Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/01-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Энхболд: Мүракамигаас ч илүү бичдэг, зарим нэг зүйл нь арай дутуу зохиолч бол байгаа

Д.Энхтүвшин
2017 оны 9 сарын 1
MorninigNews.mn
Зураг зураг

МЗЭ-ийн болон Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч, зохиолч, уншигчдын дунд “Паанан” нэрээрээ алдаршсан зохиолч Д.Энхболдтой уулзаж ярилцлаа. АНУ-д олон жил амьдарсан зохиолч эх орондоо ирээд уран бүтээлдээ шамдуухан орж “Хойморт өнжих нар” телевизийн олон ангит кино, шилмэл өгүүллэгийн түүврээ ч хэвлүүлж амжаад байгаа билээ.

-Таныг уншигчид нэгэнт мэдэх болохоор танилцуулгын асуултаа алгасаад шууд ярилцаад явчих уу?

-Та тэгж бодож байгаа бол бололгүй яах вэ

-АНУ-гаас ирээд хэдэн жил болчхов уу?

-Тэглээ. Цаг хугацаа мөн ч хурдан юм. Нэг л мэдсэн гурван жил өнгөрчихсөн тууж явна шүү.

-Гэхдээ өнгөрсөн гурван жилд уран бүтээлийн чамгүй олзтой, бүтээл туурвил ч арвинтай өнгөрүүлэх шиг боллоо?

-Яах вэ хоёр ч номоо гаргалаа. Герман хэл дээр нэг ном маань хэвлэгдлээ. ТВ-ийн олон ангит "Хоймор өнжих нар” киногоо дэлгэцэнд гаргачихлаа. Дэлгэцийн нэг кино зохиол бичсэн юм. Тэр маань дараагийн шатны ажилдаа шилжээд явж байна. Иймэрхүү л ая зантайгаар гурван жилийг үдэх шив.

-ТВ-ийн олон ангит “Хоймор өнжих нар” кино тань 56 ангитай байх аа. Алгасалгүй үзэх гэж хөөрхөн юм болж билээ?

-Тийм. Гэр бүлийн жилд зориулан Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамтай хамтарч хийсэн уран бүтээл байгаа юм. Үзэгчид гайгүй л хүлээж авсан гэх юм билээ. Зохиолчийн хувьд дараа нь үзэж байхад энд нь ч ингэдэг байж уу, тэнд нь ч тэгдэг байж гэж бодогдсон зүйл мэр сэр гарч л байна лээ.

-Одоо дахиад дэлгэцийн бүтээл дээр ажиллаж байгаа гэлээ. Нууц биш бол дэлгэцийн киноныхоо нэрийг хэлж болох уу?

-Түүхий махыг хоол гэдэггүй болохоор одоохондоо олныг яриад яах вэ. Бүтээл болохоороо аяндаа олонд ил болох хойно. Өмнөхөөсөө санаа авч, дүгнэлт хийсний хүчинд нэлээн гайгүй шиг юм хийчих санаатай нухаад л байгаа.

-Би сэтгүүлчийн хувиар утга зохиол, урлагийн ертөнцөд болж байгаа үйл явдал, хөдөлгөөн, шинэчлэлийг ажиглахыг  эрмэлздэг л дээ. Уулзаж ярилцсан зохиолч, найруулагч, зураач, жүжигчид маань янз бүрийн л санал хэлдэг. Та харин өнөөдрийн утга зохиол урлагийн ертөнцийг яаж харж байна. Урагшилж байна уу, ухраад байна уу, аль эсвэл байрандаа л байна уу?

-Би хэсэг зуур эзгүй байж байгаад ирсэн болохоор зарим нэг онцлог ажиглагдаж байгаа. Та энэ тухай л асууж байх шиг байна. Тиймээ зарим нэг сонин содон зүйл байна. Эх хүүхэд хоёр шиг гэх үү дээ. Хүүхэд эхийн хэвлийгээс гарч хүй нь тасарснаар хоёр тусдаа амьдрал болж салаална. Гэхдээ эхийн асрамжаас гартлаа дахиад олон жил явна. Үүнийг урлагийн хэлээр хөрвүүлбэл уламжлал шинэчлэл болно.

