Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/31-НД НИЙТЛЭГДСЭН

Бага насны хүүхдүүдийг эзгүй газар аваачин дээрэмддэг байжээ

А.Намуун, iKon.mn
2017 оны 8 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн цагдаагийн газраас хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх "Хичээлийн шинэ жил" нэгдсэн арга хэмжээ явагдаж байгаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Он гарсаар эхний 8 сард Нийслэлийн хэмжээнд 12,807 гэмт хэрэг бүртгэгдсэн байна.  

Нийт бүртгэгдсэн гэмт хэргийн дийлэнх хувийг

  • /4,602 буюу 35.9 хувийг/ хулгайлах,
  • /3,316 буюу 25.9 хувийг/ бусдын бие махбодид гэмтэл учруулах хэргүүд эзэлж байгаа юм.

Мөн Нийслэл хотод эхний 8 сард дээрэмдэх гэмт хэрэг 438 бүртгэгдэн шалгагджээ. Энэ нь нийт хэргийн 3.4 хувийг эзэлж байгаа юм.

Дээрх хэргүүд дунд насанд хүрээгүй хүүхдүүд болон залуус бүлэглэн дээрэм хийж байсныг Нийслэлийн цагдаагийн газраас илрүүлжээ.

Цагдаагийн байгууллагад олон нийтийн үйлчилгээний газруудад бохь, сэтгүүл, ном зарах нэрийдлээр иргэдийн гар утас, цүнх, эд зүйлийг хулгайлж байгаа талаар мэдээлэл их ирэх болсон байна. Тухайлбал, “Чи манай дүүг зодсон хүүхэд байна чамтай яриатай” гэж бага насны хүүхдийг дагуулж яван байрны орцонд эсвэл хүнгүй газар аваачиж гар утас, хувцас эд зүйлийг нь дээрэмддэг 15 настай гурван бүлэг этгээдийг илрүүлжээ.

Мөн өчигдөр Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид дээрмийн хэрэг үйлддэг 16-20 насны таван бүлэг этгээдийг илрүүлэн, шалгалтын ажлыг явуулж байна.

Эдгээр гэмт этгээдүүд нь Сүхбаатар, Баянгол, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр явж насанд хүрээгүй хүмүүсийг айлган сүрдүүлж эд зүйлийг нь дээрэмдсэн 23 үйлдлийг тогтоон шалгаж байгаа талаар мэдээллээ.

Тиймээс хэрэв энэ төрлийн гэмт хэрэгт таны хүүхэд болон таны ойрын хүн хохирсон бол Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст хандаж хохирлоо барагдуулах, эсвэл энэ төрлийн мэдээллийг өгөөрэй гэж ЦЕГ-аас мэдээллээ.