Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/07-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Баттулга: Монголын баялгийг дэлхийн жишигт нийцсэн үнээр зах зээлд гаргах зорилго биелж байна

Ч.Болортуяа
2017 оны 9 сарын 7
iKon.MN

- ОХУ-ын Владивосток хотод болж буй "Дорнын эдийн засгийн III чуулга" уулзалтаас ikon.mn сайтын сэтгүүлч, редактор Ч.Болортуяа мэдээлж байна -

 

ОХУ-ын Владивосток хотод болж буй “Дорнын Эдийн засгийн III чуулга” уулзалтын өргөтгөсөн хуралдаан болж өндөрлөлөө.

Энэхүү хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар үг хэлж, чуулганы чиглүүлэгчийн асуултад хариулт өгсөн юм.

Чуулганыг нээж ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин хэлсэн үгэндээ

 
- Алс Дорнодын Владивосток хотод хийгдсэн хөрөнгө оруулалт 2017 оны эхний хагас жилд 20 хувиар нэмэгдээд байна.
- Бид энэ бүс нутагт далайн чөлөөт боомт бий болгож улмаар энд бизнес эрхлэгчдэд хамгийн таатай нөхцөл хүлээж байгааг хэлэхийг хүсч байна.
- Бид энэ бүс нутгийг хөгжүүлэх, илүү нээлттэй болгохын тулд 20 орчим хуульд өөрчлөлт оруулсан.
- Хөрөнгө оруулалтын хувьд татварын саад бэрхшээлүүдийг арилгаж байна. Цаашдаа бид улам нээлттэй болно.
- Бид Владивосток хотод технологийн парк байгуулж, боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийж байна.
- 2018 онд Владивосток цахим визтэй болно.
- Одоогийн байдлаар бид Хятад, Японы талтай хамтарсан ажлын хэсэг байгуулсан. Өмнөд Солонгос, Энэтхэгтэй мөн ажлын хэсэг байгуулахаар ярилцаж байна.
Энэхүү ажлын хэсгүүд нь эдгээр орны бизнес эрхлэгчдэд таатай нөхцөл байдал үүсгэх зорилготой.
- Алс Дорнодод татварын хөнгөлөлт 10 жил байсан бол 19 жил болгож сунгалаа.
- Энэ бүс нутагт 10 сая ам.доллараас дээш хөрөнгө оруулалт хийсэн гадаадын иргэнд бид Оросын иргэншил санал болгоно. Энэ нь та Владивостокт гэртээ байгаа юм шиг ажиллаж амьдарч болно гэсэн үг.

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин

 
- БНСУ ОХУ-ын газрын тос тээвэрлэгч усан онгоцны захиалгыг авсан зэрэг хоёр орон худалдаа, эдийн засгийн онцгой харилцаа бий болгоод байна.
- Бид Владивосток хотноо хөдөө аж ахуйн болон зочид буудлын чиглэлд хамтран ажиллах сонирхолтой байна.
- Миний хувьд энэ уулзалтын хүрээнд Есөн төрлийн гүүр байгуулах санаачлага гаргаж байгаа юм. Гүүр гэдэгт жишээ нь хийн хоолой зэргийг хэлж байна. Энэ бол ирээдүйд хүрэх зам гэж би бодож байна.
- Зүүн Хойд Азийг холбосон эрчим хүчний сүлжээ, Номхон Далайн Цагирагийг бий болгоно.
- Алс Дорнодод жинхэнэ шинэ орчин бий болох болно.

Монгол Услын Ерөнхийлөгч Х.Баттулга

 
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд анх удаа энэ форумд оролцож байна.
- Монголоос Владивостокт ирэхэд ойрхон байдаг юм байна. Үүгээр би юу хэлэх гэж байна вэ гэвэл Алс Дорнод монголчуудад Ойрын Дорнод юм байна гэдгийг мэдэрлээ.
- Энэ бүс нутгийг судалж, боомтуудад өөрийн биеэр очиж үзэх хүсэлтэй байсан. Боомтыг үзээд надад маш өндөр сэтгэгдэл төрлөө.
- Монгол Улс бол далайд гарцгүй орон. Миний мөрөөдөл бол далайд гараад, манайд байгаа газрын баялаг, бусад бүтээгдэхүүнийг бусад оронд дэлхийн үнээр зарах том боломж олох.
- Миний энд ирсэн гол асуудал бол манай хойд хөрш ОХУ-аар Монголын бараа, таваар дамжин өнгөрөхдөө тээврийн хөнгөлөлт авах зорилт агуулсан. Энэ зорилго үндсэндээ биеллээ гэж үзэж байна.
- Энэ зорилгын төлөө олон жил явсан. Үүнд оролцож дэмжсэн Путин Ерөнхийлөгч болон албаны хүмүүст дахин баярлаж буйгаа хэлье.
- Нэлээд хэцүү асуудал байсан. Олон жил ярьсан. Гэхдээ бид хийж чадлаа гэж тэмдэглэх нь зүйтэй.
- Хөгжиж байгаа Зүүн Азид Монгол хөл нийлүүлэн орно.
- Өчигдөр бид Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзаж хоёр орны харилцааны тухай болон Алс Дорнодын бүс нутагт хэрхэн хамтарч ажиллах тухай ярилцлаа. Мөн Солонгосын хойгийн асуудлаар ярилцлаа. Хориг тавьж аюулгүй байдлыг сахихаас гадна яриа хэлэлцээрийн замаар шийдэх боломжийг үлдээх ёстой гэж үзэж байгаа талаар ярилцсан.
- Надтай адилхан шинээр сонгогдсон БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Инд баярлалаа. Бид хоёр орны хамтын ажиллагаа, БНСУ-д олноороо ажиллаж байгаа монголчууд болон Солонгосын хойгийн аюулгүй байдлыг сахихад яриа хэлэлцээрийн замаар шийдэх боломжийг ч үргэлж үлдээх ёстой гэж үзэж байгаа талаараа ярилцлаа.