Манай урлаг, утга зохиолд шинэчлэх оролдлого байна. Яагаад оролдлого гэж хэлэв гэхээр уламжлал нь тасалджээ. Социалист реализмын үед тасарсан бүр өмнөх уламжлалаа сэргээх гээд социалист реализмынхаа уламжлалыг орхигдуулсан. Гэтэл тэнд алт ч бий, хог ч бий. Аль аль нь шинэ үеийн малгайд биш юмаа гэхэд гуталд нь наалдсан л байх учиртай л даа.

-Олон жил холоос ажиглаж, дотроо дүгнэж явсан хүний хувьд шүүмжлэх нь ээ дээ?

-Үгүй юм аа. Бодогдсоноо л хэлж байгаа минь энэ. Тэгээд ч ямар би мэргэжлийн шүүмжлэгч, урлаг судлаач биш дээ. Хувь уран бүтээлчийн л бодол юм.

-Хувьдаа таны санааг нэг л бүрхэг байна гэж хэлэх гээд байна л даа. Та бол бас ч гэж Монголын нийгэмд танигдсан зохиолч, үргэлжилсэн үгийн энэ цагийн түүчээ уран бүтээлчийн нэг шүү дээ?

-Тодруулж болно. Бололгүй яахав. Ний нуугүй хэлэхэд их дуурайж байна. Бүр илэрхий шууд хуулчхаж байна. Өөрөөр хэлбэл бодож боловсруулахгүй байна аа л гэсэн үг. Мэдээлэл ихсэж дэлхий хавтгайрсны нэг үр дагавар л даа. Гутал хувцас, машиныг ч хуулж дуурайж болно. Харин утга зохиолд ингэж болохгүй. Хор уршиг нь дэндүү их. Тэртэй тэргүй Кафка-гийн хийчихсэн юмыг дуурайгаад Кафка гэгдэхгүй хуулагч л гэгдэнэ шүү дээ. Бидэнд П. Лувсанцэрэн, С. Эрдэнэ, С. Дашдооров шиг өөрсдийн зохиолчид хэрэгтэй.

-Одоо тэгээд “Ус шиг цэнхэр", “Хулан бид хоёр”, “Бууж мордох хорвоо”-гийн энэ цагийн үргэлжлэл төрөхгүй байна гэж үү?

-За яах вэ дээ. Бий нь ч бий. Дэндүү цөөдөөд байна. Гэхдээ яг “Ус шиг цэнхэр”, “Хулан бид хоёр”, “Бууж мордох хорвоо”-гийн далайц, дүрслэл, ур чадвар үгүйлэгдээд байгаа юм л даа.

-Цөөхөн байгаа тэр ур ухааны тунгаамлуудаас нэрлэж болох уу?

-До. Цэнджав ч гэдэг юм уу аваргууд бол мэдээж үүрэг зорилгоо ойлгочихсон, одоо буцаая ч гэхнээ оройтсон учраас тэднийг нэрлэх нь илүү ажил. Ингэхээр залуугаас нь ярья. П. Батхуяг, Т. Бум-Эрдэнэ, Б. Номинчимэд гээд байна аа байна. Насны хувьд үд хэвийж, ир нь ид тогтож яваа хүмүүс л дээ. Харин саявтар би “САНКАР-гэж романы эх уншлаа. Доржхандын Төрмөнхийн зохиол л доо. Д. Төрмөнхийгөө би сэтгүүлчийн хувиар сайн мэднэ. Бас кинонуудыг нь үзсэн. Харин романыг нь уншаад сүүрс алдлаа л даа “Зуун жилийн ганцаардал”-аас хойш тэгж гүн сүүрс алдаагүй шиг санагдаж суусан шүү.

