Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/08-НД НИЙТЛЭГДСЭН

Мьянмар дотоодын хямралдаа НҮБ-ыг оролцуулахгүйн тулд Хятад, Орост найдаж байгаагаа мэдэгджээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 8
iKon.MN
Зураг зураг

300,000 гаруй муслим цөөнхийг хөрш Бангладеш руу хөөгөөд байгаа Мьянмарын эрх баригчид өөрийн эсрэг НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрийг гаргуулахгүйн тулд Хятад, Орос улсуудтай хэлэлцэж байгаагаа мэдээлжээ.

Тус улсын баруун хойд Рахин мужид голлон амьдардаг 1.1 сая хүн амтай Рохинжа үндэсний цөөнхийг “цэвэрлэх” ажиллагааг Мьянмарын эрх баригчид хоёр долоо хоног орчмын хугацаанд явуулж байгаа юм.

Өнгөрсөн Мягмар гарагт НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш уг явдлыг “хүмүүнлэг ёсны гамшиг” болохоос сэргийлж, аюулгүй байдлын зөвлөлийг анхааралдаа авахыг уриалсан захидал илгээгээд байгаа нь ховор үйлдэлд тооцогдож байна.

 Тэгвэл үүний маргааш нь Мьянмарын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Таун Тун нийслэл хотдоо хэвлэлийн хурал зохион байгуулж, НҮБ-aaс шийдвэр гаргуулахгүйн тулд Хятад, Орос улсуудтай хэлэлцэж байгаагаа мэдээлжээ.

Тэрээр “Асуудлыг НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцүүлэхгүйн тулд бид зарим найрамдалт харилцаатай улсуудтай ярилцаж байгаа” гэсэн байна.

“Хятад бол манай түнш, Оростой ч бид ижил харилцаатай. Тиймээс уг асуудал газар авахгүй гэж найдаж байна” хэмээн Таун Тун сэтгүүлчдэд ярьжээ.

Хил залгаа Бангладешийн нутагт ажиллаж байгаа НҮБ-ын ажилтнуудын тооцоолсноор 12 хоногийн дотор хилээр 146,000 хүн дүрвэж ирсэн байна.

Ингэснээр нийт дүрвэгсдийн тоо 300,000 гаруй болоод байгаа. Гэвч дүрвэх замдаа усанд живэх, хил дагуу Мьянмарын цэргүүдийн байрлуулсан газрын минэнд өртөх явдал түгээмэл байгаа юм. Тухайлбал Лхагва гарагийн өглөө нийтдээ 100 гаруй дүрвэгч тээвэрлэсэн гурван завь голын усанд живсэн мэдээлэл иржээ.

 

Эх сурвалж: Reuters