Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

Панамын шинэ баримт ба Ц.САНДУЙН ТӨРСӨН ДҮҮ Ц.СЭРГЭЛЭН ГЭЖ ХЭН БЭ?

ikon.mn
2017 оны 8 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

“Монгол ТВ” өнөөдрийн мэдээллийн хөтөлбөрөөрөө Олон улсын Эрэн Сурвалжлах Сэтгүүлчдийн нийгэмлэгийн дэлхий даяар зарлаж, олон зуун сэтгүүлчийн хамтран эрэн сурвалжилж буй “Панамын баримтууд” сурвалжлагын цуврал дугаарыг үзэгчдэд хүргэж байна. Яг одоо тус телевиз ээлжит шинэ сурвалжлагаа танилцуулж байна. 

iKon.mn сайт зохиогчийн эрхийн зөвшөөрөлтэйгээр уг сурвалжлагад дурдагдсан зарим баримтаас хүргэе.

60 ТЭРБУМЫН БИЧЛЭГ БА ОФФШОР БҮСИЙН “СЭЖИГ”

60 тэрбумын гэж нэрлэгдсэн бичлэгийг хуулийн байгууллага шалгаж эхэлсэн гэдгийг эх сурвалжууд нотолсон. Тэгвэл одоо шалгагдаж буй энэ бичлэгт НИТХ-ийн дарга Ц.Сандуйн ярьсан дараах ярианд уншигч та анхаарлаа хандуулна уу.

Тэрбээр “За одоо хамгийн сүүлчийн юмаа яриад дууслаа дарга аа, одоохон. Энэ бол гадаадаас мөнгө босгох. Гадны бусад нам, гадаадын хөрөнгө оруулагчидтай одоо яг танай нам гарах юм бол бидэнд ийм юм ...  Тухайлбал, Тавантолгойн тэд ч гэдэг юм уу, бүр тийм юмнууд байдаг шд, тээ. Тийм юмнуудыг тусад нь гадаадад мөнгө угаах маягаар санхүүжилт босгоё гэсэн юм бас байгаа. Энийг бол бид өөрсдөө дараа нь жич ярилцъя гэж бодож байгаа” гэсэн яриа анхаарал татахгүй байхын аргагүй билээ.

ГАДААДАД МӨНГӨ УГААХ ГЭЖ ЮУ ВЭ?

НИТХ-ын дарга Ц.Сандуйн ярианд “...гадаадад мөнгө угаах...” талаар дурдагдсан байна. Тэгвэл мөнгө угаахад ашиглагддаг оффшор бүстэй НИТХ-ийн дарга Ц.Сандуй ямар нэг байдлаар холбоотой юм биш биз? Хариулт нэхье.

Панамын баримтуудаас шүүж үзэхэд Улаанбаатар хотын ИТХ-ийн дарга, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Нийслэлийн МАН-ын дарга Цэндсүрэнгийн Сандуй өөрийн нэр дээр оффшор компани байгуулаагүй байна. Харин түүний төрсөн дүү Цэндсүрэнгийн Сэргэлэн Британийн Виржинийн арлуудад буюу оффшор бүст бүртгэлтэй “Joy Key Development Limited” компанид хувьцаа эзэмшиж байсан нь баримтаар тогтоогджээ.

ХАМААРАЛ БҮХИЙ ЭТГЭЭД БУЮУ ЗУГТАХ БОЛОМЖГҮЙ “ЦУСАН” ХОЛБОО

НИТХ-ын дарга Ц.Сандуй оффшор бүст ямар нэгэн байдлаар холбоогүй ч түүний төрсөн дүү Ц.Сэргэлэн оффшор бүст холбогдож байгаа нь хамаарал бүхий этгээд буюу Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн заалтад хамаарч байгаа юм.

Тухайлбал, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд зааснаар “Хамаарал бүхий этгээд” гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх төрсөн ах эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг хэлнэ гэж заажээ. Тэгэхээр НИТХ-ын дарга Ц.Сандуй оффшор бүстэй холбоотой этгээдтэй хуульд заасны дагуу “хамааралтай” болж байна.

ОФФШОР ДАХЬ БАРИМТУУД

1. JOY KEY DEVELOPMENT LIMITED КОМПАНИ

 

Панамын баримтуудаас харахад Цэндсүрэнгийн Сэргэлэн “Joy key development limited” компанид 2011 оны хоёрдугаар сарын 28-наас 7,500 ширхэг хувьцааг эзэмшиж байсан бөгөөд түүнтэй хамт тус компанид Монгол Улсын иргэн Цогтын Нацагдорж, АНУ-ын иргэн Майкл Намын хамт тус компанийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн байна.

2. JOY KEY DEVELOPMENT LIMITED КОМПАНИЙН ГЭРЧИЛГЭЭ, Ц.СЭРГЭЛЭН ХУВЬЦАА ЭЗЭМШИЖ БУЙ ЖАГСААЛТ, LINKURIOUS CONNECTION  МАЙКЛ НАМ БОЛОН НАЦАГДОРЖИЙН ЦОГТ ГЭЖ ХЭН БЭ

 

Н.Цогт нь өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх эрхтэй, өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрхээ авсан нэгэн юм байна. Өдгөө 46 настай бөгөөд Москва хотын АХДС-ийг 1994 онд төгссөн. Магистр зэрэгтэй. Эрүү, иргэн захиргааны бүх шатны шүүхэд өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх эрхтэй.  Мэргэжлээрээ 22 жил ажилласан бөгөөд өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрхээ 2013 онд авч байсан туршлагатай нэгэн юм байна.

Н.Цогтоос дээрх компанийг ямар зорилгоор байгуулсан, юунд ашигласан талаар асуухад энэ асуудлаар АТГ-т байцаалт өгсөн, тайлбар өгсөн гэдгээ хэлжээ. Мөн Ц.Сэргэлэнтэй нэг хаяг дээр бүртгүүлсэн “Joy Key Development Limited” компанийг АНУ-ын иргэн Майкл Намын хамт байгуулсан.

Ц.Сэргэлэн газар санал болгож, Хонгконгоос хөрөнгө оруулалт татах зорилготой байсан ч хөрөнгө оруулалт олдоогүй. Учир нь, хотын захад байршилтай газар нь гологдсон. Компанид данс нээгүй, ашиглаагүй талаараа хэлжээ.

Өмгөөлөгч Н.Цогт нь Ц.Сандуй болон түүний дүү Ц.Сэргэлэн нартай багын нэг байрны нөхөд байсан талаараа хэлж байна. Харин “Монгол ТВ”-ын мэдээний албанд Ц.Сандуй болон Ц.Сэргэлэн нар тайлбар хийгээгүй байна.

Ц.СЭРГЭЛЭН ХЭР ИХ ХӨРӨНГӨТЭЙ ВЭ?

Оффшор бүсийн цуврал сурвалжлагуудын хүрээнд бэлтгэсэн энэ мэдээллийн дунд Ц.Сандуйн дүү Ц.Сэргэлэнгийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг эрэн сурвалжилж тодруулсан байна.

Тэгвэл газрын албанд олон жил ажилласан Ц.Сандуй даргын дүү ямар өмч, хөрөнгийг өөрийн нэр дээр бүртгүүлсэн байгаатай танилцана уу?

Зураг 1, 2 Байр, Машин 

 
 

2017 оны дөрөвдүгээр сард УИХ Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, төрийн албан хаагчдыг буюу хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан, түүний хамаарал бүхий этгээд нь тухайн албан тушаалтны албан үүрэг гүйцэтгэх хугацаанд:

  1. Оффшор бүсэд өөрийн нэр дээр банкны данс нээлгэх
  2. Мөнгөн хөрөнгө байршуулах
  3. Хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх
  4. Хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглосон байдаг.

Өнөөдөр дурдагдсан компаниуд хэдий энэ хуулийн өмнө байгуулагдаж, татан буугдсан байгаа ч ЯМАР ЗОРИЛГООР, ЯАХ ГЭЖ байгуулсан талаар НИТХ-ын дарга, Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй болон түүний дүү Ц.Сэргэлэн нар тайлбар өгсөнгүй.