Аливаа зохиол гэдэг зохион бичлэг биш юмаа. Зүйрлэвэл өнөө цагт элбэг болсон хээ хуар сайтай арван ханатай гэр дотор, энгийн хирнээ хүн сүүрс алдмаар сайхан давхар гэр байхтай зүйрлэж болно. Чухам тийм гэр “САНКАРА" романд байсан хэрэг. Биднийг , залуу явахад ахмадууд маань чухам тэр гэр доторхи гэрийг УРАН САНАА гэж нэрлэдэг байсан юм. Бүр тодруулбал хонины хаа гуянаас яаж ч бодсон хургаа дагуулаад бэлчиж яваа хонь илүү санагдана аа даа тийм л юм.

Залуучуудын хийж байгаа кинонуудыг үзлээ. Яг энэ л үгүйлэгдээд байна. Санаа нь нэвтрэн гарахгүй байна. Нэг тийм шаваас шиг. Дорж гэдэг хүнийг бий болгоод баахан эхнэр хүүхэд, архи дарс, зодоон цохионоор шавчхаж байна л даа. Хамтын бүтээл ийм талтай байдаг. Дээр үед ийм туршилт хийгдэж байсан л юм билээ. Э. Оюун гуай, Ч. Чимид гуай, Ч. Лодойдамба гуай гурваар нэг жүжиг бичүүлсэн чинь гурав салчхаад ер нийлээгүй гэдэг. Тэд өөр өөрсдийн чадлаа л харуулсан хэрэг. Харин өнөө цагт эсрэг болчихсон юм уу даа.

Хэдэн хүн нийлж ярьж суугаад кино хийчихдэг гэх юм. Нэг үгээр тэр хүмүүс дунд ялгараад гарах хүн алгаа л гэсэн үг шүү дээ. За тэгээд өгүүллэг уншдаг уншигчид ховордсон байна. Уншигч юү ярьж байна гэхээр “ Яг сайхан болж ирээд дуусчихдаг болохоор өгүүллэг унших дургүй" гэж ярьцгааж байна. Гэтэл нэг үе манай утга зохиолд өгүүллэг ноёлж байсан юм шүү дээ. Хүнд юм бодуулдаг, цээжинд нь асаад л явдаг төрөл. Б. Догмид, П. Баярсайхан,

С. Жаргалсайхан нарынх шиг өгүүллэгүүд гарахгүй болсноос уншигчид маань хүртэл ийм ойлгоцтой болчихсон хэрэг.

-Утга зохиол, урлаг хүнийг хүмүүжүүлдэг гэж ярьдаг цаг хаашаа алга болчихсон юм бол?

-Хэн хэзээ тэгж хэлснийг мэдэхгүй юм. Миний хувьд хүнийг нээж өөрийг нь өөрт нь харуулдаг гэвэл илүү ойр дөт байж мэднэ. Хүн гэдэг амьтан агуйд байхдаа л “ Би хэн юм болоо?” гэдэг асуултыг өөртөө тавьж хариултыг нь эрж агуйгаасаа гарсан гэж хүмүүстэй маргалдах дуртай л даа. Ихэнх маргалдагч маань инээдэг. Үгүй ш дээ бид чинь өлсөхийн эрхэнд агуйгаасаа гарсан юм гэцгээдэг. Тун ч магадгүй л дээ. Гэхдээ хоол ч эрсэн л байх, хорвоог ч эрсэн л байх. Одоо ч эрсээр л байгаагийн илрэл нь урлаг, утга зохиол.

Бас нэг юмыг зориуд хэлмээр санагдаад байдаг юм. Ажил үйлс нь өөдрөг яваа хүмүүс уран зохиолд дуртай байгаад байдаг. Тэгэхээр утга зохиолд хүний оюуныг задалж хүрээг нь тэлдэг нэг нууц байдаг юм байна гэж боддог юм. Энэ нь нөгөө л онгодтой холбогдоно. Онгод гэдэг маань төлөвлөгөөгөө явдаггүй учраас ийм нууцлаг тарни шиг зүйлийг өөртөө агуулж байж мэдэх юм. Өөрийн ажигласан зүйлээс ярихад Америкт Хэмингуэй, Фолкнэр Толстой, Достоевскийг ихэвчлэн бизнесмен, мэс засалч, их сургуулийн багш, хуульчид уншдаг юм байна лээ. Харин манайд яг ямар хүмүүс их уншиж байгааг ялгахад жаахан түвэгтэй юм даа.

-Тэнд арай оюунлаг хэсэг нь сонгодгуудыг уншдаг юм байж. Тэгвэл бусад нь юу уншицгааж байх юм?

-За даа гэр бүлийн роман юм шив . Тэнд гэрээ харж хүүхдүүдээ өсгөдөг 100 сая бүсгүйчүүд бий шүү дээ. Том зах зээл л дээ. Тэд нар жаахан зав чөлөөтэй болохоороо гэр бүлийн роман гээчийг л уншиж суух нь харагддаг юм. Одоо манай хүүхэд залуучуудыг байлдан дагуулаад байгаа Солонгосын энэ их өш хонзон, атаа хорсол буцалсан олон ангит кинонууд чинь угтаа гэртээ хүүхдээ маллаж суугаа тэр олон сая Солонгос гэрийн эзэгтэй нарт л зориулагдсан зүйл шүү дээ. Харамсалтай нь манайхан зөвшөөрөлтэй зөвшөөрөлгүй оруулж ирээд л хамаа замбараагүй цацаад байх юм даа.

-Кино гэснээс таныг сүүлийн үед кино сонирхоод байгаа гэж сонссон. Тийм тал байна уу?

-Ортой л сураг байна. Сонирхож байгаа. Одоо ч телевизийн олон ангит киноны зохиол бичээд л сууж байна. Драмын төрөл бол зохиолчийн хувьд эр бяраа үзэх хүсэл төрүүлэх төрөл мөн юм шүү. Ялангуяа жүжиг. Кино ч ялгаагүй. Сэтгэлдээ гарцаагүй өрж үзэж байж л бичдэг төрөл. Тууж юм уу роман, тэр ч бүү хэл өгүүллэг ч эхлэл төгсгөл хоёр нь харагдаж байхад явж болдог. Гэтэл жүжиг, кино болдоггүй тиймдээ ч их сонирхолтой байдаг юм.

-Одоо чухамдаа тайз, сценээ харж байж бичнэ гэсэн үг үү?

-Үгүй ээ, тэр бол найруулагч, зураглаачдын ажил. Тэднийг ажилтай болгоно гэдэг л зохиолчийн гол үүрэг. Өөрөөр хэлбэл миний жүжгийн гол дүр Г омбо өөрийн хэлж байгаа үг, үйлдлээр найруулагчид сэдэл өгнө гэсэн үг шүү дээ. Түүнээс биш тэнд авдар байна, энд уур нүдүүр тавиастай байна энэ тэр гэдэг жүжиг киноны зохиолчийн хийх ажил биш. Ганц хоёр киноны уран бүтээлийг дэргэдээс нь харж байхад зохиолч нь найруулагчийн ажил руу давхиж ороод бужигнуулаад байдаг тал байдаг юм билээ.

-Ажиглаад байхад сүүлийн үед түүхэн зохиол элбэгшиж байх шиг. Энэ сайн уу, анхаармаар зүйл мөн үү?

-Юү бичих вэ гэдэг бол тухайн зохиолчийн эрх шүү дээ. Гэхдээ ямар нэг төрөл элбэгшиж байнаа гэдэг муу зүйл огт биш. Тэр чиглэлд эрэлт хэрэгцээ байна аа л гэсэн үг. Бид хэдэн мянган жилийн түүхтэй үндэстэн гэж яриад л байгаагаас биш тэр түүх хаана байна вэ. Цөөхөн хэдхэн цэг шиг гадны улс гүрнүүдэд тэмдэглэгдсэн сурвалж, домог яриа л байгаа. Ганцхан том сурвалж маань Монголын нууц товчоо.

Гэтэл тэнд ч онгорхой нүх сүв зөндөө. Товчхон товчхон хүүрнээд л явчихсан байгаа. Бид Хятад юм уу Персийн сурвалж бичгүүдэд итгээд байдаг хирнээ өөрсдийн бичсэнийг үгүйсгэх хандлага ноёлоод байдаг. Харин тэр сурвалжуудыг хэн нэгэн хүн л бичсэн шүү дээ яг тийм юм болсон ч юм уу үгүй ч үү өнөөдөр хэн ч мэдэхгүй л биз дээ. Ингэхээр бий болгох л ёстой. Манай нэрт зохиолч Т. Мандир абугуайн “Хорин нэгэн зул" гэж ном бий. 13-р зууныг бидэнд нээсэн. Түүхээ ингэж л сэргээж дутууг нь дүүргэх учиртай. Манай нэрт түүхч Д. Өлзийбаатар байна.

Хорьдугаар зууны Монголын түүхийг дурайтал зурж байгаа шүү дээ. Зохиолчид ч ялгаагүй хийх ёстой ажлаа л хийж байгаа гэж би харж байна. Харин сайн муу бичигдсэн тухайд бол зохиолч биш судлаач шүүмжлэгчид хэлэх хэрэг. Маш сайн ном ч гарч амжсан шүү дээ. Энд зохиолч Б. Номинчимэдийн “Аугаа эрин” гэж цувралыг онцлох ёстой.

Сүбээдэй гэж баатар байсан юмаа гэдгийг бид “Монголын нууц товчоо”-ноос мэднэ. Тэгвэл тэр яг хэн байв гэдгийг ойр орчимд нь амьдарч, хамт тэмцэж, ялж ялагдаж, даарч, өлсөж, халууцан ангаж, шархдан сувилуулж явсан нөхдийнх нь дүрээр дамжуулан товойлгож гаргаж ирэх ёстой юм. Энэ чиглэлд хийгдсэн анхны гэмээр том ажил бол чухамдаа тэр “Аугаа эрин” юм л даа.

-Таныг бас түүхэн зохиол бичиж байгаа гэж фэйсбүүкээс мэдсэн. Яг ямар зохиол бичиж байгаа юм?

-Үйл явдал нь 13-р зуунд өрнөж байгаагаас биш яг ч бас түүхэн зохиол гэхэд хэцүү юм аа. Уран зохиол л юм. Дээр хэлсэн санаа миний нухаад байгаа энэ романы эхний хуудсаас эцсийн хуудас хүртэл оршиж байгаа юм. Өөрөөр хэлбэл “Монголын нууц товчоо”-гоо л баяжуулах гэсэн санаа гэж ойлгож болно.

-Яг өнөөдөр манайд Мураками шиг зохиолч байна уу?

-Яг түүн шиг зохиолч байгаа эсэхийг хэлж мэдэхгүй байна. Муракамигаас ч илүү бичдэг, зарим нэг зүйл нь арай дутуу зохиолч бол байгаа.

-Илүү бичдэг нь тэгвэл хэн байна?

-Хэн ч байж болно биз дээ.

-Жишээ хэлээч, жишээ нь Г. Аюурзана мөн үү?

-Болно шүү дээ. Бид сайн бичиж байгаа нэгэндээ урам өгч байх ёстой. Түүнээс биш нэг нэг дов дээр суучхаад чи ч чи, би ч би гээд суугаад байвал дов дов дээрээ суугаад л байна. Илүү холыг харж, хол явахыг л эрмэлзэх ёстой. Хүн гэдэг урмын ургамал юм шүү дээ. Б. Галсансүх байна. Хаанахын ямар ч яруу найрагчаас дутахгүй л найрагч шүү дээ. Л.Өлзийтөгс байна.

-Хоёулаа утга зохиолоос яриагаа жаахан хэлтийлгэвэл ямар вэ?

-За даа би ч өөр сэдвээр маруухандаа.

-АНУ-д амьдардаг Монголчуудын амьдрал ахуйг ярьж болно биз дээ?

-Тэр бол болноо мэддэг сэдэв байна.

-Тэд маань яаж шуухан амьдардаг юм бэ дээ. Хүний газар хэцүү л байдаг байхдаа гэж бодогдоод байдаг юм?

