Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/04-НД НИЙТЛЭГДСЭН

"БНХАУ-ын ЭСЯ оюутны визний мэдүүлгийг ажлын таван өдөр авч байна"

А.Намуун, iKon.mn
2017 оны 9 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Гадаад харилцааны яамнын Консулын газраас БНХАУ-ын Элчин сайдын яаманд ажлын таван өдөр визний мэдүүлэг авч байгаа талаар өнөөдөр мэдээллээ.

Энэ талаар ГХЯ-ны Консулын газрын дэд захирал Д.Мөнхтүшиг "БНХАУ-д суралцах хүсэлтэй Монгол оюутнууд Хятадын Элчин сайдын яамны гадаа урт дараалал үүсгэж байна гэсэн хүндрэлтэй асуудал гарч байсан. Энэ асуудлын талаар бид анхны гомдлыг иргэдээс хүлээн авсан даруйдаа Хятадын Элчин сайдын яамны Консулын хэлтэстэй холбогдож хамтран ажилласан. 

Хятадын Элчин сайдын яам хэдий их ачаалалтай ажиллаж байгаа ч нэг өдөрт хүлээн авах анкетийн тоогоо нэмэгдүүлж 100 орчим болгосон. Өмнө нь 60 анкет авдаг байсан юм.

Мөн долоо хоногийн зөвхөн гурван өдөр л визний материал авдаг байсан бол нэмэлтээр хоёр өдрийг нэмж ажлын бүх өдрүүдэд визний материалыг хүлээн авдаг болсон.

Түүнчлэн, БНХАУ-ын ЭСЯ-ны зүгээс хэвлэл мэдээллийн хэрэгслээр яамны гадна зохиомол дараалал үүсгэж, дарааллаа худалдаж байна гэсэн ташаа мэдээлэл явж байсан. Энэ талаар хариуцлагатайгаар хэлэхэд Хятадын Элчингээс ямар нэгэн зохиомол оочер дараалал үүсгээгүй, иргэд өөрсдөө сайн дураар зохион байгуулалтад орж, оочерлож, материалаа өгч байгаа" гэв.

Энэ долоо хоногийн байдлаар ихэнх оюутнууд визээ мэдүүлээд Хятад улс руу зорчсон байна. Цөөн үлдсэн оюутнууд нь энэ долоо хоногтоо багтаан материалаа өгөөд дуусна гэсэн мэдээллийг Хятадын Элчин сайдын яамнаас өгчээ.

2017-2018 онд БНХАУ-д нийт 7,000 гаруй оюутан Хятадын тэтгэлгээр болон хувиараа суралцаж байгаа бөгөөд 30-40 хувь хувийн зардлаар суралцаж байгаа талаар ГХЯ-наас мэдээллээ.