Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/05-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын төв банк шинэ крипто мөнгөн тэмдэгт гаргахыг хориглолоо

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 9 сарын 5
IKON.MN
Зураг зураг

Биткоинтой адил крипто мөнгөн тэмдэгт шинээр гаргаж, бизнесээ санхүүжүүлэх ажиллагааг ICO (Initial Coin Offering) гэж нэрлэдэг болоод байгаа. Тэгвэл Хятадын төв банк Даваа гарагт ийм ажиллагааг хууль бусад тооцох шийдвэрээ зарлажээ.

Мэдэгдэлд ICO хийх бизнесийн ажиллагааг тус улсын санхүүгийн дэг журмыг алдагдуулах эрсдэлтэй гээд үүний цаана луйвар, гэмт хэрэг нуугдаж байх боломжтой гэсэн байна.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Хятадад ICO буюу шинэ дижитал валют гаргаж, хөрөнгө оруулагчдыг татах арга газар аваад байсан юм. Хамгийн алдартай крипто валют болох Биткоин нь төрийн хэвлэж гаргадаг уламжлалт валютаас гадуур үйлчлэх нэмэлт хэрэгсэлд тооцогддог бол ICO хэлбэрээр гарсан валютууд нь тодорхой нэг бизнесийн үйл ажиллагааг санхүүжүүлэхэд чиглэсэн хязгаарлагдмал зорилготой.

Тухайлбал Парис Хилтон дэмжиж байгаагаа зарласан Lydian Coin нь зөвхөн зар сурталчилгааны багц худалдаж авахад зориулагдсан бол FileCoin нь дата хадгалах байгууламжийн солилцоонд зориулагдсан байх жишээтэй.

Зарим судлаачид ICO-г санхүүгийн пирамид схемээс бараг ялгаагүй зүйл гэж үзэх нь бий.

Зөвхөн 2017 он гарсаар Хятадад 65 шинэ коин зах зээлд гарч, 2.6 тэрбум юаний хөрөнгө босгож чадсан байна. Харин шууд хамааралгүй ч Биткоины ханш Хятадын төв банкны бодлого зарлагдсаны дараа нэлээд хэмжээгээр унаад байгаа нь крипто мөнгөн тэмдэгтэд итгэх итгэл суларч, зах зээлд эргэлзээ бий болсноос үүдэлтэй гэж мэргэжилтнүүд дүгнэж байна.

Ням гарагт нэг биткоин түүхэн дээд ханшиндаа хүрч $5,000 давсан бол өчигдөр мэдэгдэл гарсны дараа бараг $4,000 хүртэл унасан юм.

Яг одоогийн байдлаар Биткоины ханш бага зэрэг сэргэж $4,100 гаруй үнэтэй болоод байна.

 

Эх сурвалж: The Verge