Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/11-НД НИЙТЛЭГДСЭН

"Ирма" хар салхи Флоридаг дайрлаа

Б.Даваа, МОНГОЛЫН МЭДЭЭ
2017 оны 9 сарын 11
Монголын мэдээ
Зураг зураг

Атлантын далайд урьд өмнө нь үзэгдэж байгаагүй Ирма хар салхи үүсэж, замд таарсан улс, үндэстэн бүрт томоохон хэмжээний хохирол учруулан урагшилсаар байна. Хар салхи өнгөрсөн долоо хоногт Карибын тэнгисийн бяцхан арал Барбудаг дайрч, оршин суугчдын байр сууцны 90 хувийг сүйрүүлэн, үндсэндээ балгас болгосон юм. Тэгвэл өнгөрөгч бямба гарагт Кубын хойд эргийг дайран өнгөрчээ.

Тухайн үед гамшгийн бүсээс нүүгээгүй эргийн оршин суугчид “Салхины чимээ аймшигтай чанга хүнгэнэж, байшингийн дээвэр дээр мод, цахилгааны шон хугаран унаж, басхүү дээврийн мод төмөр хийсэж байсан” хэмээн ярьсан байна. Куба Ирма хар салхи тус улсын хойд хэсгийг дайрч өнгөрнө гэсэн цаг агаарын урьдчилсан мэдээллийн дагуу гамшгийн бүсээс нэг сая гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлсэн байна.

Одоогоор хүний амь эрсэдсэн гэсэн мэдээлэл байхгүй. Гэхдээ Кубын эрх баригчид дэд бүтцэд асар их хэмжээний хохирол учирсан гэдгийг тодотгож байгаа юм. Харин Карибын тэнгисийн арлуудыг хар салхи дайрахдаа хамгийн сүүлд авсан мэдээллээр 1.2 тэрбум еврогийн эд материалын хохирол учруулж, 25 хүний амь авч оджээ. Асар их хөнөөлт хар салхи АНУ-ын Флорида муж руу аажим аажмаар ойртсоор манай цагаар өчигдөр 21.00 цагийн орчимд хүрчээ.

Хохирлын хэмжээ тодорхойгүй байгаа ч, урьдчилан сэргийлэх арга хэмжээг тус улсын иргэд хэдэн өдрийн өмнөөс авч хэрэгжүүлсэн юм. АНУ-ын Флорида муж 20 сая хүн амтай. Тэгвэл үүний гуравны нэг буюу 6.3 сая иргэнийг гамшгийн бүсээс аюулгүй бүс рүү нүүлгэн шилжүүлэх ажиллагаа сүүлийн өдрүүдэд үргэлжилсэн байна. Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллээр Ирма хар салхи чиглэлээ өөрчилсөн тул цаашдаа зөвхөн тус мужид бус, Мексикийн баруун буланд хүрч ч болзошгүй байгаа аж.

Гэхдээ албаныхан Флорида мужийн баруун, зүүн булан, Миамигийн өмнөд хэсгээс Куба хүртэлх нутагт ихээхэн хэмжээний хохирол дагуулах урьдчилсан төлөвтэй байна. Тиймээс иргэдийг мужийн хойд хэсэг, хил залгаа орших Жоржиа муж руу нүүлгэн шилжүүлсэн байна. Түүнчлэн, Флоридагийн өмнөд хэсэгт байрлах “Turkey Point” цөмийн цахилгаан станцын аюулгүй байдлыг хангахын тулд хоёр генераторынх нь нэгнийх нь ажиллагааг бүрэн зогсоожээ.

Мөн тус мужид хүн амаараа гуравдугаарт ордог Тампа хотын цахилгаан түгээх компанийн хэрэглэгчдийн 70 хувь нь эрчим хүч авч чадахгүйд хүрч болзошгүй байна. Өнгөрсөн сард АНУ-ын өмнөд хэсгийг “Харви” хар салхи дайран өнгөрсний улмаас Техас зэрэг мужуудад их хэмжээний хохирол учирсан юм. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ирма хар салхи Флорида муж руу дөхөж буй мэдээлэл гарсан даруйд Засгийн газраа хуралдуулж, гамшгийн үед авах арга хэмжээ хийгээд урьдчилсан бэлтгэл ажлыг бүрэн дүүрэн хангаж ажиллах чиглэл өгчээ.

Хурлын эхэнд Трамп “Эд хөрөнгийг эргүүлэн олоход амархан боловч, амийг насыг дахиж олж чадахгүй. Аюулгүй байдал нэгдүгээрт. Ирма хар салхи ихээхэн хор хөнөөлтэй ч, бид урьдчилан сэргийлэх бэлтгэлээ хангаж чадна” гэдгийг онцолжээ. Цагаан ордноос мэдээлснээр, Ерөнхийлөгч Д.Трамп хуралдааны үеэр Ирма хар салхи нутаг дэвсгэрийг нь дайран өнгөрөх орон нутгийн Засаг захиргаа, өөрөө удирдах байгууллагыг дэмжиж ажиллахын зэрэгцээ өнгөрсөн сарын сүүлчээр “Харви” хар салхины улмаас сүйдсэн нутгийн дэд бүтцийг сэргээн засварлах ажлаа үргэлжлүүлэхийг даалгасан байна.

Нийгмийн сүлжээний идэвхтэй хэрэглэгч гэгддэг Трамп твиттер хуудастаа ч тасралтгүй жиргэсээр байгаа юм. Бямба гарагт гэхэд “Энэ бол маш их хор хөнөөл учруулах хүчтэй хар салхи. Тиймээс хар салхи дайран өнгөрөх бүс нутагт оршин сууж буй иргэд удирдлагуудынхаа зааврыг дагаж, бүгд аюулгүй бүс рүү нүүх хэрэгтэй” хэмээн бичиж, нийт иргэддээ анхааруулсан байна. Хэдий аюулгүй байдлаа хангаж ажилласан ч, нүүгээгүй үлдсэн хүмүүс ч байсан гэх мэдээлэл байгаа юм.

Зураг