Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/04-НД НИЙТЛЭГДСЭН

"Монгол Улс мандан бадрахад дор хаяж 27 жил хэрэгтэй"

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 9 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Засгийн газар “Фронтиер” үнэт цаасны компанитай хамтаран зохиож буй хөрөнгө оруулалтын “Invest Mongolia-2017” чуулга уулзалт өнөөдөр болж байна. Уулзалтад гадаадын 90 байгууллагын нийт 1,300 хүн оролцож буй бөгөөд хоёр өдөр үргэлжлэх юм. 

Чуулганы үеэр нийтлэлч Б.Батбаярын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

Хөгжиж буй хоцрогдонгүй орнуудын нийгмийн сэтгэлгээний нийтлэг зовлонг тоочвол:

  • Орчин үеийн төр байгуулж амжаагүй, байгуулж эхлэх шатандаа яваа
  • Иргэдийн нийтлэг сэтгэлгээ нь дундад зууны ойлголттой
  • Өөрийнхөө улсын сул дорой, хоцронгуй яваагаа мэддэг, үүндээ комплекстой
  • Өмнөх түүхийнхээ аль нэг гялайж гялтайсан үе байвал түүнийгээ үндэсний бахархал болгох гэж тэмүүлдэг. Өнөөдрөөр амьдардаг, өчигдрөөр бахархдаг, маргаашаа боддоггүй.
  • Хоцрогдолынхоо шалтгааныг юун түрүүн гаднаас хайдаг, маш амархан олдог. Тэр нь голдуу хөрш орон, эсвэл хэзээ нэг цагт үзэл суртал дайн байылдаанаар зөрчилдөж байсан улс байдаг.
  • Өөрснийгөө асар их баялагтай, эсвэл маш их бололцоотой авч үүнд нь саад болсон, эсвэл баялагийг нь булаах гэсэн гадны хүчин байгаад итгэдэг.
  • Сонгогдсон ч бай, диктаторын ч бай төрөө үргэлж харддаг. Ямар ч шийдвэрийг нь хардах эсэргүүцэх хандлага хавтгай.
  • Дотроосоо дайсан эрэмтгий. Баялаг бүтээгчиддээ илүү дайсагнан ханддаг. 
  • Худалдаа, зуучлал, банкны үйлчилгээг мөлжлөг гэж хардаг.
  • Зорилготой зорилгогүйгээр тараасан хуйвалдааны онол маягийн цуурхал болоод зориудын мушгин гуйвуулалтад нэн автамхай.

Энэ байдлаас болоод бодитоор буй болдог хүндрэл гэвэл:

  • Сул дорой төртэй. Шийдвэр гаргагч нь эсвэл ганц дарангуйлагч, эсхүл үй олон давхардсан инстүүц, түүнийг төлөөлсөн түшмэд байдаг. Аль нь ч бай төрийн шийдвэр цуцлагдах, эргэж буцах нь туйлын амархан.
  • Авилга маш дэлгэрсэн. Төрийн алба, албан тушаал нь худалдагдах, хишиг хүртээх, хахуульдах гэх мэт нөхцлөөр шийдэгдэнэ.
  • Хөгжил дэвшилд хандсан шийдвэр гаргаж чаддаггүй.
  • Нийгэм нь овог отгийн маягийн хуваагдал руу тэмүүлсэн.
  • Ард түмэн, нийгэм, улс орны хөгжил, байгаль эколог гэх мэт ариун уриа болгон рэкет, шамшигдуулал, хулгай, авилгыг халхлах нэр томъёо болдог.
  • Ард түмэн төрдөө, төр нь ард түмэндээ итгэдэггүй.
  • Төрийн татвар хураах чадвар нэн ядмаг.
  • Улс төрийн хүрээнд ашиг сонирхлын бүлэглэлүүд байнга үүсэх ба энэ нь үргэлж өөрчлөгдөж байдаг хувирамхай шинжтэй.
  • Улс төрийн аль ч намд нь тогтсон үзэл суртал чиглэл зорилго байдаггүй учир хоорондоо популизмаар өрсөлддөг.
  • Сонгууль нь намын болон төрийн авилгын шинжтэй. Шударга сонгууль гэхээсээ ард түмнээ, эсвэл тодорхой нутаг бүлэглэлийг худалдан авах зарчмаар явагддаг.
  • Хуулийг үл хүндэтгэх, үл тоох зэрэг нь нийтийг хамарсан үзэгдэл болсон. Алив хууль амьдралд хэрэгждэггүй. Хэрэгжих гэхээр маш олон янзын тайлбартай, яаж ч гуйвуулж болохуйц.
  • Нийгмийн баялагийн хуваарилалт дэндүү шударга бус. Иймээс баян хоосны ялгаа маш их.
  • Байгаль орчинд маш зэрлэг ханддаг. Энэ нь хамгийн хялбар аргаар олз олох гэсэн төрийн болон иргэдийн сонирхолоос үүдэлтэй.

