Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/11-НД НИЙТЛЭГДСЭН

Флоридагийн захирагч мужийнхаа төлөө залбирахыг хүмүүст уриалжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Флоридагийн захирагч Рик Скотт

Ховор тохиолддог хүчтэй хар салхинд тооцогдож байгаа Ирма мужийнх нь газар нутагт хүрэхээс хэдхэн цагийн өмнө Флоридагийн захирагч Рик Скотт өөрсдийнх нь төлөө залбирахыг дэлхий дахинд уриалжээ.

Тэрээр ABC News сувагт ярихдаа “Хамгийн түрүүнд би хүмүүсийг бидний төлөө залбирахыг хүсч байна. Дэлхий даяар олон хүн бидэнд туслахыг хүсч байгааг би мэдэж байна. Яг одоогийн байдлаар та нарын хийж чадах зүйл бол залбирах юм” гэсэн байна.

Үүний дараахан 60 м/сек хурдтай Ирма салхи Флоридагийн хамгийн өмнөд эрэгт газардаж, гурван хүний аминд хүрсэн юм.

Скотт хар салхи тус мужийн баруун эргийг бүхэлд нь нөмрөн далайн усны түвшинг зарим газраа 4.5 метр өргөх төлөвтэй байгааг анхааруулжээ.

Мөн Флоридагийн эрчим хүчний компани 1.1 сая иргэн гэрэл цахилгаангүй болсныг мэдээлсэн байна. Одоо Флорида даяар 400 хоргодох байр нээгээд байгаа юм.

Нийтдээ 6 сая хүнд нүүн шилжихийг сануулсан ч шатахууны хомсдол, замын ачаалал, онгоцны үнэтэй тасалбарын улмаас бүгд дүрвэж чадаагүй байна. Дональд Трамп кабинетийнхаа хурлыг өчигдөр Кэмп Дэвидэд зарлан хуралдуулсан юм.

Хурлын гэрэл зураг дээр засгийн газрын гишүүд толгойгоо бөхийлгөн залбирч байгаа нь гарсан байна. Флоридагийн уугуул, Техас мужийн сенатор Тэд Круз твиттер хуудсандаа эхнэрийн хамт Ирмагийн хохирол бага байхыг хүсэн залбирч байгаагаа мэдээлжээ.

Ирма Флоридагийн эрэгт буухын өмнөхөн Дональд Трамп твиттертээ “Ирма ирж байна. Бүгдийг бурхан ивээг!” хэмээн бичсэн байна.

 

Эх сурвалж: Independent