-Янз бүр дээ. Манайханд нэг онцлог байдаг. Их сортоотой. Ер нь бусад үндэстнээс тохой дээгүүр шүү. АНУ-д Япон, Хятад, Солонгосууд очоод 200-аад жил болж байгаа юм байна лээ. Харин манайхан очоод 30 орчим жил л болж байна. Хятадууд бол хоолоороо л ерөнхийдөө дагнасан байдаг юм билээ. Япончууд янз бүрийн л ажил үйлчилгээ хийж үзсэн байдаг.

Солонгосууд ч ялгаагүй дээ. Өнгөрсөн зууны 70-аад оноос Солонгосчууд хими цэвэрлэгээнд голлож, Япончууд техникийн дэвшлээ дагаад аж үйлдвэрийн салбар руу орсон юм байна лээ. Гэтэл Монголчууд хориодхон жилийн дотор л бизнес рүү шилжицгээж байна. Өнөөдөр Чикагод л гэхэд хими цэвэрлэгээ, үс, хумсны зэрэг салонууд жижиг бизнест Монголчууд ноёрхож байна. За тэгээд том оврын машины алсын тээврийн компаниуд Монголчуудын мэдэлд шилжиж байна. Хуулийн фирмүүд байгуулцгааж байна. Сүүлийн үед хүүхдүүд өсөж боловсроод оюуны салбарт түлхүү ажиллаж эхлээд байна.

Саяхан олон нийтийн сүлжээнд гадаадад байгаа манайхан сүүлийн хэдэн жилд гэв дээ таван жилд байв уу тэрбум хоёр зуун сая долларыг биет байдлаар эх орон руугаа илгээсэн гэсэн баримт гарсан байна лээ. Хэдхэн жилийн дараа банк санхүүгийн томоохон байгууллагын хувьцааны ихэнхийг ч юм уу, Харлейгийн үйлдвэрийн тодорхой хувийг Монголчууд эзэмшиж эхэллээ гэхэд би л лав гайхахгүй.

Нөгөө талаар бид эндээ үзэлцээд байдаг атлаа гадна очихоороо гайхалтай нэгдэж чаддаг онцлогтой. Ажилсаг чанараараа Япон, Солонгосуудыг гүйцэхгүй байж мэднэ. Харин бусдыг нь бол дагуулахгүй шүү дээ. Бас нэг үнэлэгддэг чанар маань үнэнч. Бие биеийнхээ бизнесийг гайхалтай дэмждэг. Хэн нэг нь салон байгуулах боллоо гэхэд чаддаг чаддагаараа л оролцоод явчихдаг цалин хөлс гэхгүй илүү цагаар ажиллаад л нөхрөө хөл дээр нь босгодог.

Харин тэднийгээ дэмжих тал дээр төр засгийн бодлого илт үгүйлэгддэг. Ганцхан жишээ хэлье. Чикагогийн Солонгосууд жижиг бизнесээс томоохон бизнес рүү орох гэтэл яалт ч үгүй хөрөнгө дутаад байж л дээ. Иргэдийнхээ хүсэлтээр эх орон нь хөрөнгө оруулж банк байгуулсан юм. Одоо Солонгосууд барилгын гэхдээ том хэмжээний төслүүд, каргоны гэхдээ бүр олон улс дамнасан сүлжээнүүд байгуулж эхэлсэн. Казинод ч хөрөнгө оруулж эхэлсэн. Манайханд ийм л дэмжлэг дутаад байдаг.

-Харин та яагаад хүрээд ирсэн юм бэ? Байгаад байвал байгаад л байх байсан биз дээ?

-Тиймээ. Байгаад байж болох л байсан. Харамсалтай нь би бизнес хийж чадахгүй. Миний хийж чадах ажил эх оронд минь л байсан хэрэг. Түүнийгээ ч ойлгосон тэгээд л ирсэн юм.

-Цаашид хийхээр төлөвлөж байгаа ажил мэдээж байгаа л байлгүй дээ?

