Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/05-НД НИЙТЛЭГДСЭН

Хөрөнгө оруулагчид “долоо буудуулсан чоно” шиг хаширлаж байна

Г.Ганчимэг
2017 оны 9 сарын 5
Монголын мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын Засгийн газар томоохон төслүүдээ удахгүй хөдөлгөж эхэлнэ, дэлхийн зах зээл дээр зэс, нүүрсний үнэ сэргэж байгаа, төсвийн алдагдал буурсан зэргээр бага ч гэсэн эерэг дохионууд эдийн засагт асаад эхэлжээ. Өндөр дүнтэй тоо ярьдаг том эдийн засагтай оронтой харьцуулахад манай улс өөртөө гарч ирсэн багахан боломжийг л  зөв ашиглаж чадвал эдийн засаг нь сэргэж, хүн зоны зоо тэнийж байдгаараа онцлогтой.

Магадгүй жижигхэн байхын давуу тал нь энэ байх. Гэхдээ Олон улсын валютын сангийн өргөтгөсөн хөтөлбөртэй тэргүүлэх салбаруудынхаа бодлогыг уялдуулах зайлшгүй шаардлага, өр зээлийн дарамтаа хэрхэн багасгаж, хугацааг нь хойшлуулах вэ гэдэг “шүдний өвчин”, улс төрийн тогтворгүй байдал, дэлхийн зах зээл гэж ярьдаг ч үнэндээ түүхий эдийн үнэ нь Хятадын үйлдвэрлэгчдээс ихээхэн хамааралтай эмзэг байдал, зээлжих зэрэглэл нь гуравхан сарын дотор гэрлийн хурдаар доошилж буюу хоёр удаа буурсан зэрэг сөрөг зураглалууд ч бас бий.

Ийм л хувь тохиол, хур бороо, шавар шалбаагтай намрын өглөө “Инвест Монголиа” олон улсын хөрөнгө оруулагчдын чуулган “Шангри Ла”-д 11 дэх жилдээ нээгдлээ. Хоёр өдрийн турш зохион байгуулагдах энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газар болон тэргүүлэх чиглэлийн гол салбаруудын төлөөлөл, санхүүгийн байгууллага, олон улсын хөрөнгө оруулагчид, эдийн засгаар мэргэшсэн сэтгүүлчид, Монголын томоохон хэвлэл мэдээллийн төлөөлөл зэрэг 1000 гаруй оролцогч нэг дор цугларсан юм.

Тэд бүгдээрээ л улстөржилт, элдэв янзын попролгүйгээр мэргэжлийн төвшинд нүүр тулан уулзаж, эмх цэгцгүй байгаа буруу ойлголцлоо залруулж, нэгдсэн нэг  ойлголттой болох, томоохон төслүүд болоод эдийн засгийн нөхцөл байдал, хууль, эрхзүйн орчин, энэ жилд гарсан томоохон өөрчлөлт, ирэх онд гарч ирэх давуу тал, болзошгүй эрсдэл, банк, санхүүгийн зах зээл, нийгмийн болон хөгжлийн асуудлуудаар үнэнд хамгийн ойр байж болох бодит мэдээллийг анхны албан ёсны эх сурвалжаас нь л авахыг чармайж байлаа. Хэрэв үүнийг бийр будаг ашиглан илэрхийлбэл, Монгол Улс бас ч гэж дампуурлын намаг балчигт арай живчхээгүй байгаа юм байна гэх тайтгарал, аврагдах гарцаа хайж, харцаа эрэг хавьцаа чиглүүлж байгаа горьдлого бүхий дүр зураг л бууна.

Энэхүү чуулганыг Японы хөрөнгө оруулалттай “Фронтиер Монгол” компани  жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Тус компанийн гүйцэтгэх захирал Маса Игата “Бид сүүлийн гурван сарын турш салбар бүрийн мэргэжилтнүүдтэй ярилцсаны үндсэн дээр хөрөнгө оруулагчдад тулгамдсан хамгийн чухал асуудлуудыг анхааралтай сонголоо.

Чуулга  уулзалт  маань  хэн  нэгнээс хараат  бус болдог. Хуралд  оролцогчдын  үзэл бодлыг тэнцвэртэй тусгахыг эрхэмлэдэг юм. Бидний зорилго бол хөрөнгө оруулагчид болон хөрөнгө оруулалт шаардлагатай ААН-үүд хоорондын ойлголтын зөрөөг арилгаж, хоёр талд стратегийн болон санхүүгийн хувьд харилцан ашигтай байдлыг бий болгох” гэдгийг онцолж байсан.