Хоцрогдсон орнуудын энэ нийтлэг зовлон нь үндсэндээ байгалийн баялагтай ба баялаггүй гэж хоёр хуваагдана. Хэдийгээо өөр өөр шалтгаантай боловч хариу нь адилхан гарч байна. Үүнээс гадна түүх, уламжлал, тухайн үндэстний онцлогоос болж газар зүйн шинжтэйгээр Латин Америкийн, Африкийн, Далайн орнуудын, Өмнөд Европын, Төв Азийн гэх мэтээр ангилан үзэж болно.

Гэхдээ л ерөнхийдөө эцэст нь гарах үр дүн адил, эсвэл төстэй. Эрнанда Сато, Жэфри Закс зэрэг томоохон эдийн засагчдын судалгаанаас үзэхэд эрүүл эдийн засгийн бодлогын талаар хоцрогдсон орны удирдагчид маш сайн мэддэг ажээ. Харин тийм бодлого явуулахаас татгалздаг гол шалтгаан нь нэгдүгээрт хоцрогдсон нийгмийн сэтгэлгээ нь шинэ алхамыг хүлээж авдаггүй, хоёрдугаарт засгийн эрх барьж байгаа хэсэгт буруу бодлого явуулах нь өөрсөд нь ашигтай, унацтай учир зөв бодлого явуулахыг хүсдэггүй гэнэ.
    
Өнөөгийн Монгол оронд нийтлэг нийгмийн сэтгэлгээ, үүнээс гарсан үр дүн дээрхитэй бараг тэр чигээрээ адилхан. Монголчууд өөрснийгөө төрийн хоёр мянга гаруй жилийн уламжлалтай, Чингисийн төрийн дэг журамтай гэж түүгээрээ ихэд бахархдаг. Гэвч үнэндээ 200 жил Манж Чин улсын, 100 жил Оросын эрхшээлд вассал явсан учир орчин үеийн төр өөрснөө байгуулах бололцоо ердөө гуч хүрэхгүй жилийн өмнөөс бүрджээ.

Нэг үгэндээ энэ хооронд өөрийн мэдэлгүйгээр бусдын нөөлөг, эрхшээлд байсан учир хэдэн мянган жилийн өмнөх уламжлал таг мартагдсан. Тэгээд ч тэр нь орчин үеийн төрийн тогтолцоотой огт хавьтахгүй. Дэндүү өргөн уудам нутагт маш цөөн хүн амьдардаг нүүдэлчдийн дунд билчээрийн маргаан зөрчил мөнхөд оршиж байсан нь харин баттай уламжилж ирсэн учир биенийгээ болон гадны улсын алив хамтын ажиллагаа болгоныг бэлчээрт өнгөлзөх явдал гэж үзэн хардана, харамлана.

Өдгөө хүн амын 80 хувь нь бэлчээрийн мал аж ахуйтай ямар ч холбоогүй амьдарч байгаа мөртөө бухал манасан нохой мэт. 
    
Хамтын эрх ашиг, хамтын ашиг сонирхол гэдэг нь ойлголтоос нь гадуур учир ийм юмыг зөвхөн хардлагын нүдээр тодорхойлно. Оюутолгойн гэрээг маш шударга бус болсон, ясандаа тултал дээрэмдүүлж байна гэж хүн амын 90 хувь нь баттай үнэмшиж байгаа. 1990-2000 оны хооронд Япон улс ЗХУ-ыг орлож энэ оронд тусламжийн гараа сунгасан. Харин үүнийг Японы арал удахгүй живэх гэж байгаа учир тэд сайндаа биш ирээдүйд Монголд суурьших санаатай гэсэн үзэл бодол нийтийг хамарч байсан.

Монголд хөрөнгө оруулаад олон улсын бирж дээр мөнгө босгосон олон тохиолдолд тэр цугласан мөнгийг өөрсдийнх гэж ойлгодог ба үүнийгээ дээрэмдүүлчихлээ гэсэн бодол бараг монгол хүн болгонд бий. Бидний нээсэн хамгийн том нээлт бол “Гадаадынхан бидэнд туслах гэж ирээгүй, цөлмөх гэж байна” гэсэн аксиом. Мэдээж хэн ч зүгээр л туслах гэж ирээгүй нь ойлгомжтой ч, хамтарч ажиллаад бий болсон ашгаа шударгаар хуваая гэж байгаа. Шударгаар хуваана гэдгийг шууд л шулна гэж ойлгодог учир дайсагнана, хөөж тууна. Энэ нь нийгмийн тодорхой хэсэгт ашиг өгдөг үндсэн ажил хэрэг нь болсон.
    
Ер нь байгалийн баялагтай хоцрогдсон оронд хөрөнгө оруулна гэдэг маш эрсдэлтэй алхам. Үүний жишээ дэндүү элбэг, дэндүү тодорхой. Ийм нийгэмд нэр хүндтэй арвин туршлагатай шударгаар өрсөлддөг компани орж ирдэггүй, орж ирсэн ч нэг удаа алдаад дахиж шагайдаггүй. Харин элдэв заль мэхтэн, хуурамч нэр зүүгчид ханддаг нь коммунизмын задарлын дараах бүхий л орнуудад элбэг харагдаж байлаа. 
    
