Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/01-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Энхжин: Дэлхийн миссийн тайзан дээр намайг Энхжин биш "МОНГОЛ" гэж дуудна

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 9 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хотын төвд байрлалтай нэгэн өндөр байшинг зорив. Өнөөдрийн уулзах ёстой зочин бол Монгол Улсаа Дэлхийн мисст төлөөлөхөөр шалгарсан Ц.Энхжин. Оффисынх нь үүдээр ороход залуу, эрч хүчтэй, бүтээлч хамт олон угтсан юм.

Ц.Энхжин нь Кембрижийн урлагийн их сургууль, Флоренц хотын Дизайны их сургуулийг төгсөж ирээд Монголдоо өөрийн үүсгэн байгуулсан “Eden design” интерьерийн компанийг удирдан ажиллаж байна.

Тэрбээр Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүй шалгаруулах тэмцээний таван номинацийн хоёрт нь (Өөрийгөө илэрхийлэх чадвар, Хүмүүнлэгийн төсөл) түрүүлжээ. Мөн бусад гурван шалгуурт ч чамгүй өндөр оноо авчээ.  Ингээд түүнтэй Дэлхийн миссийн тэмцээний бэлтгэл, зорилгынх нь тухай анхны ярилцлагыг хүргэж байна.


- Дэлхийн мисс шалгаруулах тэмцээнд эхний шатандаа тэнцэж, эх орноо төлөөлөхөөр боллоо. 11 дүгээр сар хүртэл юу хийхээр төлөвлөсөн, бэлтгэл ажил ямар шатандаа явж байгаа вэ?

- Эхний шатанд шалгарахын тулд Дэлхийн миссийн тэмцээнд хэрэгтэй бүх шаардлагуудыг хангаж, маш сайн бэлдэж оролцохыг хичээсэн. Дэлхийн мисст оролцох бүсгүйчүүд 10 дугаар сарын 15-н гэхэд Сингапурт очсон байх хэрэгтэй.

Финалын тэмцээнд 11 дүгээр сарын 18-нд болно. Есдүгээр сарын 1-нд бид гэрээгээ хийж, үндсэн бэлтгэлүүддээ орох юм.

- Дэлхийн миссийн тэмцээн үндсэн таван шалгууртай. Аль шалгуурт хамгийн их ач холбогдол өгч бэлдэж байгаа вэ?

- “Beauty with the Purpose” буюу “Зорилготой гоо бүсгүй” номинацид түрүүлэх сонирхолтой байна. Өмнөх тэмцээний ялагчдыг харж байхад энэ номинацид түрүүлж чадвал шилдэг тавд багтсан байдаг. Түүнээс гадна “Топ модель” төрөлд түрүүлж чадвал шилдэг тавд багтаж чаддаг юм билээ.

Нөөц бололцоо, давуу талуудыг бодож үзвэл өөрийн мэргэжлээ ашиглан хүмүүнлэгийн ажил дээр бодитой, сайн төслөөр оролцох боломжтой гэж үзсэн.

Үүнээс гадна “Авьяас” төрөлд амжилт үзүүлэх зорилготой байна. Өмнөх жил оролцсон мисс А.Баярцэцэгийн хувьд калиграфыг илбэтэй хослуулснаар олон хүний анхаарлыг татаж “Авьяас” номинацид түрүүлж чадсан. Түүнээс зөвлөгөө авч байхад олон авьяастай хүн оролцож байсан ч илүү хүмүүсийг хөгжөөсөн, сэтгэлийг нь татсан үзүүлбэрүүд өндөр оноо авч байсан гэсэн.

Гэрэл зургийг mpa.mn

Тиймээс би урлагийн үзүүлбэрээ илүү сонирхолтой байлгах тал дээр нь анхаарна.

- “Зорилготой гоо бүсгүй” номинацид дэвшүүлж буй төсөл чинь их сонирхолтой санагдсан. Энэ талаараа илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

- Эхний шатандаа “Зорилготой гоо бүсгүй” номинацид түрүүлсэн. Миний төсөл Монголд тулгамдаж буй хөрсний бохирдлын асуудлыг шийдэх юм. Хаврын улиралд хөрсний бохирдлын асуудал чухлаар тавигддаг. Хэдийгээр энэ талаар олон төсөл хэрэгжиж байсан ч нийтийг хамарч чадаагүй. Тиймээс бид интерьер дизайны мэргэжлээ ашиглаад илүү бүтээлч байдлаар энэ асуудлыг шийдэх хоёр гарц сонгосон.

