Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/08-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын хүн амын бараг талынх нь хувийн мэдээлэл хакеруудын гарт оржээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Зээлийн мэдээллийн сан бүрдүүлдэг Equifax компанийн сүлжээнд хакерууд нэвтэрч 143 сая Америк хүний нийгмийн хамгааллын дугаар болон бусад хувийн мэдээллийг хулгайлжээ.

Атлантад төвлөрдөг тус компанийн вэбсайтад тавдугаар сарын дунд үеэс долдугаар сарыг хүртэл хугацаанд гэмт этгээдүүд нэвтэрч байсныг илрүүлсэн байна. Харин мэдээлэл алдаж байгаагаа долдугаар сарын сүүлээр мэдсэн аж.

Тэд халдлагыг мэдсэнийхээ дараа мэдээллийн аюулгүй байдлын компани хөлсөлж, хохирлыг үнэлүүлэх ажиллагаа явуулсны дүнд өчигдөр анх удаа олон нийтэд ил болгосон байна.

Иргэдийн нийгмийн хамгааллын дугаар, төрсөн огноо, хаяг, жолооны үнэмлэхний дугаар зэрэг мэдээлэл алдагдсан байна. Мөн 209,000 хүний кредит картын дугаар алдагджээ.

АНУ-аас гадна Британи, Канадын цөөн тооны иргэдийн мэдээлэл алдагдсаныг Equifax компани мэдээлсэн байна. Equifax бол АНУ-ын гурван том зээлийн мэдээллийн компани бөгөөд иргэдийн санхүүгийн бүх түүхийг цуглуулж байдаг юм. Өөрөөр хэлбэл банкны зээлийн үнэлгээ тогтооход шаардлагатай бүх мэдээллийг нь бүрдүүлдэг байгууллага гэсэн үг. АНУ 350 сая орчим хүн амтай тул дээрх халдлага бараг хүн амын талыг хамарсан томоохон кибер гэмт хэрэг болж байгаа юм.

 

Эх сурвалж: Independent