Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/30-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: 1,500 орчим иргэн НЗД-ын байрны гадаа эсэргүүцлээ илэрхийлж байна

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 8 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн 1,500 орчим иргэн Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын байрны гадаа яг одоо эсэргүүцлийн тайван жагсаал хийж байна.

Тэд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг хугацаанаас нь өмнө тараах, зүүн эргэх дүрмийг болиулах, Нийслэлийн Засаг Дарга С.Батболдыг огцруулахыг шаардаж тайван жагсаж байгаа аж.

НИТХ-ыг тараах шаардлагынхаа тухайд "НИТХ-ын сонгууль анхнаасаа будлиантай болсон. Нийслэлд томилогдсон албан тушаалтан бүгд 60 тэрбумын асуудалтай холбоотой. Тиймээс НИТХ-ыг буулгах ёстой" гэж тайлбарласан юм.

Мөн Баянзүрх дүүргийг хоёр дүүрэг болгох асуудлыг эсэргүүцэж, иргэдээс гарын үсэг цуглуулж байна. 

БЗД-ийн 14-р хорооны иргэн Л.Ихцэнгэл "Дүүрэг хуваана гэдэг энэ дотор сууж байгаа хэдхэн хүмүүсийн хийдэг ажил биш. Ард иргэдээсээ асууж, газарзүйн тогтолцоо, эдийн засгийн боломж, дэд бүтэц гээд энэ бүхнийг судалж байж 300 гаруй мянган хүний эрх ашгийг шийдэх ёстой" гэв.

БЗД-ийн 27-р хорооны иргэн Л.Батдэлгэр "Улаанбаатар хотын иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрлээ. Хамгийн наад захын жишээ гэхэд л зүүн эргэх дүрэм, мөн хүүхдийн цэцэрлэгийн цахим бүртгэл, сугалаа гэх мэт асуудал нийгмийг бухимдуулж байна. 

Хотын дарга "Аз жаргалтай Улаанбаатар" гэсэн мөрийн хөтөлбөр гаргасан. Гэтэл яг үнэндээ бид аз жаргалгүй Улаанбаатарын азгүй иргэд болж хувирлаа. Тиймээс энэ асуудлуудаа цэгцэлж, хотын даргыг огцрохыг шаардаж байна" гэв.

Жагсагчид 500-700 мянган иргэний гарын үсэг цуглуултал, тайван жагсаалаа үргэлжлүүлнэ гэдгээ хэллээ.

фото:

Гэрэл зургийг Mpa.mn