Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/09-НД НИЙТЛЭГДСЭН

Мексикт 100 жилд тохиогоогүй хүчтэй газар хөдлөлт болж, 58 хүн амь үрэгджээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Баасан гарагт Мексикийн өмнөд хэсэгт 8.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, амиа алдагсдын тоо 58 хүрээд байгааг эрх баригчид мэдээллээ.

Газар хөдлөлтийн төв цэг нь Гватемалын хилээс холгүй оршдог Пихихяпан хотоос баруун урагш 123 км зайтай, 33 км газрын гүнд байжээ.

 

Мексикчуудын өөрсдийн хэмжилтээр 8.2 магнитуд хүрсэн нь сүүлийн 100 жилд тохиосон хамгийн хүчтэй газар хөдлөлтөд тооцогдож байгаа юм. “Хэмжээгээрээ томоохонд тооцогдох энэ газар хөдлөлт нь сүүлийн 100 жилд тохиосон хамгийн хүчтэй газар хөдлөлт болж байна” гэж Мексикийн ерөнхийлөгч Пена Нието Үндэсний Гамшгаас Сэргийлэх Төвийн байрнаас мэдээлжээ.

Одоо Мексик орон даяар онц байдал тогтоогоод байна. Пена Ниетогийн хэлснээр Мексикийн 120 сая иргэний 50 сая нь газар хөдлөлтийг мэдэрсэн бол хөрш зэргэлдээх Гватемал улсад мөн хүчтэй мэдрэгджээ.

Газар хөдлөлтийн дараа Салина Круз орчмын далайн усанд 1 метр өндөртэй давалгаа үүссэн нь цунами үүсгэх эрсдлийг бий болгож байна. Албаныхан 11 муж, түүний дотор Мехико хотын сургуулиудыг хааж, байранд нь эвдрэл, цуурлын хэмжилт хийлгэхээр болжээ.

Мексик улс манай дэлхийн таван тектоник хавтангийн уулзвар дээр оршдог тул газар хөдлөлтийн хамгийн идэвхтэй нутагт тооцогддог. 1985 онд тус улсад хамгийн их сүйтгэлтэй газар хөдлөлт болоход магнитудын хэмжүүрээр 8.1 хүрч, нийслэл Мехикод 10,000 гаруй хүн амь үрэгдсэн юм.

 

Эх сурвалж: Russia Today