Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/08-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат УИХ-ын ээлжит бус чуулганы индэрээс хэлсэн үг

С.Бадрал, iKon.mn
2017 оны 9 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өчигдөр цаг сунган хуралдсан УИХ-ын ээлжит бус чуулганаар Засгийн газрыг огцруулах талаар хэлэлцэж шийдвэрээ гаргасан билээ.

Энэ үеэр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хэлсэн үгнээс онцлон хүргэж байна.


Монгол Улсаа хөгжлийг чөдөрлөн боомилогч нь, басхүү эдийн засгийнхаа “Дотоодын алуурчин” нь улстөрчид бид өөрсдөө болжээ. 
Манай Засгийн газар өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд Монгол Улс, монголчуудынхаа нийтлэг эрх ашгийн төлөө чин шударгаар, цаг наргүй зүтгэж ажиллалаа. 
Би танхимынхаа бүтэн жилийн турш малгайд нь багтаж, хаяган дор нь явсан ч танхимаа огцруулах ажлыг өрдөж яваа Шадар сайдын ажилд ч алдаа, дутагдал байсан ч Монгол Улсын Ерөнхий сайд бол энх цагт ч, хүнд үед ч нөхдөө орхиод гүйдэг хөлгийн ахмад байх ёсгүй.
Бидний өмнө амаргүй сорилт олон байсан ч, манай танхимыг санаснаараа, илүү эрчтэй, илүү бүтээлч ажиллахад эдийн засгийн хүнд нөхцөл байдал, орон нутгийн сонгууль, 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль бэрхшээл үүсгэж байлаа. 
Аль ч улсын Засгийн газрын зовлон нь хийх ажил их, зарцуулах мөнгө багатайд л байдаг. Өмнө ажилласан АН-ын хоёр Засгийн газар мөнгөтэйн зовлонгоор туйлсан бол, манай танхим мөнгөгүйн зовлондоо баригдан тэвчиж болох газар нь тэвчиж,  боломжит бүх нөхцөлийг шавхан ажиллалаа. 
2016 оны УИХ-ын сонгуулиас хойш эдийн засагт гарсан эерэг үр дүн болгон дан ганц Засгийн газрын гавьяа биш ээ. Энэ бол төр, засаг тогтвортой байж, УИХ, Засгийн газраас зөв бодлого хэрэгжүүлсний үр дүнд манай үйлдвэрлэгчид, хувийн хэвшлийнхний маань бүтээсэн  амжилт, амжилтын эхлэл. Баялаг бүтээгчдийн маань амжилтын буухиа тасалдахад хүрвэл, түүнийг үргэлжлүүлэх  улс төрийн тогтвортой байдлыг хадгалж чадаагүйн төлөө МАН-аас сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд хүлцэл өчье. 
Том төслүүдийн тухайд нийт Монголын ард түмний баялгийг нэг бүлэглэлийн эрх ашигт тааруулан, эсвэл нэг удаагийн сонгуулийн PR-аа бодож баялгийн эздэд нь ашиггүйгээр шийдэх эрх надад байгаагүй, цаашид ч байх ёсгүй. 
Би өөрийгөө хамгаалж, албан тушаалтайгаа зууралдаагүй. Зөвхөн үнэний талд л яваа. Үнэн ялж, шударга бус нь  хариуцлагаа хүлээх ёстой.  
Миний баримталдаг зарчим, амьдралын философи бол эрх мэдэл, албан тушаалаас илүүтэй эр улсын нөхөрлөлийг илүүд үздэг. Эр улсын нөхөрлөл насан туршийнх байх ёстой. Шадар сайдаа тагнаж, Монгол Улсын Ерөнхий сайдын нэр хүнд, монгол төрийн үнэлэмжийг унагах ёс суртахуун, хүмүүжил надад байхгүй.
Манай Засгийн газрын хийсэн бүх томилгоо Монгол Улсын хуулийн хүрээнд болсон. Шилж сонгож томилсон нь ч бий, намын шугамаар, УИХ-ын гишүүдийн хүсэлтээр томилсон нь ч бий. 
2016-2020 оны засаглалын ял гавьяа, алдаа оноог МАН хэнтэй ч хуваалцахгүйгээр дангаараа хүлээх учиртай. 
2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүн бол Монголын ард түмний ялалт болохоос МАН-ын, ялангуяа энэ танхимд сууж байгаа 76 хүний ялалт биш юм.
Энэ УИХ, түүний байгуулсан Засгийн газрын шийдвэр бүрээс гагцхүү Монгол Улс, Монголын ард түмэн л хожиж байх ёстой. Ард түмнээ басамжлах хэрэггүй. 
Өнөөдөр Засгийн газрыг огцруулахаар наанаа сайхан ярьж байгаа хүмүүс цаанаа юу сэдэж явдаг, маргааш юу болдгийг  ард түмэн маш сайн мэднэ. Тэд энэ замаар сүүлийн 25 жил явж, улс төрийн тогтворгүй байдлыг зовлонг үүрч, золиос нь болж ирсэн.
Өнөөдрийн нийгэмд, иргэдийн амьдралд болж бүтэхгүй байгаа бүхний дийлэнх нь улстөрчид бидний эрх ашгийн буруу эрэмбэ, утгагүй улстөржилтийн үр дүн гэдгийг хүлээн зөвшөөрч, алдаанаас сургамж авах цаг болжээ. 
Амлалтын маань бэх хатаж амжаагүй байхад байгуулсан Засгаа унагахаар сөрөг хүчинтэйгээ хуйвалдаж яваа намын зарим нөхөддөө харамсч байна. 
Бид өнөөдөр улс төрийн тогтворгүй байдал үүсгэх тухай биш, тогтвортой хөгжлийн бодлого ярьж суух учиртай. 
Хууль зөрчсөн үйлдлийн төлөө бус, харин МАН-ын даргын сонгуулийн бэлтгэл болгож төр, улсынхаа Засгийн газраар төрийн эрх дээд байгууллага нь туг тахилаа. 
Бид 65-уулаа  буюу хэт олуулаа байж өлдөхийн зовлонгоо давж чадахгүй өрөөлийн тоглоомд орж байгаа нь харамсалтай. 
Миний бие ямагт Монгол Улс, монголчуудынхаа эрх ашгийг бодож үнэний төлөө бат зогсох болно.