Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/11-НД НИЙТЛЭГДСЭН

Орох оронгүй болсон Саакашвили Украины хилээр дайрч оржээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Гүржийн ерөнхийлөгч асан, Украины Одесс мужийн захирагч асан Михайл Саакашвили өчигдөр Польшоос Украин руу дэмжигчдийнхээ тусламжтай хүчээр нэвтэрсэн байна.

Өнгөрсөн долдугаар сард Украины ерөнхийлөгч, нэгэн үе түүнтэй хамтрагч байсан Петро Порошенко Саакашвилигийн иргэншлийг цуцалж байгаагаа зарласан юм.

Саакашвилийг төрөлх Гүржид нь мөн баривчлах шийдвэр гарсан тул нэвтрэх боломжгүй байгаа. Ингээд Польш-Украины хилийн боомтоор нэвтрэх гэсэн Саакашвилиг Украины тал нэвтрүүлээгүй тул хэдэн зуун дэмжигчид нь дайран орж, хүчээр хил нэвтрүүлсэн байна.

Өчигдөр уг хэргийн дараа Украины ерөнхий прокурор Юлий Луценко хэлэхдээ Саакашвилид тусалсан хүмүүст эрүүгийн хариуцлага тооцно гэжээ.

Мөн Украины дотоод хэргийн яамны мэдээлснээр хилийн хамгаалалтын 17 цэрэг, офицер тулгаралтын үеэр гэмтэж бэртсэн байна.

Саакашвили иргэншлээ цуцлуулсны дараа Украинд эргэн ирж, иргэншлээ сэргээлгэн, улс төрийн шинэ тэмцэл эхлэхээ мэдэгдэж байсан юм. Хил давсныхаа дараа Саакашвили “Манай баатрууд, хуульчид зэрэг надад тусалсан бүх хүмүүст талархаж байна” гээд эрх баригчдын хүчирхийллийн арга хэлбэрийг шүүмжилсэн байна.

Дараа нь тэр машинд суун Украины Львов хотыг зорьж, тэнд дэмжигчид нь уухайлан тосч авсан гэнэ. Өмнө нь Саакашвилигийн дэмжигчид, түүний дотор ерөнхий сайд асан Юлия Тимошенко түүнийг галт тэргээр Львов хотод хүргэх оролдлого хийсэн ч бүтэлгүйтэж байв. Тэгвэл ийнхүү хилээр явган нэвтрэх арга нь амжилттай болжээ.

Саакашвилиг 2004-2013 онд ерөнхийлөгч байхдаа эрх мэдлээ урвуулан ашигласан, өмч хөрөнгө идсэн хэргээр Гүржийн засгийн газар эрэн сурвалжилж байгаа.

Саакашвили үүнийг улс төрийн явууллага гэж үздэг бөгөөд 2013 онд АНУ рүү зугтсаныхаа дараа 2015 онд Украинд ирж, одоогийн засгийн газрын төлөө ажиллахаар Одесс мужийн захирагч болсон юм.

Гүрж улс давхар иргэншил зөвшөөрдөггүй тул 2015 онд Украины иргэн болмогцоо Гүржийн иргэншлээ тэр алдсан байна.

Харин Порошенкотой муудалцсан Саакашвили одоо аль ч улсын иргэншилгүй болоод байгаа юм.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty