Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/28-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Цэнгэл: Монгол киног дэлхийд гаргах нэг гарц нь Киноны тухай бие даасан хуультай болох

Н.Батзаяа, Монголын мэдээ
2017 оны 8 сарын 28
Монголын мэдээ
Зураг зураг

Сүүлийн үед олон улсын кино наадамд “Монгол Улс”-ын гэх тодотголтой кино нэрээ дуудуулж, мянга мянган үзэгчдээс алга ташилт, урам зориг авч буй. Өөрөөр хэлбэл, 21 дүгээр зуун гарснаас хойш Монгол Улсад хаалттай байсан дэлхийн киноны зах зээл үүд хаалгаа нээсэн гэхэд болно. Харин энэхүү үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулан, монгол уран бүтээлчдээ бусад орны уран бүтээлчидтэй холбож, Монголоо, киногоо сурталчилж яваа нэгэн бол “Тэнгис” кино театрын Маркетингийн албаны дарга, СУИС-ийн багш, доктор, СТА Д.Цэнгэл. Тэрбээр энэ сард Филиппин улсад зохион байгуулагдсан олон улсын наадамд шүүгчээр ажиллаад зогсохгүй ганзага дүүрэн ирээд байгаа билээ. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Филиппин улс дахь олон улсын кино наадамд шүүгчээр ажилласан гэсэн. Энэ талаар ярилцлагаа эхэлье. Ямар онцлогтой наадам болов?

-Филиппин улсад “Cinemalaya” олон улсын кино наадам 13 дахь жилдээ амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү олон жилийн түүхтэй кино наадамд шүүгчээр ажиллаад ирсэн. Уг наадмыг шүүх болсон шалтгаан гэвэл, би олон улсын “NETPAC” байгууллагын гишүүн.

Манай байгууллагаас гишүүддээ олон улсын кино наадмыг шүүх томилолт өгдөг. Энэ хүрээнд би өнгөрсөн жил Өмнөд Солонгос улсад болсон олон улсын кино наадамд шүүгчээр ажиллаж байсан. Энэ жил Филиппин улсад ажиллаад ирлээ. 

-Киноноос тухайн улсын ард иргэдийн амьдрал, соёл, хөгжлийг харж болдог гэдэг. Та шүүгчээр ажиллахаас гадна Монголынхоо дэлгэцийн бүтээлийг олон улсын кино наадамд сойход томоохон үүрэг гүйцэтгэдэг. Очсон улс болгоныхоо кино урлагтай холбоотой соёл, хөгжлийг судалж явдаг байх. Филиппин улс кино урлагаа хэрхэн дэмждэг вэ?

-Би Филиппин улс руу анх удаа очсон. Их өвөрмөц соёлтой ард түмэн юм билээ. Надад маш их таалагдсан нэг зүйл нь гэвэл, Филиппин улс маш урт сунасан арлаас бүтдэг. Арлынхаа урд хэсгээр дайн дажинтай учраас тайван бус байдаг. Гэсэн хэдий ч кино урлагийг тасралтгүй хөгжүүлж, төрөөс нь дэмжиж ирсэн юм билээ.

Ялангуяа кино урлагийг хөгжүүлэхэд Засгийн газраас нь авч хэрэгжүүлж байгаа бодлого нь их таалагдсан. Бүтэц нь их зөв юм билээ. Манай улстай зүйрлэхэд Соёлын төв нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болж ажилладаг. Тиймээс ч бүтэн жилийн турш хошин урлаг, драм, кино гээд урлагийн бүх л салбартаа төрөл бүрийн олон улсын үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулдаг.

Тэдгээрийн нэг нь “Cinemalaya” олон улсын кино наадам. Энэхүү кино наадмыг Засгийн газраас сан бүрдүүлж, санхүүжүүлдэг. Сангаас нь жил бүр 10 кино зохиолын төсөл шалгаруулж, 50 хувийн санхүүжилт олгох зарчмаар уран бүтээлчдээ дэмжиж ажилладаг нь их зөв санагдсан. Өөрөөр хэлбэл, уран бүтээлчид кино бүтээх зардлынхаа 50 хувийг улсаасаа, үлдсэнийг нь өөрсдөө олдог гэсэн үг. Гэхдээ зүгээр 10 төсөл шалгаруулаад, санхүүжилтийг нь өгөөд орхичихдоггүй. Шалгарсан төслийнхөө уран бүтээлч бүрд чиглэсэн сургалтыг бүтэн жилийн турш явуулдаг.

Тухайлбал, жүжигчин, найруулагч, оператор, зураглаач гэх мэтчилэн хүн бүрийг сургалтад хамруулах ажлыг Засгийн газраас нь зохион байгуулна. Энэ маягаар дутууг нь нөхөж сайжруулдаг. Энэ нь анх кино хийж байгаа, хийхийг хүсэж байгаа хүмүүст маш том дэмжлэг болдог. Харин жилийн дараа Засгийн газраас нь шалгалт авч байгаа юм шиг шалгарсан 10 киногоо дэлгэцнээ гаргаж, үзэгчдийг хүртээл болгодог.

Ийм л бодлого хэрэгжүүлж, уран бүтээлчдээ дэмждэг юм билээ. Энэ бодлого нь ялангуяа шинэ залуу уран бүтээлчдийг ахиж, дэвшихэд нь маш том дэмжлэг болдог юм шиг санагдсан. Нөгөөтээгүүр уран бүтээлчдийнхээ сэтгэхүйг хязгаарладаггүй юм билээ. Кино зохиолд ямар нэгэн аллага, хүчирхийллийг тусгахыг хориглодоггүй. Уран сайхны байдлаар юуг л бол юуг үзүүлж болно гэдэг.

Маш чөлөөтэй, хязгаарлахгүйгээр гаргадаг. Ингэснээр уран бүтээлчдээ дэмжиж, үзэгчдийг ч татаж чадсан. Анх үзэгч байхгүй, их л хэцүү байсан боловч цаг хугацаа өнгөрөх тусам үзэгчидтэй болж чадсан юм байна лээ. Энэ удаагийн кино наадамд оролцсон уран бүтээлийг ч оюутан залуус сонирхож, маш их үзэж байсан. Энэ жил “Хүндлэл” нэртэй кино тэргүүн байранд шалгарсан.

Бас нэг таалагдсан зүйл гэвэл, кино наадамд тэргүүн байр эзэлсэн уран бүтээлчдийнхээ цаашдын ажлыг нь дэмжиж, тодорхой хэмжээний мөнгөн урамшуулал олгож байсан. Мөн “Cinemalaya 2017” кино наадмын шагнал гардуулах ёслолын үйл ажиллагааны үеэр 2019 онд дэлгэцнээ гарах кино зохиолын төслийг шалгаруулсан.

-Таван орноос Монгол киног олон улсын кино наадамд оролцуулах урилгатай ирсэн гэж сонссон. Ямар ямар улсаас урилга авав?

-Аливаа олон улсын шинж чанартай кино наадам гэдэг өөрийн орны киног дэлхийн төвшинд хаана явж байна вэ гэдгийг мэдэж, шалгах боломж байдаг. Магадгүй би монгол кино наадмыг шүүвэл арай өөр өнцгөөс харна. Илүү таньдаг жүжигчнээ онцолж харах аль эсвэл энэ сайн найруулагч гэдэг өнцгөөс харах болов уу, монгол хүн учраас.

Харин огт өөр соёлтой, өөр иргэншилтэй улсын тухайн салбараар мэргэшсэн хүмүүс ирээд киног нь шүүвэл чин шударгаар шүүх боломжтой. “Cinemalaya 2017” наадмын үеэр Сингапур, Хонгконг, Токио, Филиппин, Индонез улсын шүүгчидтэй хамтарч ажиллах боломж олдсон юм. Тэд монгол киноны талаар “15-20 жилийн өмнө та нар их идэвхтэй байсан. Сүүлийн үед сураггүй болсон байна. Дараа дараагийн кино наадамд монгол киног явуулаарай” гэж хэлсэн.

Кино наадам гэдэг өнөөдөр киногоо явуулаад маргааш бүтчихдэг зүйл биш. Зургаан сараас нэг жилийн өмнө төлөвлөсний үр дүнд явуулдаг. Цаг хугацаа шаардагдсан ажил учраас 2018- 2019 онд үр шим нь гарах байх.

-Олон улсын кино наадам Монгол Улсаа бусад оронд сурталчилж, таниулах нэг гарц болов уу гэж харж байна. Манай улсад Япон, Солонгос, Чех киноны өдрүүд гэж болдог шүү дээ. Үүнтэй адил манай уран бүтээлчдийн кино ч өөр бусад орнуудад гарвал Монголын соёл, аж амьдрал, хөгжлийг сурталчилна шүү дээ. Энэ талаар ямар бодолтой байдаг вэ? 

-Энэ бол маш их боломжтой зүйл. Манай улсад Соёлын яам байдаггүй. Элчин сайдын яамдууд тухайн улсдаа Монгол орноо сурталчлах үүрэг хүлээдэг. Тиймээс Монгол киноны болон соёлын өдрүүдийг оршин суугаа улсдаа зохион байгуулаасай гэж боддог. Гэхдээ хийе гэхээр манай улсад тогтолцоо нь байдаггүй л дээ. Боловсролын яам, Соёлын газартаа ханддаг ч Соёлын газар нь кино уран бүтээлчидтэйгээ харьцах агентлаг нь байдаггүй.

Шууд киногоо үзүүлье гэхээр хаана, ямар зорилгоор гаргах нь мэдэгддэггүй. Энэ тогтолцоо тодорхой байсан бол илүү хамтын ажиллагаатай ажиллах боломжтой. Миний хувьд Монголын соёл урлагийг сурталчлах зорилготой “Соёлын дистрибьютер” гэдэг компани үүсгэн байгуулсан. Шүүх, олон улсын кино наадамд явуулах үйл ажиллагаа давхар хийж байна.