Сүүлийн хориод жилийн туршлагаас харахад Монгол улс нь гадны хөрөнгө оруулахад нэн аюултай, эрсдэлтэй орон гэдгээ харуулсан. Эндээс нэг бус гадны хөрөнгө оруулагч маш их хохирол амсан гарсан. Энэ байдал лавтай ойрын 10-15 жилд засрахгүй. Монголд хөрөнгө оруулж болох ганцхан салбар буй нь уул уурхай. Бидэнд гадагш нь зарах өөр юу ч байхгүй. Хивс, мах, гэр, ноолуур, сүүлний тосон саван, жамц давс гээд тоолж болох авч үүний бүх нийлбэр нь үнэ цэнэт ганц гайгүй уурхайн үнэд хүрэхгүй. 

Гэхдээ Монгол улсад, монголчуудад хоцрогдсон бусад орнуудтай харьцуулахад өөрийн олон давуу чанар бий.

  • Нийтээр бичиг үсэгтэй болоод жар шахам жил болж баййна. Юутай ч чанар биш гэхэд тоон утгаараа 10 мянган хүнд ноогдох оюутан, сэхээтэн, доктор профессорын тоогоор дэлхийнд тэргүүлэх эгнээнд яваа.
  • Ямар ч шинэ нөхцөлд дасан зохицож өөрийгөө аваад гарах монгол хүний чадвар маш өндөр.
  • Ямар ч юмыг хурдан сурч түргэн эзэмшиж өөрийн болгох авъяастай.
  • Худлаа ч бай, үнэн ч бай юутай ч юун түрүүн боловсрол мэдлэгтэй болох ёстой гэсэн нийтийн ойлголт давамгайлдаг.
  • Маш их бардам, биеэ тоосон, индвид сэтгэлгээ нь зөв гольдролд орох юм бол хөгжлийн асар том капитал юм.
  • Монголчууд бараг дан ганц үндэстнээс бүрдсэн учир хэрэвзээ омог отгийн хуваагдал руу хальтрахгүй бол нийгмийн зөвшилд амархан хүрч болно.
  • Монгол хүн хэр баргийн хүнд нөхцлийг даван туулах тэвчээрлэг чанартай.
  • Монгол хүний шинэ содон юм, техник технологийн дэвшилд сонирхон шимтэх нь их сайн тал.
  • Эрх чөлөөний мэдрэмж монгол хүнд бараг төрөхтэй нь хамт буй болдог. Монголчууд ямар нэг шашин, ёс заншил, үзэл суртлын дарамтаас үргэлж ангид байж чаддаг, хэрэв тийм дарамт ирвэл аргалаад өнгөрөөн ард нь гарч чадна.
  • Өөр нэг сүрхий сонирхолтой онцлог гэвэл хэдийгээр авилга луйварын олон бүлэглэлтэй боловч аль нь ч удаан ноёрхож чаддаггүй. Монгол бол чөлөөт ардчилсан орон. Чухам үүний буянаар бүлэглэлүүд хэнийгээ ч дээш гаргах хүсэлгүй учраас харилцан биенээ илчилж “ямар нэг” гэж хэлж болохуйц шударга байдлыг тогтоогоод байна. Энд биенээ хэлмэгдүүлээд байгаа юм байхгүй, шударга үнэний нэр дор биенийхээ булхайг амархан илчилдэг. Энэ бол бас л сайн талтай үр дүн үзүүлдэг.

Үндэсний эдгээр онцлог, давамгай чанарууд нийлж нийгмийнхээ хөгжил дэвшил рүү ханддаг тийм цаг үе ирнэ гэж найдаж байна. Эдгээр давуу чанараа ашиглаад Монгол улс монгол үндэстэн мандан бадрах болно. Гэхдээ өнөө маргаашдаа биш. Үүнд дахиад дор хаяхад дараагийн 27 жил хэрэгтэй. Иргэншсэн залуу үе нийгмийн удирдлагад гарах, тэднийг гаргаж ирэх иргэншсэн иргэдтэй болоход бидэнд нэлээд олон жилийн туршлага зүтгэл, хичээл, тэвчээр шаардлагатай.

Орчин үеийн төр байгуулах, төр нь инстүүчлэгдэх, нийтээр нийгмийн зөвшилд хүрч чаддаг болоход өнөөгийн хөгжингүй олон орон ч нэлээд цаг хугацаа зарцуулсан шүү дээ. Монгол орныхоо алс ирээдүйг би маш өөдрөгөөр харж төсөөлдөг. Харин XX, XXI зууны дэлхийн хандлага, нөхцөл байдал, соёл иргэншил, тогтолцоо, авир ааш, эрэмбэ дараанд манай нийгэм дэндүү нялхдаж, өсөлтийн өвчин, нялхын гэнэн авираа засаж залруулан хөл дөрөөнд гар ганзганд хүрэхэд бас өдий байна гэж боддог.   

 

Эх сурвалж: www.baabar.mn