Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/06-НД НИЙТЛЭГДСЭН

ВЛАДИВОСТОК: Хятад + Орос, Япон, Солонгос …

Ч.Болортуяа
2017 оны 9 сарын 6
iKon.MN
 

- ОХУ-ын Владивосток хотод болж буй "Дорнын эдийн засгийн III чуулга" уулзалтаас Ikon.mn сайтын сэтгүүлч, редактор Ч.Болортуяа мэдээлж байна -

Монгол-Оросын Бизнес форум ОХУ-ын Владивосток хотноо боллоо.

“Дорнын эдийн засгийн III чуулга” уулзалтын үеэр болж буй энэхүү форумд Монгол, Оросын төр засгийн болон бизнесийн 150 орчим төлөөлөгч оролцсон юм.

Монголын талаас гэхэд бизнесийн 70 гаруй төлөөлөгч оролцож байгаа бөгөөд Үндэсний үйлдвэрлэгч “Говь” ХК, АПУ ХК форумын үзэсгэлэнд оролцон бүтээгдэхүүнээ танилцуулж байна.

Монголоос ирсэн бизнесмэнүүд Орос төдийгүй Япон, Солонгос зэрэг бусад улсын бизнесийн төлөөлөгчидтэй уулзалт хэлэлцээ хийх зорилготой ирсэн тухайгаа ярьж байлаа.

“Дорнын эдийн засгийн форумын үеэр Япон талын хөрөнгө оруулагчид маань ирж оролцож байна. Тэр түнштэйгээ уулзах зорилготой энэхүү форумд оролцож байна. Хоёрдугаарт Алс Дорнодод хэрэгжиж байгаа 40 гаруй томоохон төсөлтэй танилцаж туршлага судлахаар ирсэн. Бидний хөрш орон болох Орос орны хувьд уур амьсгалын хувьд ойролцоо учраас дэд бүтцийн төслүүдэд ямар шийдэл, технологи ашиглаж байгаа нь сонирхол татаж байна” гэж “Майдар Эко Сити” төслийн удирдагч Л.Баяртуул ярьж байлаа.

Монгол-Оросын Бизнес форумын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлэхдээ

 

“Миний бие бизнес эрхлэгчийн хувьд 1990 оны эдийн засгийн хүнд шилжилтийн үеэс ганзагын худалдаачнаас үйлдвэрийн захирал хүртэлх замыг туулах явцдаа Оросын бизнес эрхлэгчидтэй нягт хамтарч ажиллаж байсан юм. Өнгөрсөн хугацаанд УИХ-д 3 удаа сонгогдож, Монгол Улсын Засгийн газарт 2 удаа сайдаар томилогдон ажилласан. Би Засгийн газрын гишүүнээр ажилласан хугацаандаа ХАА, дэд бүтцийн салбарт нэлээд анхаарч, судалгаа хийж  ажилласан юм.

Монгол Улс Эрдэнэт үйлдвэрийг ОХУ-тай хамтарч байгуулж, Монголд зэс баяжуулах үйлдвэр барьсныг бид мэднэ. Энд судалгааг зөв хийж, боловсон хүчнийг цогцоор нь бэлтгэснээр одоо хүртэл Монгол Улсын эдийн засагт ашиг тусаа өгсөөр байгаа юм.

Үүнтэй адилханаар Монголын говьд, Дорноговь аймгийн төв Сайншандад Эрдэнэттэй тэнцэхүйц аж ахуй байгуулъя гэсэн ирмүүн хүслээр их хэмжээний судалгаа хийснээсээ бас танилцуулъя гэсэн бодолтой байна.

Энэ юу вэ гэхээр уул уурхайн бүтээгдэхүүнээ бид түүхийгээр нь экспортолдог биш, тодорхой хэмжээгээр боловсруулдаг арвин туршлагаа Эрдэнэттэй зүйрлэж барьж байгуулъя гэсэн санаа дэвшүүлж байгаа” талаар ярьсан юм.

Та бүхэн Ерөнхийлөгч Х.Баттулгын хэлсэн үгийг бүрэн эхээр ЭНД дарж унших боломжтой.

1990 - 2016 онуудад Монгол Улсад нийт 18.9 тэрбум гаруй ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт хийгдсэн бол үүний ердөө 2.15 хувь буюу 407 сая ам.долларыг ОХУ-аас хийгдсэн байна.

