Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/12-НД НИЙТЛЭГДСЭН

Офшорчдод олгосон 49 хоногийн хугацаа дууслаа

Р.Саруул
2017 оны 9 сарын 12
MorninigNews.mn
Зураг зураг

-Ерөнхийлөгч Х.Баттулга 49 хоногийн боломжоо эдэлж чадаагүй этгээдүүдтэй ямар хариуцлага тооцох вэ гэдгийг олон нийт мэдэхийг хүсэж байна-

Монголд туйлын айхтар 49 “дээрэмчин" бий." Илүү ч үгүй, дутуу ч үгүй, яг 49. Алибаба ба 40 дээрэмчин гэдэг шиг. Тэд ямар нэг аргаар мөнгө олцгоосон. Гэхдээ зүгээр газраас 10 мянган төгрөг олчхоогүй. Жирийн нэгэн монгол иргэний төсөөлөхөөс ч бэрх, их хэмжээний мөнгийг хаа нэгтэйгээс олсон хэрэг. Гэвч энэ мөнгө нь ил цагаанаар зарлахааргүй, нууц агуулсан, далд байлгах шаардлагатай мөнгө. Монголд бол иймэрхүү нууж хаахаас өөр аргагүй мөнгө, хөрөнгийг зооринд, эсхүл гудсан доороо л хадгална.

Харин тэд зооринд ч багтахааргүй их мөнгийг учир битүүлгээр олсон тул Монголд биш далайн чанадад, дэлхийн санхүүгийн луйварчдын бодож олсон татваргүй, нууцлал өндөртэй бүсүүдэд аваачиж нуусан хэрэг. Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоо офшор гэгдэх татваргүй бүсүүдэд Дан ганц гадны мафиуд төдийгүй Монгол Улсын нэр бүхий иргэд данстайг зарлаж байлаа. Албан бус мэдээллээр, офшор бүс дэх 10 гаруй тэрбум ам.доллар монголчуудын нэр дээр бүртгэлтэй байдаг аж. 

Өөрөөр хэлбэл, Монголын 49 иргэний нэр дээрх офшор хөрөнгө улсын ДНБ-ий нэрлэсэн үнэтэй энэ тэнцүү байгаа юм. Тиймээс Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн долоодугаар сарын 24-нд нийт офшорчдод хандан “Миний бие офшор бүсэд данстай улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд хандан 49 хоногийн дотор офшор дансаа хааж, тэнд байршуулсан мөнгөн хөрөнгөө Монголын банканд оруулж ирэхийг уриалж байна.

Дурдсан хугацаанд Монголын банкууд руу татагдаагүй мөнгөн хөрөнгө, түүнийг эзэмшигчдийн асуудлыг холбогдох хуулийн дагуу илрүүлэн илчилж, зохих хариуцлага хүлээлгэх нь шударга ёсонд нийцнэ хэмээн үзэж байна” гэж мэдэгдсэн билээ. Тэгвэл энэ уриадга, нэг үгээр шаардлагын хугацаа өчигдөр дуусгавар болов. Гэвч өнгөрсөн хугацаанд нэр бүхий 49 этгээдийн хэн нь ч офшор дахь хөрөнгөө татаагүйгээр үл барам татваргүй бүсэд нууц данстай гэдгээ эрс үгүйсгэсээр байгаа юм. Ер нь Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооны ил болгосон баримтад Монгол Улсаас хэн хэн гээч эрхмийн нэр багтсан юм бол.

Уншигчид санаж буй бол, хамгийн анх Сангийн сайд асан Я.Очирсүх, С.Баярцогт нар офшор бүсэд мөнгөтэй гэдэг нь ил болсон. Тэр үед энэ сэдэв тэгтэл их дуулиан тариагүй ч энэ хоёрын цаана дахиад хүмүүс бий гэх хардлага нийтийн дунд үүссэн байв.

Харин 2016 онд Панамын нууц данснуудын тухай мэдээллийг задлах үеэр манай улсын нууц данстнуудын тоо 49 болж үржсэн байсан нь анхаарал татах асуудал болж, үүний хажуугаар офшор дахь мөнгөний тоо ч 10 тэрбум ам.доллар болсон нь нэгийг бодоход хүргэсэн юм.

Өнөөгийн байдлаар Сангийн сайд асан Я.Очирсүх, “Петровис” компанийн захирал Ж.Оюунгэрэл, “Тэнгри Холдинг”-ийн захирал Х.Анхбаяр, “Болд төмөр ерөө гол” компанийн захирал, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Х.Бум-Эрдэнэ, Нийслэл хотын захирагч асан Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай, УИХ-ын гишүүн Сү.Батболдын төрсөн ах С.Бат-Очир, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Сү.Батболд, Кёкүшюзан Д.Батбаяр тэргүүтэй 49 хүний нэр Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооны ил болгосон жагсаалт дунд байх аж.

Эдгээрийн нэрийг харвал ихэнх нь улстөрчид байгаа нь хачирхалтай. Цэвэр бизнесээр хөлжигсөд тэдэн дунд байх ч улстөрөөр баяжигсад яах аргагүй хөрөнгийнхөө эх үүсвэрийг тайлбарлах ёстой. Төрийн түшээдийн орлогыг хуулиар тогтоосон байдлаар нь хэмжвэл цалингаас нь өөр зүйл үгүй. Өөрийн гэсэн бизнестэй байгаад улс төр рүү орсон хүмүүс. Гэхдээ тэдэнд мөнгөө эх орноосоо нуух ямар шаардлага байгааг хэлэхэд хэцүү.

Ямартай ч манай улс энэ оны дөрөвдүгээр сард офшорын эсрэг хуультай болсон. Тодруулбал, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Tөрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг УИХ-аас дэмжсэн.

Өөрөөр хэлбэл, энэ офшорын тухай хууль бөгөөд Засгийн газраас өргөн мэдүүлснээр дээрх төсөлд “Хөрөнгө, орлогын мэдүүлэг”-ээ мэдүүлдэг, төрийн өндөр дээд албан тушаалтан, төрийн албан хаагчид офшор бүсэд данс нээлгэх, хувьцаа эзэмших, аж aхуй эрхлэхийг хуулиар хориглож байгаа юм.

Тэгвэл үүнээс хойш гурван capын дараа Ерөнхийлөгчөөр сонгогдсон Х.Баттулга офшор данстнуудыг хөрөнгөө эх орондоо авчрахыг “үүрэгдсэн ба биелэлтийг хангах үүднээс 49 хоногийн хугацаа өгсөн нь өчигдөр дуусгавар боллоо. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд офшор данстайгаа хүлээн зөвшөөрч, Монголоос нуусан мөнгөө эргүүлэн өгөөгүй, тодорхой нэр бүхий 49 хүнд ямар хариуцлага хүлээлгэх вэ.

Монгол Улсын төрийн нэрээр луйвардсан, эсхүл бизнесийн aсар их орлогоо татвараас нуухын тулд офшорт аваачиж хадгалсан мөнгөн хэмжээг цаашид зүгээр өсгөсөөр байх уу. Ерөнхийлөгч Х.Баттулга 49 хоногийн боломжоо эдэлж чадаагүй этгээдүүдтэй ямар хариуцлага тооцох вэ гэдгийг олон нийт мэдэхийг хүсэж байна.

Зураг