Хөрсний бохирдлыг үүсэх гол шалтгаан нь гэр хорооллын айлуудын ариун цэврийн байгууламжийн асуудал юм. Тиймээс гэр хорооллын айлуудын ариун цэврийн байгууламжийг технологийн шинэлэг шийдэл ашиглан байгаль орчинд ээлтэй болгох төсөл санаачилсан.

Улаанбаатар хотод хүн амын 60 хувь нь модон жорлон хэрэглэдэг. Үүнээс болоод хөрсний бохирдол байх ёстой хэмжээнээсээ хоёр дахин их.

Мөн хөдөөгийн цэцэрлэг, сургуулиудын ариун цэврийн байгууламжийн асуудлыг шийдэх чухал шаардлага байна. Одоогийн хэрэглэж буй модон жорлонгоос болж хүүхдүүд халдварт өвчин тусах, өвлийн цагт хальтирч унах, шөнө оройн цагаар гарч бие засахгүй тэвчсэнээр эрүүл мэндээрээ хохирох зэрэг олон асуудал үүсч байна.

Төслийн судалгаануудаа бүгдийг нь хийчихсэн. Хэрэв Дэлхийн миссийн тэмцээнд амжилттай оролцвол хандивлагчдын анхаарлыг энэ асуудалд хандуулж, санхүүжилт татах боломжтой гэж үзэж байна. 

- Олон нийтийн зүгээс оролцогчдын боловсрол, хэлний мэдлэгийг ихэд анхаардаг. Гоо бүсгүй /мисс/ яагаад боловсролтой байх ёстой гэж та боддог вэ?

- Гоо бүсгүй гэдэг улс орноо төлөөлж, маш олон хүний өмнө гардаг. Дэлхийн миссийн тайзан дээр би Энхжин бус "Монгол" гэж дуудуулна. Тиймээс Монгол хүний хөгжил, ухамсрын түвшинг надаар төлөөлж ойлгоно.

Ялангуяа Дэлхийн миссийн тэмцээнд хоёр тэрбум гаруй үзэгчтэй учраас энэ боломжийг ашиглаад эх орноо зөв таниулж, олон улсын тусламжийн байгууллагуудын анхаарлыг хандуулах, жуулчдыг татах талаас нь ажиллана гэж бодож байна.

- Тэмцээн болохоос өмнө оролцогчид улс орноо болон өөрийгөө танилцуулах видео хийдэг. Видеоны санаагаа олсон уу?

- Танилцуулгын видеог хийхдээ цөөн минутад олон зүйлийг илэрхийлэх хэрэгтэй. Тийм учраас товч, тодорхой, хүний сэтгэлд хүрэхүйц байх ёстой гэж бодож байна.

Өмнөх оролцогч, мисс А.Баярцэцэгийн видео олон хүний сэтгэлийг хөдөлгөж чадсан. Аливаа зүйлд чин сэтгэлээсээ хандаад, өөрийнхөө чадах бүхнийг зориулж хийсэн зүйлийн үр дагавар сайн байдаг учраас ямар ч байсан би видеогоо чанартай, сонирхолтой хийхээр төлөвлөж байна.

А.Баярцэцэгийн видео танилцуулгыг сануулъя:

- Өнөөдрийн Энхжинг бий болгоход гэр бүлийнхэн, ойр тойрны нөлөө их байсан байх. Монгол Улсаа төлөөлөх хүний хувьд гэр бүлийн тань талаар сонирхож байна?

- Манай аав, ээж, хамаатан садан, найз нөхөд, ажлынхан маань намайг бүх талаар дэмждэг. Өнөөдрийн Энхжинг бий болгоход миний аав, ээжийн нөлөө маш их. Тэд үргэлж миний талд байдаг. Намайг л боловсролтой болгож, хүссэн зүйлээ хийхэд минь туслах гэж амьдралаа зориулж буй хүмүүс.

