Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/11-НД НИЙТЛЭГДСЭН

Ирма хар салхи Майами хотыг усанд автуулжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Атлантын далайд бий болсон хамгийн хүчтэй хар салхи гэгдэж байгаа Ирма өчигдөр буюу Ням гарагт АНУ-ын зүүн урд Флорида мужид хүрчээ.

Карибын арлуудыг ээлж дараалан дайрахдаа 22 хүний амийг хөнөөж, эдийн засгийн үлэмж хохирол учруулсан Ирма Бямба гарагт Кубын хойд эргийг дайрч өнгөрсөн.

Одоогоор Флоридад учирсан хохирлын талаар мэдээлэл албан ёсоор гараагүй, зөвхөн иргэдийн сошиал сүлжээнд оруулж байгаа дүрснээс нөхцөл байдлыг харж болж байгаа юм. Саяхан Флорида мужийн томоохон хот Майами усанд автсан тухай хүмүүс мэдээлжээ.

Тэр дотроо “өмнөд Уолстрит” гэгддэг Майамигийн санхүүгийн Брикел дүүрэг үерт хэрхэн автаад байгааг харуулсан байна. Брикел бол JP Morgan, Santander Bank, Wells Fargo зэрэг санхүүгийн томчуудын офис байрладаг, Four Seasons Miami, JW Marriott зэрэг тансаг заочид буудлууд, тансаг ангиллын орон сууцнууд оршдог дүүрэг юм.

Тэгвэл энэхүү том дүүргийн гудамж талбай усаар дүүрснийг хүмүүсийн дамжуулсан видео дүрснээс харж болохоор байна.

Ердөө 30 минутын хугацаанд аадар бороо орсны дараа ийнхүү усанд автжээ.

Мөн өөр нэг сошиал хэрэглэгч Майами хотын амины орон сууцны дээврийг Ирма хар салхи хэрхэн хуу татаж байгаа дүрсийг дамжуулсан байна.

Ирма хар салхи цаашдаа Флоридагийн баруун эргээр хойш чиглэн шилжихээр байгаа юм.

Оргил үедээ тавдугаар ангилалд буюу хамгийн хүчтэй хар салхинд тооцогдож байсан Ирма Флоридагийн эрэгт хүрэхдээ дөрөвдүгээр ангилалд байж, Ням гарагийн орой гуравдугаар ангилал болж буурсан байна. Гэхдээ энэ нь аюултай хэвээр, цаашдаа эрчим нь нэмэгдэж болзошгүй байгааг албаныхан анхааруулжээ.

 

Эх сурвалж: Business Insider, Russia Today