Ирээдүй цаг дээр ярьдаг хэлбэрээ өөрчлөхийг Ерөнхий сайд шаардав

Харин энэ удаагийн чуулганы нээлтэд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мэндчилгээ дэвшүүлж, хэлсэн үгэндээ “Сүүлийн 10 гаруй жилд Монгол Улсад шинээр орж ирсэн гадаадын хөрөнгө оруулалтын дийлэнх хувь нь зөвхөн уул уурхай болон түүнтэй шууд хамаарал бүхий салбаруудынх байлаа. Энэ хэрээр манай эдийн засаг олборлох салбараас хэт хамааралтай хэвээрээ байна. Эдийн засгийн өрөөсгөл энэ бүтэц болон бусад хүчин зүйлээс хамааран эдийн засгийн өсөлт тогтвортой бус, хэлбэлзэл ихтэй явж ирсэн гэдгийг та бүхэн сайн мэднэ. Сүүлийн 5-6 жилийн дотор эдийн засгийн өсөлт 17 хувиас нэг хувь болтлоо эрс унасан.

Энэ оны эхний хагас жилийн байдлаар эргэн сэргэж, өсөлт 5.3 хувьд хүрлээ. Гадаад худалдааны эргэлт, улсын төсвийн орлогын бүрдэлт, инфляцын төвшин, мөнгөний бодлого зэрэгт олон эерэг өөрчлөлт гарсан” гэж онцлоод “Хөрөнгө оруулагчдын өмнө Монгол Улс нээлттэй засаглалтай, бизнесийн таатай орчинтой, бизнес хийх зах зээлтэй улс хэвээр байна. Оюутолгой, Тавантолгой төслийн үйл ажиллагаа эрчимжсэн. Үүнээс гадна ашигт малтмалын шинэ орд газрууд ч илэрч байгаа.

Түүхий эдийн үнэ ханш өсөж, Оюутолгойн далд уурхайн олборлолт эхлэх болсноор гадаад худалдаа, үүний дотор экспортын урсгал илүү тогтвортой байх урьдчилсан нөхцөл харагдаж байна. Монгол та бүхний сонирхлыг татах бизнес, хөрөнгө оруулах ирээдүйтэй зах зээлтэй улс хэвээрээ байгаа. Харин бизнес эрхлэх, хөрөнгө оруулах орчны тухайд нэг талаас хөрөнгө оруулагчид та бүхэн, нөгөө талаас Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд миний байр суурь ялимгүй зөрөхийг үгүйсгэхгүй.

Магадгүй, зарим хөрөнгө оруулагч манай улсын хөрөнгө оруулалтын орчныг “Сайнгүй, эрх зүйн орчин хангалтгүй” гэж болох юм. Үүнтэй би Ерөнхий сайдын хувьд санал нийлэхгүй. Өнөөдөр манай эдийн засгийн голлох салбарууд, ялангуяа томоохон хөрөнгө оруулалт татдаг уул уурхайн салбар нэлээд жигдэрсэн, хөрөнгө оруулагчдыг хамгаалсан, болзошгүй эрсдэлийг зохих төвшинд хаасан, олон улсын жишигт ойртсон эрх зүйн орчинтой болсон.

Аливаа хамтын ажиллагаа тал талын эрх ашигт нийцэх эрх зүйн орчинтой байх ёстой. Энэ бол бизнесийн зарчим. Харин ямар ч тохиолдолд хөрөнгө оруулагчдад бус, баялгийн эздэд илүү боломж байх ёстой нь бизнесийн хууль гэдгийг энд сануулахад илүүдэхгүй” хэмээн үзэж буйгаа ч илэрхийлэв. Мөн тэрбээр эцэст нь “Монгол Улсад хөрөнгө оруулах нэг л зорилготой чуулганыг бид янз бүрийн нэршил дор сүүлийн 10 гаруй жил зохион байгуулж ирлээ.

Заримдаа жилд хоёр, гурваар нь хийлээ. Цаг зав, хөрөнгө мөнгөө зарцуулаад олон ч хөрөнгө оруулагч ирж байна. Гэвч эдгээр чуулганы бодитой үр дүн амьдрал дээр тэр бүр харагдахгүй, үүнээс болж арга хэмжээ маань өөрөө үнэгүйдэх хандлагатай байгааг зохион байгуулагчид анхаарах хэрэгтэй. Бид цуглаж суугаад ирээдүй цаг дээр олон жил ярилаа. Хөрөнгө оруулалтын ийм чуулганууд одоо хэлбэрийн хувьд дараагийн шатандаа орох хэрэгтэй. Ярьж чуулахаас илүүтэй, хамтарч хийдэг бүтээдэг бодитой хамтын ажиллагаа чухал байна.