Япон Услын Ерөнхий сайд Шинзо Абэ

 

Тэрээр үг хэлэхийнхээ өмнө Жүдо Бөхийн холбоондоо хандаж Орос, Монголын Ерөнхийлөгч нарыг Японд урьж үзүүлэх барилдаан зохион байгуулахыг санал болгосон юм. Хоёр ерөнхийлөгч хоёул жүдогийн хар бүстэйг сануулаад хуралдааны танхимд сууж байгаа Японы Жүдо бөхийн Холбооны дэд ерөнхийлөгч Ясухиро Ямашитад хандаж, дээрх саналыг тавив.

Абэ Ямашитад хандан “Тиймээс та ерөнхийлөгч нарын оролцсон үзүүлэх барилдааныг Японд зохион байгуулж чадах уу? Сонирхолтой арга хэмжээ болох биш үү?” хэмээн хошигносон юм. Тэрээр үргэлжүүлэн...

- Япон-ОХУ хоорондын харилцааны хүрээнд Японы талаас эрүүл мэнд тэр дундаа хүүхдийн эрүүл мэнд, эмнэлгийн салбарт хамтран ажиллах сонирхолтой байгаа.
- Владивостокт Японы эрчим хүчний технологийг ашиглаж байгаа тухай хэлж энэ чиглэлд үргэлжлүүлэн ажиллах сонирхолтой байгаа.
- Русский арлын нар салхины үйлдвэрлэл бидний сонирхлыг илүү татаж байна... гэсэн юм

Дөрвөн улсын төр засгийн тэргүүд өөр өөрийн үгийг хэлсний дараагаар чуулганы модиратор тэднээс сонирхсон асуултандаа хариулт авсан юм.

 

Энэ үеэр АНУ, Умард Солонгосын асуудал сөхөгдөхөд...


ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин 

- Одоогийн нөхцөл байдлыг хурцатгахыг хүсэхгүй байна.
- Аливаа харилцааг энхтайванч дипломат аргаар шийдвэрлэх хэрэгтэй.
- Умард Солонгосыг бүс нутгийн яриа хэлэлцээний ширээнд урих хэрэгтэй.
- Ер нь цэргийн хүчээр асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжгүй.
- Бид өдөөн хатгалгад автахгүй байх ёстой.
- Гэхдээ Умард Солонгосчуудад хориг арга хэмжээ авахгүй байх нь зохимжтой харин тэднийг бүс нутгийн уулзалтад урих хэрэгтэй... гэж байлаа.

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин

- Тэдний хийж буй өдөөн хатгалга Зүүн Хойд Азийн орнуудад чухал хамааралтай асуудал юм. Хэрэв Умард Солонгост Зүүн Хойд Азийн энэхүү үйл ажиллагаа ашигтай гэдэг мэдээллийг хүргэвэл тэд ч бүс нутгийн энэхүү нэгдэлд нэгдэнэ гэж найдаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга

- Умард Солонгосын тухайд Засгийн газрын гишүүн байхдаа олон удаа зорчиж хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллаж байсан тухайгаа дурдаж бүс нутагт үүсээд буй бэрхшээлийг яриа хэлэлцээний замаар шийдэх ёстой талаар өөрийн байр сууриа илэрхийлсэн юм.

Мөн энэ үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсын тухай хэлэхдээ...

- ОХУ бол Ази, Европ хоёр тив дамнан оршдог орон. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сая Монголоос Алс Дорнодод очих нь ОХУ-ын Европын хэсэгт очихоос илүү ойр байна гэлээ.
- Бас Хакасаас Алс Дорнод руу 8,000 км-ийн цаанаас нүүрс тээвэрлэж байхад Монголоос 4,000-аад км-ийн цаанаас нүүрс тээвэрлэх нь илүү дөт.
- Ингэж улс орнууд хамтарч ажиллахад Алс Дорнодод ложистикийн салбарыг илүү хөгжүүлэх нь чухал. Энэ нь дэлхийн эдийн засагт ч чухал... гэлээ.

 

Гэрэл зургийг: Tassphoto