Манай аав Б.Цэвээндаш маш өөдрөг, сэтгэлийн хаттай хүн. Эверестэд гурван удаа авирч, хоёр удаа оргил дээр нь гарч байсан уулчин. Сүүлийн авиралтаараа бараг боломжгүй зүйлийг хийж, хүчил төрөгчгүй орчинд сэтгэлийн тэнхээгээрээ амьд үлдсэн. Тиймээс би ааваасаа маш их зүйлийг суралцдаг. Миний ээж Т.Оюунчимэг бол бурханлаг, ухаалаг эмэгтэй. Энэ сайхан хүмүүсийн хажууд байж, сайн чанаруудыг нь үлгэр дуурайл болгосноор би илүү сайн хүн болж чадна гэж бодож явдаг.

Итали руу буцаж явж магистрын зэргээ хамгаалчихаад ирж үүсгэн байгуулсан компанидаа олон улсын болон Монголын шилдэг мэргэжилтнүүдтэйгээ хамтарсан баг байгуулаад ажиллаж байна.

- Их Британи, Итали улсад нийтдээ зургаан жил сурч, амьдарсан байна. Хоёр том сургууль төгсчихөөд яагаад шууд Монгол руу ирсэн бэ. Тэндээ үлдэж томоохон компаниудад ажиллах сонголт байсан уу?

- Их Британид үлдэж “Mineheart” гээд дизайны компанидаа ажиллаж болох байсан. Мөн сургуульдаа үлдэж багшлах боломж байсан. Гэхдээ би Монголдоо ирж сурсан мэдсэнээ ашиглаж, интерьер дизайны хөгжилд хувь нэмрээ оруулах ёстой гэж шийдээд ирсэн. Монголд ирээд би “Skinny” компанид нэг жил ажиллаж байхдаа “Eden design” компаниа үүсгэн байгуулсан. Дараа нь Итали руу буцаж явж магистрын зэргээ хамгаалчихаад ирж үүсгэн байгуулсан компанидаа олон улсын болон Монголын шилдэг мэргэжилтнүүдтэйгээ хамтарсан баг байгуулаад ажиллаж байна.

Манай дизайнерууд хийж байгаа ажилдаа маш дуртай. Залуу хүмүүс учраас бие биенээ ойлгож, нэг гэр бүл шиг хамтдаа ажиллаж чаддаг.

Намайг тэмцээнд оролцож байх үеэр хамт олон минь арыг минь дааж, бүх сэтгэлээрээ тусалж чадсанд нь их баярлаж байна.

- Монголчууд Дэлхийн миссийн тэмцээнд өндөр ач холбогдол өгдөг. Ялангуяа оролцож буй гоо бүсгүйдээ өндөр итгэл хүлээлгэдэг болсон. Олон хүний итгэлийг хүлээсэн гэхээр ямар санагдаж байна?

- Энэ тэмцээнд оролцох болсон шалтгаан маань зөв гэж би боддог. Урсгалаараа ажлаа хийгээд явж байвал Улаанбаатар хотын хөрсний бохирдлын асуудал улам даамжирч, ноцтой байдалд хүрч болно. Тиймээс би яагаад зүгээр хараад суух ёстой гэж бодсон. Өөрийнхөө чадах бүх зүйлийг хийж үзье гэж бодсон. Энэ асуудлыг илүү бодитой, цаг алдалгүй хэрхэн шийдэх вэ гэж би өөрөөсөө асуусан. Дэлхийн мисст оролцсоноороо олон хүнд дуу хоолойгоо хүргэж, бодитой өөрчлөлт авчрах боломжтой.

Ямар ч байсан надад ийм том итгэл хүлээлгэж байхад өөрийнхөө бүх чадлыг дайчлан оролцоно. Үр дагавар нь ямар ч байсан гэсэн бүх чадлаа дайчилсан учраас харамсахгүй байх гэж бодож байна.

Уншигч та бүхэн Ц.Энхжингийн өөрийнхөө ажлыг танилцуулсан ярилцлагыг ЭНД дарж унших боломжтой. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.