Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/08-НД НИЙТЛЭГДСЭН

Аун Сан Су Чид Нобелийн шагналт Десмонд Туту нээлттэй захидал илгээжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Рохинжа хүмүүсийн эсрэг хүчирхийллийг зогсоохыг уриалсан нээлттэй захидлыг Өмнөд Африкийн Нобелийн энхтайвны шагналтан Десмонд Туту Мьянмарын дефакто удирдагч, мөн Нобелийн шагналт Аун Сан Су Чид илгээжээ.

85 настай нийгмийн зүтгэлтэн, Англикан сүм хийдийн хамба лам Туту тус улсад өрнөж байгаа харгислал өөрийнх нь хүндэлж явдаг, “дүү шигээ санадаг” эмэгтэйд захидал бичихэд хүргэснийг өгүүлсэн байна.

Хэдийгээр Аун Сан Су Чи өмнө нь засгийн газрын явуулж байгаа ажиллагааг өмөөрсөн мэдэгдэл хийсэн ч Туту түүнийг зовж зүдэрсэн Рохинжа хүмүүсийн төлөө ажиллахыг уриалжээ.

Тэрээр олон жилийн турш Аун Сан Су Чигийн гэрэл зургийг ширээн дээрээ байрлуулж, түүнийг хүн ардын төлөө тэмцэгч, сайн үйлстний билэгдэл гэж бодож явдгаа хэлсэн байна. Гэвч Мьянмарын хүн амын цөөнх болсон Рохинжа хүмүүсийн эсрэг хэрэгжиж байгаа хүчирхийлэл, зарим хүмүүс “үндэстний цэвэрлэгээ”, зарим нь “алгуур үйлдэгдэж буй геноцид” гэж байгаа үйлдэл нь түүнийг дуугүй суух аргагүй болгосон гэжээ. Туту “Сайн үйлсийн билэгдэл болсон хүн ийм улс орны толгойд суух зохимжгүй” гээд “Мьянмарын төрд өндөр алба хаших улс төрийн үнэ цэн чамайг дуугай суухад хүргэж байгаа бол хэтэрхий өндөр үнэтэй байна” хэмээн Нобелийн шагналт эмэгтэйг шүүмжилжээ.

Түүнээс өмнө өөр нэг Нобелийн энх тайвны шагналтан болох Малала Юсуфзай бүсгүй мөн Аун Сан Су Чид хандан ямар нэг үйлдэл хийхийг “дэлхий нийтээр хүлээж байна” хэмээн мэдэгдсэн юм.

Change.org олон нийтийн тэмцлийн сайтад хэсэг хүмүүс Аун Сан Су Чигийн Нобелийн шагналыг хураах хөдөлгөөн өрнүүлсэн нь өнөөдрийн байдлаар 377 мянга гаруй хүний дэмжлэгийг аваад байна.

НҮБ-ын тооцоолсноор Мьянмарын Рахин мужид явагдаж байгаа “цэвэрлэх ажиллагаа”-ны дүнд 300,000 гаруй Рохинжа хүн Бангладеш рүү дүрвээд байгаа аж.

Мьянмарын эрх баригчид алагдсан хүний тоог 400 орчим гэж мэдээлж байгаа ч НҮБ-ын албаныхан доод тал нь 1,000 хүний амь үрэгдсэн гэж үзэж байна.

 

Эх сурвалж: The Guardian