ОХУ-аас Монгол Улсад хийгдсэн энэхүү хөрөнгө оруулалтын дийлэнх буюу 45 орчим хувь нь тээврийн салбарт, 36 хувь нь уул уурхайн салбарт хийгджээ.

Хоёр орны худалдааны нийт эргэлт 2017 оны эхний хагас жилийн байдлаар 559.32 сая ам.доллар бөгөөд үүнээс экспорт 27.13 сая ам.доллар, импорт 532.18 сая ам.доллар байна.

График 1, Худалдааны хэмжээ,

Экспортын хэмжээ ийнхүү чамлалттай байгаад Монголын талаас хэзээд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ Орост гаргах сонирхолтойгоо илэрхийлж ирсэн.

Харин энэ талаар ОХУ-ын Хөдөө аж ахуйн дэд сайд Е.Громыко

“Бид Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн авах тал дээр эхний ээлжинд малын вакцинжуулалт нийлүүлэх ажлыг хийж байна. Цаашдаа хөдөө аж ахуйн чиглэлээр чадах бүхнээрээ туслах болно” хэмээсэн юм.

Монгол Улс нь хөрөнгө оруулагчдад хэмжээ, салбар, байршил зэргээс хамааран дараах дэмжлэгийг үзүүлж байгаа талаар Үндэсний Хөгжлийн Газрын дарга Б.Баярсайхан танилцууллаа.

Үүнд:

  • Нэгт. 500 тэрбум төгрөгөөс дээш хэмжээний хөрөнгө оруулалт хийвэл татварын орчныг тогтворжуулах, зохицуулалтын болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх нөхцөлийг тусгасан Хөрөнгө оруулалтын гэрээг Монгол Улсын Засгийн газартай байгуулж болно.
     
  • Хоёрт. Аль бүс нутагт хөрөнгө оруулалт хийснээс хамаарч 5-18 жилийн хугацаанд НӨАТ, ААН -ийн орлогын албан татвар, Гаалийн албан татвар, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр зэрэг дөрвөн төрлийн татварын хэмжээг тогтворжуулах гэрчилгээг авч болно.
     
  • Гуравт. Хэрэв та бүхэн Эдийн засгийн чөлөөт бүсэд хөрөнгө оруулбал төрөл бүрийн татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн механизм үйлчилнэ.
     
  • Дөрөвт. Жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийг Гаалийн албан татвараас чөлөөлдөг гээд бусад хөнгөлөлтийн нөхцөл боломжийг танилцууллаа.

Гуравдагч зах зээлийг нээх ТРАНЗИТ ТЭЭВРИЙН ГЭРЭЭ

 
Гэрэл зургийг Ч.Ганбат, `Восточный` боомт

“Оросын төмөр замууд” ХНН-ын Ерөнхийлөгч Олег Белозёров 2030 он хүртэл гурван үе шат бүхий 50, 8, 110 тэрбум рублийн хөрөнгө оруулалтыг төмөр замд хийх талаараа энэ үеэр мэдэгдсэн юм. Мөн тэрбээр хоёр орны транзит тээврийн асуудлыг хөгжүүлж сайжруулах талаар ярив.

Улаанбаатар Төмөр Зам ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа “Улаанбаатар төмөр замын шинэчлэлийн хөтөлбөр гарсан. Үүний дагуу 2030 он гэхэд 54 сая тонн ачаа нэвтрүүлэх хүчин чадалтай болох зорилготой. Энэ нь одоогийн хүчин чадлаа хоёр дахин нэмэгдүүлэх тухай юм” гэлээ.

 

Харин энэ форумын үеэр хоёр орны хооронд яригдаж байгаа Транзит тээврийн гэрээний асуудлаар Зам, тээврийн сайд Д.Ганбатаас тодруулсан юм.