Энэ удаа үр дүнгүй цугларалт болоод өндөрлөхгүй гэдэгт итгэж байгаа бөгөөд аль салбарт ямар компани хамтын ажиллагааны эхлэл тавьсан, гэрээ байгуулсан, эргэж уулзахаар болсон гээд чуулганы бодит үр дүнгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Засгийн газарт ирүүлэхийг үүрэг болгож байна. Засгийн газар тэр бүгдийг хуулийн хүрээнд бүх талаар, бодитой дэмжиж хамтран ажиллах болно” гэв.

Хөрөнгө оруулалт 60 хувиар өссөн ч ...  

Үүний дараа Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат “Хөрөнгө оруулалтын орчин, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаална” гэдгээ тус чуулганы индэр дээрээс амласан юм.

Гэхдээ энэхүү чуулган, салбар хуралдааны хэлэлцүүлгүүд дээрээс анзаарагдсан нэг зүйл нь ОУВС-ийн өргөтгөсөн хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаа, зарим түүхий эдийн үнэ өсч, хамгийн гол түнш болох Хятадын зах зээл улам тодорхой болж байгаа хэдий ч гадаадын хөрөнгө  оруулагчдын хандлага  мэдэгдэхүйц  сайжраагүй гэдэг нь тодорхой боллоо.

Тухайлбал, “Монгол Улсын эдийн засгийн хэтийн төлөв байдал” хэлэлцүүлгийн үеэр ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нийл Сэкир “Арилжааны банкууд дунджаар 25 хувийн хүүтэй, богино хугацаатай зээл олгож байгаа тул эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлэхгүй байгаа.

Иймд ОУВС банкны системийн эрүүл мэндэд ихээхэн анхаарна” гэдгийг онцлов. Өөрөөр хэлбэл, олон улсын зээлжих зэрэглэл тогтоодог зарим байгууллага манай улсын зээлжих зэрэглэлийг САА1 болгож бууруулснаа нэг хэсэгтээ ангилал байрыг ахиулахгүй нь. Чуулганд оролцсон зарим эдийн засагч үүнтэй санал нийлэхгүй байгаа юм.

Улсын төсвийн алдагдал өнгөрсөн сарын байдлаар 500 тэрбум төгрөг болж буурсан, мөн хөрөнгө оруулалтын хууль, эрхзүйн орчин харьцангуй сайжирсан, зарим хөрөнгө оруулагч бодлогод л хэт анхаарч байсан нь сул тал боллоо гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа зэрэг эерэг хандлага, нааштай үзүүлэлтүүдийг авч үзэхгүй байгаад жаахан сэтгэл дундуур үлдлээ. Уг нь Монголд хийж буй хөрөнгө оруулалт 60 хувиар өсжээ. Зөвхөн уул уурхай гэлтгүй эрчим хүч, дэд бүтэц, банк, санхүүгийн зах зээл, хөдөө аж ахуйн салбарыг хөрөнгө оруулагчид сонирхдог болсон байна.

Харин тус чуулганы зохион байгуулагч, ноён Маса Игата “Гадаадын хөрөнгө оруулагчдыг эргэлзээ тээнэгэлзэл, хүлээлтэд хүргэдэг зүйл бол Монгол Улсын төр, засгийн тогтворгүй байдал. Монгол Улсын Их хурлаас Засгийн газраа шинэчлэн байгуулах гэж байгаа тухай мэдээлэл олон улсад түгсэн. Засгийн газар нь өөрчлөгдвөл өмнөх Засгийн газрынхаа хэрэгжүүлж байсан бодлогыг үргэлжлүүлэх эсэх нь тодорхойгүй. Хэрэгжүүллээ гэхэд, яаралтай хийх байсан бодлогын арга хэмжээнүүд удаашрах муу талтай. 

Нөгөөтээгүүр, шинээр сонгогдсон Ерөнхийлөгч, эрх баригчид өөр өөр намын төлөөлөл байгаагаас зөрчил гарч болзошгүй гэх мэт таамаглалууд нь хөрөнгө оруулагчдыг түгшээж байж магадгүй” гэдгийг үгүйсгэсэнгүй. Юутай ч энэ намар хөрөнгө оруулагчдын ээлжит чуулган болдгоороо л боллоо. Гэхдээ хөрөнгө оруулагчид “долоон удаа буудуулж шархадсан чоно” шиг хаширлаж байна. Өөрөөр хэлбэл, тэдний Монголд итгэх итгэл бүрэн сэргээгүй аж. Тиймээс өнөөдөр өгч байгаа хариулт нь “Магадгүй” эсвэл “Ийм эрсдэлтэй” юм.

Зураг