Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/01-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхдээ хаана нуух вэ?

Р.Саруул
2017 оны 9 сарын 1
MorninigNews.mn
Зураг зураг

-Эцэг эхчүүд ээ, та бүхэн үр хүүхэд, нялх балчир охидоо нууж, хамгаал. Хуулийн ялаас айхгүй болсон адгуус, араатнууд хүний дүрээр олны дунд охид хүүхдийг тань шүлэнгэтэн харж байна. Эцэг, эхчүүд үрсээ хайрлаж байна гэж эндүүрэн өмсгөж, зүүсэн үнэтэй хувцас, гар утас, цүнх сав шуналтай, гаж донтой этгээдүүдийн харааг булааж байгаа-

Энэ сарын 22-нд 13 настай, цэцэг цэврүү шиг жаахан охиныг шуналдаа автсан гаж донтнууд хүчирхийлж, амийг нь хэрцгийгээр хөнөөсөн аймшигт хэрэг гарчээ.

Хэргийн газарт яг юу болсныг бичихэд, талийгаач охин тэр өдөр ээжтэйгээ уулзахаар гэрээсээ гарахдаа хөрш айлынх нь хүү гэх 18 настай, гаж бусармаг этгээдтэй таарснаар ийм эмгэнэлт байдлаар амиа алдах эхлэл тавигджээ.Тэр үед хохирогч охин ээж рүүгээ очихоор гэрээсээ гараад, автобусны буудал руу явж байхад нь түүний хөрш айлын залуу дайралдаж утсыг нь шүүрч зугтаасан байна. Улмаар охин түүнийг хөөж гүйгээд, гэрээсээ нэлээд холдсон аж.

Алуурчин этгээд түүнээс зугтаж гүйсээр Дарь-Эх, Ганцхудагийн ойролцоо "Очир төв” гэх зочид буудал руу дагуулан оржээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, тус буудалд тэднийг 5-6 залуус хүлээж байсан аж. Өөрөөр хэлбэл, энэ хэргийг эхнээс нь нарийн зохион байгуулж, хөөрхий охиноор гаж хүслээ хангасан байна.

Хамгийн жигшүүртэй нь, тэд охиныг хүчирхийлээд зогсохгүй хэрцгийгээр зодож, нүүрийг нь танихын эцэсгүй болгож, хамрыг нь цөмлөсөн байжээ. Энэ хэргийн тухай мэдээлэл, наймдугаар сарын 23-ны өглөө 09:00 цагт цагдаад ирсэн бөгөөд хэргийн газраас 18 настай А, 20 настай Ж нарыг баривчилсан байна. Мөн Шүүхийн шинжилгээний албанаас охиныг 23-ны 02:00 цагт амиа алдсан гэж тогтоосон байна.

Энэ аймшигт хэрэг гарах шөнө хохирогчийн гэр бүлийнхэн охиноо хайж тэр хавийг самнасан ч олоогүй ажээ. Гэтэл тэр үед алуурчны аав, ээж тэднээс “Танай охин одоо болтол сураггүй юу” хэмээн асууж байсан гэнэ. Үүнийг хальт сонсоход хөршийнхөө охинд санаа зовсондоо хэлсэн мэт байгаа ч үнэндээ тэд хэргийн газарт очсон нь камерын бичлэгт тодорхой үлдсэн байжээ.

Одоогоор уг хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа. Гэхдээ энд нэг асуудал бий. Юу гэвээс, алуурчид охиныг хүчирхийлж, амь насыг нь хөнөөх үедээ 5-6 уулаа байсан хэрнээ мөрдөн байцаалтад хоёулхнаа байсан хэмээн мэдүүлж буй аж. Нэг үгээр тэд өөр бусад алуурчдыг хаацайлж, хэргийг өөрсөд дээрээ тохож авч гарахаар санаархаж буй бололтой.

Энэ нийгэм юу гээч нь болоод байна аа, эрх мэдэлтнүүд ээ. Хууль цааз гэгч зүйл Монголд үлдэв үү. Монголчууд 18 настай этгээдийг хүүхэд гэж дууддаг. Тэгвэл хүүхэд нь хүүхдээ алчхаад байна. Алах алахдаа зориуд, гаж хүсэл, шуналаас болж тамлаж алчхаад байна.

Монголд жигшүүрт хэргийн гаралт яагаад өсөх болов оо. Цаазын ялгүй, энэрэнгүй төрт Монгол Улс гэж бид өөрсдийгөө 2008 оноос сурталчилж байгаа. Гэтэл хүний амийг өт хорхойн чинээ санаж, rap нь ч чичрэлгүй хөнөөж байгаа алуурчдыг яах вэ. Татвар төлөгчдийн мөнгөөр шоронд тэжээж байгаад суллах уу.

Цэцэг цэврүү шиг, энхрий хөөрхөн, 13-хан настай балчирхан охины амийг авсан тэд одоо ямар ял авах вэ. Бас л 25 жил төрөөр тэжээлгэж байгаад гарч ирэх үү. Яг ийм төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд одоо шоронгоос Өршөөлийн хуульд багтан гарч ирж байгаа. Энд нэг л зүйлийг анхааруулъя. Хүн хүчирхийллийг хэзээ ч санаандгүй үйлдэггүй. Энэ бол хамгийн жигшүүртэй гэмт хэрэг.

