Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/12-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгосын эсрэг шинэ хоригийг НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөл санал нэгтэй баталлаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт зургаа дахь удаагаа цөмийн зэвсэг туршсан Хойд Солонгосын эсрэг авах шинэ эдийн засгийн хоригийн тогтоолыг НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд санал нэгтэй баталлаа.

АНУ-ын санаачилсан тогтоолын төслийг Даваа гарагт батлахын өмнө ОХУ, Хятадын талууд шүүмжилж байсан ч эцэстээ тохиролцоонд хүрснээр 15 гишүүн орон 100 хувь дэмжжээ.

Анх яригдаж байсан газрын тосны бүрэн хоригийг энэ удаад хэрэгжүүлэхгүй байхаар шийдсэн байна. Харин боловсруулсан газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нь жилд 2 сая баррель байх хязгаар тогтоож өгчээ. Мөн түүхий газрын тосны нийлүүлэлтийг одоогийн түвшнээс хэтрүүлэхгүй байхаар тогтсон байна.

Үүнээс гадна Хойд Солонгосын хоёр дахь том экспорт болох оёмол бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд гаргахыг бүрэн хориглолоо. Сүүлийн нэг жилд тус улс $752 саяын оёмол бүтээгдэхүүн гадаад зах зээлд экспортлосон гэдэг.

Орос, Хятадын талууд АНУ-г ятгасны үр дүнд Ким Жон Уны хөрөнгийг царцаахгүй байх, гадаад орнуудад зорчихыг нь энэ удаад хориглохгүй байхаар шийджээ.

Пёньяны эсрэг авч байгаа ес дэх удаагийн хоригийн өмнөхөн Хойд Солонгос хэрвээ хориг хэрэгжвэл хатуу арга замаар өшөө авахаа мэдэгдэж байв.

Хойд Солонгосын дэглэмийг цөмийн зэвсгийн хөтөлбөрөөс нь татгалзуулах цорын ганц шийдэл бол эдийн засгийн хориг гэж АНУ тэргүүтэй өрнөдийн орнууд үздэг. Харин ОХУ, Хятад улсууд хоригийг үр дүнгүй, талууд хэлэлцээр хийж, харилцан буулт хийх замыг сонгох ёстой гэж үздэг юм.

 

Эх сурвалж: Russia Today