Түүнээс Транзит тээврийн гэрээний хүрээнд Монгол тэртээ тэргүй Хятадаар дамжиж гуравдагч хөршүүддээ бүтээгдэхүүнээ гаргах боломж байхад яагаад Владивостокоор буюу энэ хол замыг сонгох болов гэж асуухад  “Ачаа тээвэрлэнэ гэдэг бол тухайн замаар ачааг тээвэрлэх чадвар маш чухал. Хятадын хувьд төмөр замын ачаалал, нягтаршил ихтэй. Тийм учраас манай улсын ачаа тээврийг их хэмжээгээр тээвэрлэх боломж хязгаарлагдмал. Харин Оросын Алс Дорнодын ачаа тээвэрлэлтийн ачаалал бага. Тиймээс ч манай олон сая тонн нүүрсийг тээвэрлэх боломжтой. Хятад руу 200 км гэдэг бол зөвхөн хил хүртэлх зай. Түүнээс цаашаа мянга гаруй км зам туулж далайн боомт руу хүрнэ. Харин Оростой ярьж буй энэ гэрээ хэдийгээр дөрвөн мянга гаруй км боловч хөнгөлөлттэй тариф авчихвал нүүрсний маань өрсөлдөх чадвар дээшилнэ. Тэгэхээр зайнаасаа илүү энэхүү тээвэрлэлтийн тарифаасаа л хамаарна гэсэн үг” гэлээ.

“Бодлогын хувьд Монгол Улс нүүрсний нэг биш хоёр, гурван гарцтай байх л тухай юм” гэж тэрбээр нэмж хэллээ.

УБТЗ ХНН-ийн төлөөлөгч Ж.Батболдоос тус асуудлаар тодруулахад “Монголын нүүрсний худалдан авагч одоогоор Хятад улс л байна. Зөвхөн Хятад биш Япон, Солонгос гэсэн бусад боломжтой зах зээлд л хүрэх зорилготой”  гэлээ.  Энэ гэрээ нь Монгол, Хятадын худалдааны эрх ашигтай зөрчилдөх зүйл байгаа эсэхийг түүнээс асуухад Ж.Батболд “Тийм зүйл байхгүй. Бид зах зээлээ л нэмж буй хэлбэр” гэв.  Гэрээний ачаар Монголын нүүрсний өрсөлдөх чадвар л нэмэгдэх боломжтойг форумд оролцогчид хэлж байв.

Монгол Улс, ОХУ хоёрын Засгийн газрын түвшинд энэхүү Транзит тээврийн гэрээний асуудлыг албан ёсоор сүүлийн долоон жилийн хугацаанд зөвшилцсөн байна. Гэхдээ гэрээ өнөөдрийг хүртэл батлагдаагүй байгаа бөгөөд өнгөрсөн сарын сүүлээр Зам, тээврийн хөгжлийн Дэд сайд Б.Цогтгэрэл тэргүүтэй төлөөлөгчид Оросын Засгийн газрын талтай гэрээний агуулгаа тохиролцоод байгаа аж.

Энэхүү гэрээний агуулгад хоёр тал сүүлийн байдлаар тохиролцоонд хүрээд байгаа учраас эхний ээлжинд Монголын бүтээгдэхүүн гуравдагч зах зээлд гарах боломжтой Владивостокт байрлах Восточный боомтын үйл ажиллагаатай Ерөнхийлөгч Х.Баттулга тэргүүтэй Монголын талын төлөөлөл өчигдөр танилцсан талаар бид мэдээлсэн.

Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн албаны мэдээлснээр “ОХУ-ын талаас  Монгол Улсад Восточный боомтоос газар өгье. Тус боомт шиг боомт байгуулаад Тавантолгойн нүүрсээ дэлхийн зах зээл рүү гаргах боломжтой хэмээн албан ёсоор санал тавьсан байна” гэсэн.

“Восточный” боомт нь Япон тэнгисийн Находкийн буланд Вранглерийн хоолойд оршдог ОУ-ын хэмжээний төрөлжсөн далайн боомт бөгөөд Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн “Приморье-1” олон улсын төмөр замын коридорын төгсгөлийн цэг юм.

Уг боомтоор 2017 оны эхний хагас жилийн байдлаар нийт 34.8 сая тонн ачаа тээвэрлэн өнгөрүүлсэн байна.

Хэдийгээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-д ажиллаж байгаа ч төрийн тэргүүний түвшний уулзалтаа гуравдагч хөрш Японоос эхэллээ.

Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад өнөөдөр бараалхаж үргэлжлүүлэн БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй уулзав. 

Харин маргааш ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай уулзана. Энэ үеэр хоёр орны хооронд байгуулах Транзит тээврийн гэрээнд гарын үсэг зурагдах хүлээлт байгаа ч гэрээ яг зурагдах эсэхийг албаны эх сурвалжууд батлаагүй байна.