-Бөөн бөөн төлөвлөгөө л байна даа. Төлөвлөх ч амархан л даа хийх харин амаргүй. Ялангуяа санхүүжилт шаардсан ажлууд амаргүй шүү дээ. Багаар ажиллах ч бас урлаг шаардсан чимхлүүр ажил. За жишээ нь кино хийнэ гэдэг судалгааны түвшнээс их хамааралтай. Үзэгчид хүлээж авах уу үгүй юү чамгүй олон жил шаваас үзчихсэн хүмүүс нэвтрэн гарах шугамыг дуустал үзэх үү үгүй юү гэх мэтээр явж өгнө.

Зардлаа нөхөхийн тулд олон нийтийг хамруулах зайлшгүй шаардлага гарна. Ном бол өөр л дөө. Хаширлаад 500 хувь хэвлүүлсэн ном маань 3 сарын дотор дуусчихсан. Ингээд жилдээ нэг ном гаргачхаад 800 уншигчтай суугаад байвал суугаад л байж болж л байна. Гэтэл сэтгэл гэдэг сонин эрхтэн. Заавал ч үгүй өөр юм руу тэмүүлээд дотроос маажиж малтаж элдэвлээд байх юм. Иймэрхүү л байх юм даа.

-Найз нөхдийнхөө тухай яриач?

-Залууд олон ч найз нөхөдтэй байлаа, орж гарах маань ч элбэг дэлбэг байлаа шүү дээ. Хорвоо зарим нөхдийг маань буцаагаад аваад явчихлаа. Ерөнхийдөө нас ахиад тохитой томоотой болдог ч юм уу найз нөхөд маань ч үзэгдэхээ больж. Номын яармаг гэж нэг буянтай ажлаар л намар хавартаа бараа дүрээ харалцах юм даа. МУИС-аар хааяа очно л доо. До. Цэнджав, Д. Батжаргал, Д. Галбаатар гурав маань нэг өрөөнд сууцгаадаг болохоор хоёр гурван сардаа нэг очоод уулзчих юм даа.

Байнгын холбоотой байдаг нь Дан. Нямаа, М. Баттөмөр, Л. Мягмарсүрэн гурав маань л шив дээ. Бид залуудаа бол байнга уулзаж уран бүтээлээ харилцан ярилцаж санаа оноогоо хуваалцдаг л байлаа. Тэр маань бие биедээ бүтээхүйн их урам зориг, санаа төрүүлдэг байжээ. Өнөөгийн залуус гэтэл харин эсрэгээрээ бие биеэсээ хийж байгаагаа нуудаг болчихсон юм шиг. За даа тэгээд цаг цагаараа байдаггүй цахилдаг хөхөөрөө байдаггүй хойно доо. Энэ цагийн өвөрмөц төрх нь ийм юм байлгүй дээ.

-Бидний ярилцлага ингээд өндөрлөж байна. Та манай уншигчдад хандаж цөөн боловч үг хэлээч?

-Хүн бүр л өөр өөрийн чаддаг зүйлээ л хийж байгаасай гэж их бодох юм даа. Тэгвэл зам их шулуун баймаар. Гэтэл чаддаггүй зүйл рүүгээ ялангуяа шийдвэр гаргах түвшинд оччихоод орооцолдсон утас шиг болчихдог явдал их байна. Үүнээс л болж улс орон дороо дэгэж, ардын амьдрал сайжрахгүй сунжраад байх юм. Иймээс хүн бүр чаддаг чаддаг ажлаа л хийцгээе гэж захимаар байдаг.

Хүн чаддаг ажлаа хийгээд амжилт гаргаж эх орондоо тус нэмэр болж явах хэчнээн бахархалтай сайхан гэдгийг өчигдөрхөн Д.Сумьяа гэдэг хөөрхөн бор охин жүдогийн дэлхийн аварга болж ямар сайхан нотлон харуулав. Гэтэл манай дээдсүүд ажлаа олигтойхон хийх байтугай сонсоход чих хангинаж, нүүр улаймаар бусармаг бүхнийг л хийж суух юм даа. Ингээд яриад байвал сонины хэдэн нүүр ч багадах байх. Тэгэхээр ингэсгээд дуусгая даа.

Зураг