Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/08-НД НИЙТЛЭГДСЭН

Флоридагаас нүүх зөвлөмж авсан 500,000 иргэн замын түгжрэл үүсгэжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 8
iKon.MN
Зураг зураг

1992 оны алдарт Эндрью хар салхийг ч өчүүхэн харагдуулах Ирма хар салхи ирж буй сургаар Флоридагийн өмнөд хэсгийн хагас сая илүү иргэнийг нүүн шилжих зөвлөмжийг Пүрэв гарагт эрх баригчид гаргажээ.

Тиймээс Флоридагаас хойд зүгт чиглэсэн хурдны замууд түгжрэлд орж, нисэх онгоцны тасалбар хүртэл ховор эрдэнэ болоод байгаа гэнэ.

 
 

Мөн зам дагуух шатахуун түгээх станцуудын нөөц барагдаж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомсдолд орсон байна.

Шатахуунгүй болсны улмаас замын хажууд зогссон машинууд нэмэгдэж, тэдэнд туслах ямар ч арга олдохгүй байгааг гэрчүүд мэдээлжээ. 1992 онд Флоридаг дайрсан Эндрью хар салхи АНУ-ын түүхэнд хамгийн их хохиролтой гамшигт тооцогдож байв. Өнөөдрийн ханшаар $50 тэрбумын хохирол тухайн үед амссан гэдэг.

Тэгвэл айсуй Ирма хар салхи үүнээс ч илүү хор хөнөөлтэй байхыг мэргэжилтнүүд хэлж байна. Ирма одоо Карибын тэнгис дэх арлуудыг ээлж дараагаар сүйрүүлсээр Флоридагийн эрэгт ойртож байгаа. Бямба гарагийн өглөө хамгийн урд талын эрэгт хүрнэ гэж тооцоолжээ.

Флоридагийн Канавералын хошуунд байрладаг Кеннедийн Сансрын Төв хаалгаа барьж, ихэнх ажилчдаа тараагаад байгаа ба зөвхөн 120 хүнийг зайлшгүй үлдэх ёстой гэж үзсэн байна.

NASA-гийн ихэнх хөлгүүдийг сансарт хөөргөдөг Кеннедийн төвийн чухал байгууламжууд нь 220 км/цаг хурдтай салхийг тэсвэрлэхээр бүтээгдсэн аж. Хэрвээ Ирмагийн гол хэсэг үүгээр дайрвал тэсвэрлэх хязгаарыг давах төлөвтэй байна. Ирмагийн төвд салхины хурд 300 км/цаг хүрч байгаа бөгөөд Атлантын далайд үүсч байсан хамгийн хүчтэй хар салхинд тооцогдож байгаа.

 

Эх сурвалж: Associated Press