-Сүүлийн үед зарим хүмүүс Монголд алтан үеийнхний кино зохиолыг гүйцэхээр сайн зохиол алга, илүү муу зүйлсийг залууст сурталчилж байна гэж ярьдаг. Одоогийн кино зохиол үнэхээр муу байна уу?

-Би энэ талаар арай өөр байр суурьтай байдаг. Өнгөрсөн үе гоё, одоо үе муу. Тэр үеийнхэн сайн жүжигчин байсан, одоогийн жүжигчид хэрэг алга гэдэг. Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй шүү дээ. Үе үеийн залуусын хүсэл сонирхол өөр байдаг. Тухайлбал, Холливудын киноны стандарт гэхэд нэг сайн залуу зовлонд учраад сайн үйлийн төлөө явдаг.

Бүр эцэст нь тулгавал сүүлд нь нэг баатар гарч ирээд авардаг. Ийм ритмтэй кино үзсээр байгаад сурчихсан. Гэтэл солонгосчууд гэхэд уянгын халил ихтэй кино хийдэг. Тэгэхээр лам ламын уншлага өөр гэдэг шиг юу ч байж болно. Энэ дундаас шалгарч гарч ирэх нь ирээд бусад нь цагийн аясаар үгүй болно. Хамгийн гол нь мэргэжлийн хүмүүс маань л энэ салбартаа үлдээсэй гэж би хүсдэг.

-Одоогийн кино урлагт, уран бүтээлчдэд хамгийн шаардлагатай байгаа зүйл нь юу байна вэ?

-Би Монгол Улсад Киноны тухай хууль бий болоосой гэж хүсдэг. Гэхдээ хориглох биш, дэмжих хууль гараасай гэж боддог. Ер нь кино гэдэг маш их үзэл суртлыг түгээдэг зэвсэг учраас хамаагүй болж, бүтэхгүй зүйлийг сурталчилж, түгээн дэлгэрүүлэх аюул байдаг л даа. Мөн манай улс том соёлын нөлөөнд хэтэрхий их автаж байна. Эхлээд орос, дараа нь Холливудын кино их гарсан. Тэгээд Хонгконг, Солонгос кинонд үзэгчид орсон.

Одоо зурагтаа асаагаад харахаар суваг бүрээр хятад кино гарч байна. Энэ нь цаагуураа соёлын дархлаа гэдэг зүйлийг устгадаг. Тийм учраас Соёлын яамаа байгуулаад, Киноны тухай хуулийг батлаад өгөөч гэж хүсмээр байна.

-Засгийн газраас монгол киног дэмжинэ гэж ярьдаг ч бодит байдал дээр хэрэгждэггүй. Монгол киног дэлхийд гаргахад ямар асуудал тулгарч байна вэ. Нэг үеэ бодвол монгол кино олон улсын наадамд оролцож байна. Гэхдээ тийм ч амар гарчихдаггүй болов уу?

-Манай улсын мэргэжлийн уран бүтээлчид олон улсын наадамд оролцоход дансандаа мөнгө байршуулдаг. Уран бүтээлчид мөнгөө байршуулчихдаг. Харин чөлөөт уран бүтээлч гэхээр түүнийгээ батлаад ир гэдэг. Энэ хүн чөлөөт уран бүтээлчээр ажилладаг гэдгийг батлах ямар ч газар байдаггүй. Нийгмийг хаашаа явахыг залдаг хэсэг бүлэг хүмүүс байна.

Тэднээс татвар аваач, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэж өгөөч. Тоглолт зохион байгуулаад, кино бүтээгээд хаанаас хэдэн төгрөгийн орлого олж байгааг хянадаг болмоор байна шүү дээ. Зүгээр л чөлөөт зах зээл гээд мөнгө эргэлддэг. Мөнгөний хажуугаар сайн, муу зүйл олон байна.

-Манай улсад кино бүтээлээ гэхэд ямар ч татвар төлдөггүй гэсэн үг үү? 

-Яах вэ, театр, компанитайгаа хамтран ажилладаг. Гэхдээ тухайн уран бүтээлч кинонд тоглолоо гэхэд хэдэн төгрөгийн гэрээ хийж байгааг батлах газар байхгүй. Хэрвээ батлаад, татвар төлчихдөг байсан бол тухайн хүнийг “Энэ хүн бол чөлөөт уран бүтээлч. Тэндээс олсон орлогоороо нийгмийн даатгалаа төлдөг” гэх мэтчилэн батлагдах боломж нь байдаг. Нэг нь ч төл гэдэггүй, нөгөөдөх нь ч төлдөггүй. Эргээд гадагшаа гарах гэхээр нийгмийн статус нь их саад болдог.

Зураг