм. Харин У.Хүрэлсүх тэдэнтэй нийлэх эсэх нь юу л бол.

Ингэхээр өнөө, маргаашдаа МАНАН буюу ХАР ХҮЧ-нийхэн, У.Хүрэлсүх, Ц.Нямдорж, Сү.Батболд нар тусдаа уулзаж дараагийн Ерөнхий сайдын асуудлыг ярьцгаах болж байна. Харин дараа нь М.Энхболд, У.Хүрэлсүх, Т.Бадамжунай, С.Баяр нар уулзаж эцсийн шийдэлд хүрч магадгүй байна. Энэ бүхний дараа МАН-ын Бага хурал зарлагдана гэсэн үг.

Эндээс үзвэл Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад У.Хүрэлсүх, Ц.Нямдорж, С.Бямбацогт, Н.Энхболд, Ч.Хүрэлбаатар нарын нэр яригдаж байгаа ажээ.

Зураг