Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/11-НД НИЙТЛЭГДСЭН

Давхцал бас уналт...

Д.Оюунчимэг, Зууны мэдээ
2017 оны 9 сарын 11
Зууны мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнгөрсөн долоо хоногт уул уурхайн салбарын хоёр томоохон чуулга уулзалт болж өнгөрлөө. “Discovery Mongolia” нь уул уурхайн салбарын талаар ярилцдаг бөгөөд томоохон цар хүрээг хамардаг. Харин “Coal Mongolia” бол нүүрсний салбарынхны тулгамдсан асуудлыг хэлэлцдэг билээ. Энэ удаад нэг салбарын чухал уулзалтууд өдөр хоног, цаг минут давхцуулан зохион байгуулж байгаад оролцогчид хачирхаж буйгаа илэрхийлж байв. Түүнчлэн Засгийн газар унасантай холбоотойгоор Засгийн газрын бондын ханш унаж эхэлснийг эдийн засагчид онцолж байна.

Засгийн газар ба “ХУРАЛДАЙ”, “ЧИНГИС" БОНДЫН уналт

Улс төрийн тогтворгүй байдал нь эдийн засаг болоод улс орны нэр төрд сөргөөр нөлөөлдөг хүчин зүйл. Тиймдээ ч засаг унасан гэх мэдээлэлтэй зэрэгцэн олон улсын зах зээлээс босгосон Засгийн газрын бондуудын ханш унаж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн баасан гарагийн арилжаагаар "Хуралдай бонд"-ын ханш 0.19 хувиар буурсан бол "Чингис бонд"-ын ханшийн уналт 0.16 болжээ.

Энэ нь эдийн засагт ихээхэн хохирол учруулна гэдгийг судлаачид хэлж байгаа юм. Эцсийн дүндээ манай улсын хөгжилд тээг болж буй гол нөхцөл нь улс төрийн тогтворгүй байдал гэдгийг өнгөрсөн долоо хоногт болсон хоёр томоохон уулзалтад оролцогчид ярьж байлаа. Ийнхүү төрийн тогтворгүй байдлын төлөөсийг бизнесийнхэн, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн нуруунд хүнд ачаа болдгийг тэд сануулж байна.

Өрсөлдөх учиргүй өрсөлдөөн

Цар хүрээний хувьд өрсөлдөх хэмжээнд очих учиргүй хоёр уулзалт өрсөлдөгчид аятай харагдав. Эдгээр уулзалтууд нэг цаг хугацаанд болох шаардлагатай бол нэгдэх нь илүү өгөөжтэй хэмээн салбарын мэргэжилтнүүд онцлов. Хавар болдог уулзалтууд намар болох шалтгаан бас байсан гэх. Учир мэдэх нэгний хэлж буйгаар нэг салбарын асуудлыг хэлэлцдэг учраас дээрх уулзалтыг хамтатгах сонирхол байжээ.

Гэвч тодорхой шийдгүй байсаар хоёр тусдаа зохион байгуулсан гэх. Магадгүй өрсөлдөгчид нэгнээ “боомилж” буй мэт сэтгэгдэл төрсөн ч мэргэжилтнүүд “Сэргэж байгаа салбарынхаа асуудлыг хаа хаанаа орхигдуулахгүй" хэлэлцэх нь зүйтэй гэцгээж байлаа.

Хэдийгээр хоёр тусдаа зохион байгуулалтын хувьд өөр байсан ч адил төстэй талууд тэдэнд байв. Засгийн газар унах эсэх асуудлыг шийдэх үетэй давхацсан учраас төр засгийн томчууд оролцсонгүй. Төрийн байгууллагаас хамааралтай зарим нэг хөтөлбөр нь тасарч хугацааны хувьд төлөвлөгөөнөөс гажсан зүйл тохиолдов. Гэхдээ энэ нь хөрөнгө оруулагчид болоод салбарын мэргэжилтнүүдэд төдийлөн ач холбогдолтой байсангүй.

Учир нь улс төрийн нөхцөл байдлаас үүдсэн гэдгийг зохион байгуулагчид тайлбарлаж байв. Мөн эдгээр уулзалтаас гарсан санал, зөвлөмж болон уриалгыг Засгийн газарт бус УИХ-ын нэр бүхий гишүүдэд хаяглах нь зүйтэй гэцгээв.

Гэсэн хэдий ч эдийн засгийн хувьд ихээхэн ач холбогдолтой уулзалтаас гарах үр дүнд улс төрийн ороо бусгаа байдал сөргөөр нөлөөлөх вий гэх айдас зохион байгуулагчдад байлаа.

Учир нь хөрөнгө оруулагчдын хувьд боломжийг эрэлхийлж ирсэн ч төрийн тогтворгүй байдал, улс төрийн бужигнаан бизнест төдийлөн таатай байдаггүйг сануулсан юм.

Уул уурхай тэр дундаа нүүрсний салбар сэргэж байгаа манай улсын хувьд анхаарлын төвөд байдаг тоглогч ч гэлээ айдас дагуулсан хүлээлт үүсгэж байгааг гадны томоохон хөрөнгө оруулагчид хэлж байлаа. Улстөрөөс шалтгаалсан дотоодын бужигнаан сэргэхийг завдаж буй эдийн засагтаа эргэлзээ дагуулсан хүлээлт үүсгэчихлээ. Хэрхэхийг улстөрчид мэдэх буй за.

Зураг