Дээрээс нь эцэг, эхчүүд ээ, та бүхэн үр хүүхэд, нялх балчир охидоо нууж, хамгаал. Хуулийн ялаас айхгүй болсон адгуус, араатнууд хүний дүрээр олны дунд охид хүүхдийг тань шүлэнгэтэн харж байна. Эцэг, эхчүүд үрсээ хайрлаж байна гэж эндүүрэн өмсгөж, зүүсэн үнэтэй хувцас, гар утас, цүнх сав шуналтай, гаж донтой этгээдүүдийн харааг булааж байгаа.

Дээрх хэргээс харахад, хүүхдийн утсыг л булаагаад зогсохгүй амь насыг нь ч хулгайлчихлаа. Үүний цаана, гэр бүлийнхнийх нь нэг насны жаргалыг ч үгүй хийчихлээ.

2014 онд хүүхдэд учирч буй хүчирхийллийн судалгааны тайланг гаргахад 10 хүүхэд тутмын хоёр нь бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан гэдгээ хэлсэн байна. Үүнд хүйсийн ялгаа огт байхгүй. Эрэгтэй, эмэгтэй аль ч хүүхдүүд хүчирхийлэлд өртдөг.

Тэр жил дөрөвхөн настай охин төрсөн эцэг, хойд эх хоёрынхоо гарт амиа алдсан. Хүн дүрст тэр араатнууд хөөрхий охиныг зодсоор байгаад хөнөөсөн төдийгүй хүчирхийлж байсан гэдгийг Хүүхдийн төлөө газрын дарга мэдэгдэж байсан билээ. Хөөрхий тэр охины биед эрүүл газар үлдээгүй байсан гэдэг. Энэ үед бүгд л охины эцэг, хойд эхийг буруутгаж байсан ч ийм адгийн амьтдад нялх үрээ даатгасан төрсөн ээжийнх нь амиа хичээсэн занг зүхэж байсан юм.

2015 онд болсон энэ хэрэг нийгэмд дохио болсон. Өөрөөр хэлбэл, балчир үрс маань нийгмийн болохгүй бүхнийг өөрсдийн амиараа илчилж, залруулах үүрэг өгчхөөд одсоор.

Уг нь хүүхдийг хамгаалахын тулд төрөөс шат дараатай арга хэмжээнүүд авч байгаа ч хэтэрхий удаан, хайнга, алдаа мадаг ихтэй бодлого хэрэгжүүлж байгааг ч анхааруулах ёстой байх.

Тухайлбал, 2014 оны зургаадугаар сараас эхлэн Хүүхдийн төлөө үндэсний төв газрын дэргэд Хүүхдийн тусламжийн утас 108 үйл ажиллагаагаа эхэлсэн.

Тус газрын тайлангаас харахад 2016 оны байдлаар 108 тоот утсанд нийт 3,739 хамгааллын үйлчилгээ хүссэн дуудлага ирсэн, үүнээс яаралтай 388 дуудлагыг Мэдээлэл Шуурхай Удирдлагын Төвд шилжүүлсэн байна. Нийт дуудлагын 37 хувь нь Улаанбаатар, 42 хувь нь орон нутаг, 12 хувь нь Дархан, Эрдэнэт хотоос ирсэн байх юм.

Өдөрт дунджаар 434 хүүхэд тусламж хүсдэгээс долоо нь хүчирхийллийн дуудлага байдаг гэнэ. Мөн бие махбодын хүчирхийлэл 1,154 дуудлага буюу 28.5 хувь, үл хайхрах байдал 901 буюу 10 хувь, сэтгэл санааны хүчирхийлэл 346 дуудлага буюу 3.8 хувь, бэлгийн хүчирхийлэл 158 дуудлага буюу 3.3 хувийг тус тус эзэлж байгаа гэсэн харамсалтай тоо мэдээ гарсан байх юм.

Ямартай ч 18-20 насны залуус 13-хан настай охины амь насыг зэрлэгээр хөнөөгөөд зогсохгүй хүний ёсноос гаж үйлдлийг хийлээ. Энэ бүхний хариуцлагыг дан ганц эдгээр гэмт этгээдүүд ч бус тухайн буудлын эзэд ч хариуцлага хүлээх ёстой. Хэрвээ “Очир төв”-ийн буудал эдгээр залуусын бичиг баримтыг шалгаад зогсохгүй яагаад бага насны охиныг дагуулан буудал руу орж байсан хэмээн санаа тавьсан бол өдийд энэ нялх амьтан амь насаа алдахгүй ч байсан байх.

Түүнчлэн охин бусдад хүчирхийлүүлж хамраа цөмөртөл зодуулж байхад түүний орилох чимээг сонсохгүй байна гэж байхгүй шүү дээ. Тиймээс л энэ охины үхэлд гэмт этгээдүүдээс гадна буудлын эзэд тухайн өдрийн ресепшн гээд олон хүн энэ хэрэгт холбогдох ёстой биз дээ.

Зураг