Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/08-НД НИЙТЛЭГДСЭН

Ий Чонжун: БНСУ-д мэдээллийн технологийн чиглэлийн 30 гаруй мянган ажлын байр байна

www.ulaanbaatar.mn
2017 оны 9 сарын 8
ulaanbaatar.mn
Зураг зураг

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг болох Залуучуудын хөгжлийн газар БНСУ-ын Засгийн газрын агентлаг КОЙКА-гийн санхүүжилттэй төслийг хэрэгжүүлэгч Эм Кэй Ай Ти /MKIT/ сургалтын төвтэй хамтран төсөл хэрэгжүүлж байгаа. 

Уг төсөл нь залуучуудыг мэдээллийн технологийн чиглэлээр нарийн мэргэжил эзэмшүүлэх, богино хугацаанд олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай боловсон хүчин бэлтгэх,  Монголын мэдээлэл технологийн мэргэжилтнүүдийг дэлхийн түвшинд хүргэх зорилготой аж.Төслийн хүрээнд Монгол, Солонгосын мэдээллийн технологийн салбарын ажлын байрны өдөрлөгийг зохион байгуулсан ба  одоогийн байдлаар 70 гаруй залуу анхан шатны ярилцлагад оролцох хүсэлт гаргасан байна. Эдгээрээс мэдээллийн технологийн чиглэлээр ажиллах боломжтой, тодорхой түвшний мэдлэгтэй залуусыг анхан шатны ярилцлагад оруулах юм.

Өнөөдөр хоёр дахь шатны ярилцлага болох бөгөөд тэнцсэн залуучууд БНСУ-д гурван сарын хугацаанд цалинтай дадлагажих ажилтнаар явна. Бүх зардлыг сонгон шалгаруулсан аж ахуйн нэгжүүд хариуцах юм.

Өдөрлөгийн үеэр Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир “Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Эм Кэй Ай Ти /MKIT/ сургалтын төв хамтран  Мэдээллийн технологийн чиглэлээр суралцсан залуучуудыг БНСУ-ын мэдээллийн технологийн тэргүүлэх аж ахуйн нэгжүүдтэй холбож, ажлын захиалгаар хангах "Аутсорсинг" тогтолцоог бий болгох, гурван сарын хугацаанд дадлагажих ажилтнаар Солонгост явуулж мэргэжил дээшлүүлэх ажлыг зохион байгуулж байна.  Цаашид энэ үйл ажиллагааг улам өргөжүүлэн эх орондоо эргэж ирсний дараа Солонгос, Япон, АНУ, Тайвань зэрэг орнуудаас ажлын захиалга авч, хөдөлмөр эрхлэх боломж, бололцоог нээж, дэмжлэг үзүүлэх зорилготой  ажиллаж байгаа юм.   

Нийслэлийн Засаг даргын өгсөн чиглэлийн дагуу залуучуудыг нарийн мэргэжил эзэмшүүлэн хөгжүүлж, олон улсад өрсөлдөх чадвартай болгох зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд өнөөдрийн арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ өдөрлөгт БНСУ-ын мэдээллийн технологийн салбарын тэргүүлэх байгууллагуудын төлөөллүүд оролцож сонгон шалгаруулалтыг хийнэ. Мөн Монгол, Солонгосын мэдээллийн технологийн чиглэлийн компаниудын бизнес уулзалт болно” гэлээ. 

Монголын “IT” чиглэлийн инженер залуучууд Солонгос улсад ажиллах боломж дүүрэн байна

Эм Кэй Ай Ти /MКIT/ сургалтын төвийг төгсөгч Д. Алтангэрэл “Би гуравдугаар сард веб програмчлалын ангийг төгссөн. Амжилттай төгсөөд “Бизнес инкубатор төв”-д сард 440 мянган төгрөгийн тэтгэлэгтэй дадлагажиж байгаад одоо Эм Кэй Ай Ти /МKIT/ сургалтын төв үндсэн ажилтнаар ороод байна. Сургалтын гол давуу тал нь дадлага давамгайлсан аргаар сургадаг. Мөн заавал мэргэжлийн дипломтой хүмүүсийг давтан сургана гэсэн хатуу заалт байхгүй. Мэдээллийн технологийн чиглэлээр цаашид ажиллах сонирхолтой хүмүүс анхан шатны сургалтаас эхлээд нарийн мэргэжил олгох сургалтуудад сууж болно” гэв.

Хү из холдингc” группийн ерөнхийлөгч Ий Чонжун: Монголын “IT”-гийн чиглэлийн инженер залуучууд Солонгос улсад ажиллах боломж бололцоо дүүрэн байна. Манай компанийн хувьд 700 мянган домэйн нэр зах зээл дээр борлуулсан. Тиймээс байнга ажлын захиалгууд орж ирдэг тул Монгол залуучуудаар хийлгэх боломжтой. Одоогийн байдлаар Солонгосын зах зээл дээр 30 гаруй мянган “IT”-ийн чиглэлийн ажлын байр байна.

Энэ төслийн хүрээнд манай компани дээр одоо дөрвөн Монгол залуу ажиллаж байна. Цаашид олон залуучуудыг эх орондоо амьдран, манай компанийн захиалгат ажлуудыг гүйцэтгэх бололцоогоор ханган ажиллах бодолтой байна. Энэ төслийг хамтран хэрэгжүүлж байгаа Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Эм Кэй Ай Ти /MKIT/ сургалтын төвийн хамт олонд талархал илэрхийлье. Монгол залуучуудыг хичээн чармайлт гаргаж мэдээллийн технологийн салбарт хамтран ажиллахыг хүсье” хэмээв гэж Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.