Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/04-НД НИЙТЛЭГДСЭН

Евразийн эртний төмөрлөг судлаач тэргүүлэх мэргэжилтнүүд Монголд чуулж байна

ikon.mn
2017 оны 9 сарын 4
iKon.MN
Зураг зураг

ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэн, Их Британий Оксфордын их сургуулийн Археологийн сургуулийн хамтарсан “FLAME-МОНГОЛ” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр эхэллээ.

 Хуралд Монголын судлаачдаас гадна Их Британи, ОХУ, БНХАУ, Германы судлаачид оролцож байна.

Хурлыг нээж ШУА-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Авид, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал С.Чулуун нар үг хэлсэн юм. 

ШУА-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Авид хэлсэн үгэндээ, “Нүүдлийн соёл иргэншлийн үндсэн голомтын нэг болох Монгол орон, түүний баялаг түүх соёл олон орны судлаач эрдэмтдийн анхаарлыг соронзон мэт татсаар зуу илүү жил өнгөрчээ. ШУА ч монголын эртний түүх соёл, археологийн судалгааг тэргүүлэх чиглэл хэмээн үзэж анхаарлын төвдөө байлгасаар ирсэн билээ.

Монголын археологичдын сүүлийн жилүүдэд хийсэн олон нээлтүүд нүүдлийн соёл иргэншлийг ойлгоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна. Ийнхүү Евразийн археологи, эртний төмөрлөгийн тэргүүлэх мэргэжилтнүүдтэй хамтран ном хаялцаж, харилцан туршлага солилцож, мэдээлллээ хуваалцахын зэрэгцээ Монголын археологийн сүүлийн үеийн ололтуудыг танилцуулах энэхүү хурал нь манай судлаачдын хувьд олзуурхууштай тохиол болов уу.

Цаашид  ч Оксфордын их сургуулийн Археологийн сургууль ба Монголын археологичдын хамтын ажиллагаа амжилттай үргэлжилнэ гэдэгт илтгэлтэй байна” хэмээв. 

Оксфордын их сургуулийн Археологийн сургуулиас хэрэгжүүлж буй “FLAME–Евразийн эртний төмөрлөгийн судалгаа” төслийн хүрээнд цуврал эрдэм шинжилгээний хурлыг төслийн түнш байгууллагуудад Оксфорд, Москва, Улаанбаатар, Бээжин хотуудад зохион байгуулж байгаа билээ. Тус төслийн гадаад түншийн нэгээр ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэнгийн Хүрэл, төмрийн судалгааны салбар ажиллаж байна. Уг төслийн зорилго нь Евразийн хэмжээнд, түүний дотор тал нутгийн хүрэл зэвсгийн үйлдвэрлэлийн гарал үүсэл, түүхэн хөгжил, эртний хүрлийн үйлдвэрлэлийн технологи ба судалгааны арга зүйг боловсронгуй болгох, газар зүй мэдээллийн системд тулгуурлаж Евразийг бүхэлд нь хамарсан нэгдсэн мэдээллийн сан бүтээхэд чиглэж байна.

Улаанбаатарт болж буй энэ удаагийн хуралд Евразийн хүрлийн үеийн үйлдвэрлэлийн асуудлуудыг хөндөж байгаа бөгөөд Монголын ба хөрш зэргэлдээх бүс нутгийн хүрлийн үеийн Археологийн соёлуудын судалгааны өнөөгийн байдал, шинэлэг мэдээллийг агуулсан 8 илтгэлийг хэлэлцэх юм. 

 

Эх сурвалж: ШУА